Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт

1

Хокинг дөнгөж 20 нас хүрэхэд хажуугийн хатингаралт хатуурал (амиотроф латерал склероз) өвчний шинж тэмдэг илрэх болж, улмаар бие нь саажсан байна. Эрдэмтний бие бараг бүхэлдээ саажиж, эд эрхтнээ хянах чадвараа алдсан ч эмч нарын хэлснээс хавьгүй урт насалж байна. Ийм хүнд байдалтай хэрнээ шинжлэх ухааны салбарт томоохон амжилт гаргаж чадсан нь хүний оюун, сэтгэлийн тэнхээ хязгааргүй их болохын тод жишээ юм.

Стивен Хокинг – орчин цагийн онолын физикчдийн томоохон төлөөлөл. Кэмбрижийн их сургуульд Лукасын нэрэмжит математикийн профессор байсан бөгөөд 1663 оноос хойш ердөө 19 эрдэмтэн энэ албыг хашиж байсан гэдгээс үзвэл хэр нэр хүндтэй ажил болох нь илэрхий юм.

Тоймгүй олон шагнал авсан бөгөөд сүүлийнхээс нь дурдвал, Ерөнхийлөгчийн олгодог Эрх чөлөөний одон (2009 он), Суурь физикийн шагнал (2013 он), BBVA Foundation Frontiers of Knowledge Awards-ын шагнал (2015 он). Аваагүй цорын ганц шагнал нь бараг Нобелийн шагнал биз ээ.

Нэрт эрдэмтний талаар илүү ихийг дараах мэдээллээс уншаарай.

Төрсөн өдрийнх нь тухай

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 1

Стивен Хокинг 1942 оны нэгдүгээр сарын 08-нд төрсөн. Энэ өдрөөс яг 300 жилийн өмнө суут одон орон судлаач, физикч, математикч, инженер Галилео Галилей нас баржээ. Ийнхүү нэгдүгээр сарын 08-ны өдөр нэгэн агуу оюун ухаан бөхөж, бас нэгэн агуу онолын физикч, математикч, одон орон судлаач мэндэлсэн байна. Энэ өдөр мөн Элвис Прэсли, Ким Чин Ун нар төржээ. Харин 1902 оны энэ өдөр Нью-Йорк хотод олон нийтийн газар сээтгэнэхийг хориглосон хууль гарсан аж. Ийм л сонин өдөр юм байна.

Хокинг чинээлэг биш гэр бүлд төрсөн

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 2

Өнөөдөр Стивен Хокингийн өмч хөрөнгө 20 сая орчим доллараар үнэлэгдэнэ. Өөрийн гараар баялаг бүтээсэн бусад саятнуудын адилаар Хокинг баян тансаг бус айлын хүү болж мэндэлж, бүх амьдралаа өөрийн чадвараар бүтээн босгожээ. Тэрээр Оксфордод төрсөн бөгөөд эцэг эх нь эрүүл мэндийн төвд ажилладаг, сэхээтэн хүмүүс байв. Найман настайд нь тэднийх Оксфордоос Сент-Олбанс руу нүүж, бүхэлд нь засварлах шаардлагатай хямдхан байшинд суурьшсан ч засвараа хийж чадаагүй ажээ. Гэр бүлийн авто машин нь Лондонгийн хуучин такси байсан гэнэ.

Багадаа охидын сургуульд явдаг байв

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 3

Орчин үеийн хөвгүүнийг охидын сургуульд өгчихвөл ямар хэцүү байхыг нь төсөөл дөө? Долоо хонох ч хэцүү. Гэхдээ өсвөр насны хүүд бол харин аятайхан байж мэднэ. Сонголт арвин, өрсөлдөгч байхгүй. Харин тухайн үед жижиг хөвгүүдийг охидын сургуульд өгөх нь түгээмэл явдал байж. Тэгээд эцэг эх нь арай зайдуу орших холимог сургуульд хүүхдээ явуулах мөнгөгүй байснаас Хокинг “St. Albans High School for Girls”-д явах болжээ. Гэхдээ өөр хөвгүүд бас сурдаг байсан тул охидод зориулсан сургууль түүнд сөргөөр нөлөөлөөгүй гэнэ.

Эхэн үедээ дунд сурлагатан байжээ

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 4

Өнөөдрийн Стивен Хокингийг агуу эрдэмтэн гэдгээр нь мэддэг, хүмүүс түүнийг сургуульд орсон цагаасаа л гялалзсан сурагч байсан биз гэж бодож таарна. Гэтэл үнэн хэрэгтээ онц сурлагатан биш, дунд ба дундаас ч доош дүн авдаг хүүхэд байжээ. Найман нас хүртлээ уншиж сураагүй, тахианы савраар бичсэн аятай тахир муруй бичигтэй, өөрийнх нь хэлснээр залхуу, цэгцгүй хүүхэд байсан гэнэ. Гайхалтай нь, ангийн нөхөд ба багш нар нь шоолсондоо юу, эсвэл түүнд ямар нэгэн гоц зүйл байгааг анзаарсных уу, юутай ч түүнийг Эйнштэйн гэж хочилдог байв. Тэнэг, ойлгоц удаандаа биш, харин болж байгаа зүйлд онцгой анхаарал хандуулдаггүй байснаас ийнхүү муу сурч байсан бололтой. Анхаарал хандуулдаг болмогцоо гойд ялгарч эхэлжээ.

Оксфордод маш өндөр дүнтэй элсэв

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 5

Ахлах ангидаа Хокинг сурлагадаа их анхаарч, ялангуяа байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийг сайн судалжээ. Хамгийн их амжилт гаргасан нь физикийн хичээл. Дунд сургуулиа гайхам сайн сурч төгсөв. Оксфордод элсэхийг хүсэж байсан бөгөөд үүний тулд тэтгэлэг авах хэрэгтэй, эцэг эх нь их сургуулийн төлбөр төлөх боломжгүй байлаа. Элсэлтийн шалгалтаа гоц сайн дүнтэй өгч, ялангуяа физикийн шалгалт дээр цойлж гарчээ. Их сургуулийн эхний хоёр жил уйтгартай өнгөрсөн гэж тэр дурсдаг бөгөөд зааж байгаа хичээлүүд нь дэндүү амархан байсан гэнэ.

Оксфордын Их сургуулийн сэлүүрт завины багийн гишүүн байжээ

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 6

Хокингийг бага мэддэг хүмүүс түүнийг төрөлхийн саажилттай гэж боддог. Гэтэл залуу насандаа тун идэвхтэй, биеийн тамираар байнга хичээллэдэг, 20 нас хүртлээ ямар ч хүндрэл саадтай учирч байгаагүй хүн аж. Их сургуульд сэлүүрт завины багт хичээллэж, найзуудтайгаа бүжгэнд орж, сонгодог хөгжмийн концерт үзэх дуртай байжээ. Хичээл номондоо түүртэж цаг үрдэггүй байсан тул хүмүүстэй харилцаж, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөхийг хичээсээр оюутнуудын дунд нэрд гараад авсан байв. Эхний эхнэртэйгээ энэ үед л танилцжээ.

Эмч нар түүнийг 24 ч наслахгүй гэж байлаа

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 7

Өвчний анхны шинж тэмдгийг эмч нар 1963 онд илрүүлж, хоёр жил гаруйн нас үлджээ гэж түүнд дуу нэгтэй хэлэв. Гэвч аз болоход тэдний буруу байжээ. Одоо Хокинг 74 настай, эмч нарын заасан хугацаанаас даруй 50 жил илүү амьдраад байна. Өвчний улмаас бүрэн саажиж, хацарны булчингийн хөдөлгөөнийг мэдэрч ажилладаг компьютер програмын тусламжтайгаар тэр бусадтай харьцдаг юм.

Хокинг ертөнцтэй компьютерээр дамжуулж харьцдаг

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 8

1985 онд Стивен Хокинг уушгины хүнд үрэвсэл тусаж, улмаар хоолойдоо гуурс тавиулан ярих чадвараа алджээ. Ингээд 24 цагийн асрагч хэрэгтэй болсон бөгөөд энэ эмэгтэй хожим түүний хоёр дахь эхнэр болсон байна. Ярьж чадахаа болиод Хокинг нүүрний хөдөлгөөнөөр харилцаж байх арга олов. Хэрэгтэй үсгийг нь хэлэхэд хөмсгөө өргөнө. Энэ маягаар үг бүтнэ. Дараа нь баруун гарын долоовор хурууны хөдөлгөөнийг нь мэдэрч дуу гаргадаг “Эквалайзер” төхөөрөмжийг түүний найзууд бэлэглэжээ. Харин долоовор хуруу нь хөдлөхөө болиход уг төхөөрөмжийн мэдрэгчийг хацартаа наасан байна. Энэхүү төхөөрөмжийн 3000 гаруй үг, хэлцүүд дотроос үсэг, үг, өгүүлбэр сонгож болдог.

Бооцоо тавьж чаддаггүй

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 9

Янз бүрийн тоглоомд мөрий тавьж их хэмжээний мөнгө олдог хүмүүс бий. Гэхдээ ихэнх хүмүүст аз таардаггүй шүү дээ. Стивен Хокинг казино ордоггүй, спортын уралдаан тэмцээнд ч бооцоо тавьдаггүй хүн боловч нэг удаа яалт ч үгүй мөрийцөөд хожигджээ. Энэ бол сансрын хар нүхний тухай маргаанд тавьсан мөрий юм. Тэрээр Хун Х-1 объектийн шинж чанар, цацрагийн талаар өөрийн найз, одон оронч, физикч Кип Торнтой маргалдсан байна. Ингэхдээ Хокинг үүнийг хар нүх мөн гэсэн бол Кип Торн эрс эсэргүүцэж байв. Тэд сэтгүүл захиалах эрхээр мөрийцөж, хэрэв Хокинг ялбал Private Eye шог сэтгүүлийн дөрвөн жилийн захиалга хийх эрх, харин Торн ялбал Penthouse эротик сэтгүүл захиалах бүтэн жилийн эрх авах болжээ. Удаан хугацаанд үргэлжилсэн мөрий бөгөөд Хокинг эцэст нь ялагдлаа хүлээж, Торнд Penthouse захиалж өгсөн гэнэ.

Исаак Ньютоны хашиж байсан албыг хаав

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 10

Өөрийн цаг үеийн сор болсон эрдэмтэн, шинжлэх ухааны салбарт асар том хувь нэмрээ оруулсан Ньютоныг физикийн шинжлэх ухааны эцэг хэмээн зүй ёсоор өргөмжилдөг. Тэр үеийн хязгаарлагдмал боломж, техник төхөөрөмжийн дутмаг байдалд яаж Ньютон зэрэг эрдэмтэд урагшлан дэвжиж чадсан нь гайхмаар. Ноён Исаак Ньютон Кэмбрижийн их сургуульд Лукасын нэрэмжит математикийн профессор гэсэн хүндэт албыг хашиж байв. Тэрээр энэ албан тушаалд сонгогдсон хоёр дахь эрдэмтэн юм. Стивен Хокинг 67 насандаа тэрхүү эрхэм тушаалд сонгогдсон бөгөөд энэ суудалд өмнө нь сууж байсан хүмүүс бол яг түүний адил ховорхон чадвартай эрдэмтэд билээ.

Хоёрдугаар пап Иоанн Павел түүний ажлыг үнэлж байсангүй

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 11

Ноён Исаак Ньютон бурханд итгэдэг, теологи буюу ертөнцийн эзний тухай сургаалийг судалдаг байсан бол Хокинг шашингүй үзэлтэй, шашны итгэл үнэмшилд харшлах Их тэсрэлтийн онолыг баримтлагч юм. 1981 онд Ватиканд болсон сансар судлалын бага хурлын үеэр Хокинг, II Иоанн Павел нар уулзаж цөөн хэдэн үг сольсон бөгөөд пап лам ертөнцийн үүслийн талаарх Хокингийн үзэл бодлыг буруушаасан гэнэ. Пап лам сансар судлал, шинжлэх ухааны судалгаа шинжилгээг огт эсэргүүцдэггүй ч, хамаг амьдрал юунаас эхэлснийг сансар судлаачид огт өөр өнцгөөс тайлбарладгийг сайшаадаггүй байсан аж. Хокингийн хэлснээр, тухайн үед II Иоанн Павел түүнд Их тэсрэлтийн онолд хэт автах хэрэггүй, энэ бол “үүслийн эх” тул бурхны хэрэг юм гэжээ.

Зурагтынхан түүнд дуртай

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 12

Орчин үеийн онолын физикчдийн талаар бид тун бага мэднэ. Тэд зурагтаар бараг гардаггүй, гарсан ч цөөн тооны үзэгч л сонирхоно. Харин Стивен Хокинг бол нэрт эрдэмтэн төдийгүй хэвлэл мэдээллийн од юм. Янз бүрийн шоу, ялангуяа шинжлэх ухааны сэдэвтэй ток-шоунд оролцож, хэд хэдэн кинонд тоглоод авчээ. “Симпсоныхон”, “Оддын зам”, “Их тэсрэлтийн онол” зэрэг шоунд олон удаа оролцсон, мөн зурагтын сурталчилгаанд тоглосон байна.

Сайн дураараа үхэл сонгохыг дэмждэг

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 13

Эдгэршгүй өвчтэй хүмүүс цаашид амьдрах эсэхээ өөрөө шийдэх асуудал маш их маргаан дагуулдаг. Зарим хүмүүс үүнийг аллагатай ижил, хүнлэг бус явдал гэдэг. Гэтэл эдгэрэх боломжгүй хүмүүсийг тарчлаах нь бүр ч аймшигтай гэж үздэг хүмүүс бас байна. Стивен Хокинг өөрийн туршлагаас өвчин шаналал гэж юу болох, эдгэршгүй өвчин гэж юу байдгийг мэдэх тул энэ талаар саналаа хэлэх бүрэн эрхтэй хүн юм.

Тэр хоёр удаа гэрлэжээ

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 14

Стивен Хокинг 1965 онд анхны эхнэр Жейн Хокингтой эгчээрээ дамжуулж танилцжээ. Тэд бие биедээ дурлаж, хэдийгээр эмч нар Хокингийг хоёр жил гаруйн настай үлдсэн гэж байсан ч, гэрлэхээр шийдсэн байна. Жейн түүний амьд явах шалтгаан болсон гэж эрдэмтэн одоо дурсдаг. Тэд хамтдаа удаан амьдарч гурван хүүхэд өсгөжээ. Гэвч жил ирэх тусам Стивений биеийн байдал улам муудсаар байсан нь нэг л өдөр тэднийг салахад хүргэв. Жейн өөр эрд сэтгэлтэй болж, 1995 онд гэр бүлээ цуцлуулсан байна. Хэсэг хугацааны дараа Стивен өөрийн асрагч Элейн Мэйсонтой гэрлэсэн ч 2006 онд мөн салсан. Хокинг энэ тухай дурсах дургүй.

Тэр харь гаригийнхан байдагт итгэдэг

Стивен Хокингийн тухай сонирхолтой 15 баримт 15

Олон хүн харь гаригийнханы тухай яриаг үлгэр домог гэж боддог бол Стивен Хокинг сансар огторгуйн хаа нэгтээ, өндөр хөгжилд хүрсэн харь соёл иргэншил байх магадлал бий гэж үздэг. Түүнчлэн, хэзээ нэгэн цагт эдгээр өндөр хөгжилтэй харь гаригийнхан нисэн ирж дэлхийгээс хүн төрөлхтнийг арчин хаях вий гэж айдаг ажээ. Тэгээд ч бидэнд мэдэгдээд байгаа сансар огторгуйн ойролцоо хэмжээг тооцож үзвэл өндөр хөгжилтэй ч бай, буурай хөгжилтэй ч бай, харь гаригийн амьдрал байх боломж үнэхээр өндөр юм. Яагаад гэвэл сансар огторгуйн уудам зайд манай дэлхийн эзлэх хэмжээ нь далайг ганцхан дусал устай жишсэнээс ч хавьгүй бага, бүр дэндүү бага билээ.

20
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oyunchimeg Brückner Vangan

    Oyunchimeg Brückner Vangan

    2016/11/15 at 01:39

    Mein Idol ???????

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *