
“Амьд байхын утга учир чухам юу вэ гэж үү? Би энд юу ч хийхгүй бүх л өдөржин суудаг” хэмээн өгүүлж байсан Йоханна Мазибуко 128 насандаа таалал төгсчээ. Тэрээр дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй хэмээн нэрлэгддэг байсан юм.

Түүний ойр дотны хүмүүсийн мэдээллэж буйгаар Мазибуко сургуульд яваагүй тул уншиж, бичиж чаддаггүй нэгэн байжээ. 1894 онд төрсөн гэдгийг нь нотлох цор ганц баримт нь түүний иргэний үнэмлэх байсан гэдэг.

12 хүүхэдтэй айлын ууган охин болон мэндэлсэн түүний 3 дүү өдгөө амьд сэрүүн байгаа аж. Тэрээр хүүхэд насаа дурсан ярихдаа “Фермерийн гэр бүлд өсч торнисон маань эрүүл бие бялдартай байх шалтгаан болсон биз ээ. Хөдөө нутагт цэвэр сүү, зэрлэг бууцайгаар хооллож өслөө. Хааяа тэр орчин, тэр хоолыг үгүйлдэг” хэмээн ярьж байв.

Тэрээр залуу насандаа бэлэвсэрч хоцорсон фермер эртэй гэрлэн элэг бүтэн амьдрал бүтээж, 7 хүүхдийн эцэг эх болсон ажээ. 7 хүүхдийн 2 нь өдгөө амьд сэрүүн байгаа бөгөөд нийт 50 гаруй ач, зээ нартай аж.

Өнгөрсөн жил 128 насныхаа төрсөн өдрөөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр нэгэн цагт ойр дотно байсан бүхэн нь амьдралын жамаар тэнгэрт хальсан ч тэр бүхнийг нүдээр үзэж, биеэр эдлэх хувь тохиол яагаад надад оногдсон юм бол хэмээн гайхдаг талаараа өгүүлж байжээ. Өөд болохоосоо хэдэн долоо хоногийн өмнө тэрээр цус харвалт оноштойгоор эмнэлэгт хүргэгдэж, 2 долоо хоног эмчилгээ хийлгэж гэртээ гарсан ч 3 хоногийн дараа амьсгал хураасан юм.







