Сонирхолтой байдлаар турсан хүмүүс

0

Хэрэв та гэнэт биеийнхээ илүүдэл хэсгээс салахаар шийдсэн бол – фитнесст бүртгүүлж, өглөө гүйхдээ өмсөх хөнгөн кет авах, гэмгүй муусайн шувууны цээж махаар дэглэм барихаа түр азнаарай. Ингэж турахаар шийдсэн хүмүүсийн 15% нь л өөрийгөө тарчлаан байж үр дүнд хүрдэг бөгөөд үлдсэн 85% нь тэсэлгүй энэ бүхнээ орхиод, тарга тэвээргээ хадгалан урт насалж удаан жаргадаг гэсэн статистик мэдээ байна. Үнэхээр сайн тураадаг, маш өндөр үр дүнтэй дараах дэглэмүүдийг танд санал болгоё. Сэтгэлийн тэнхээ шаардахгүй, огтхон ч зовоохгүй дэглэмүүд шүү. Аяндаа л тураад ирнэ. Өөрт тохирох аргыг сонгоод урагшаа!

Даарах ба өлсөх

Үр дүнтэй тураах дэглэмүүд 1

1997 онд америкийн уулчид Жим Уилсон, Жим Блоу нар Аляскийн зүүн хэсгийн оргилд авирахаар гарчээ. Уулсын оргил тэднийг 45 м/с хүртэл хурдтай цасан шуургаар шуурч угтсан гэнэ. Уилсон, Блоу хоёр 3500 метрийн өндөрт авираад, цааш явж чадахгүй зогсохоос өөр аргагүй болов. Мөсөн дээр майханд 10 хонохдоо хоол хүнсээ хэмнэж, спирт ууж дулаацсаар амьд мэнд гарчээ. “Хэрэв таниас цасан шуургатай амь дүйн тэмцэж байгаа хүн юу мэдэрдгийг асуувал “Уйддаг юм” гэж хэлээрэй. Майханд давчуу, Жим автын механикаар Аризонад хэрхэн ажиллаж байснаа байнга ярина. Энэ хугацаанд би 40 фунт (16.3 кг) турж билээ. Хоол дутагдсанаас болсон уу, эсвэл Жимийн ярианаас залхаж турсан уу, сайн мэдэхгүй байна” хэмээн Уилсон ярьжээ.

Саран дээр хүн яагаад бага жин татдаг вэ?

Үр дүнтэй тураах дэглэмүүд 2

1970 онд америкийн сансрын Аполлон хөлгийн багийнхан сар луу ниссэн. 6 хоногийн хэт ачаалал, жингүйдэл, хүйтэн хот-дог болон жимсний шүүсээр хооллох, шар айраг уух боломжгүй зэргээс шалтгаалан дунджаар хүн тус бүр 8 кг жин хаяж байжээ.

Тураадаг дур хүсэл

Үр дүнтэй тураах дэглэмүүд 3

Армений иргэн, 20 настай Гор Азарян гэгч залуу, эцэг эхийнхээ шахалтаар тэдний найзын охинтой гэр бүл болжээ. Тэрээр өөр бүсгүйд хайртай байсан боловч сэтгэл зүрхээ биш аав ээжийн шийдвэрийг ийнхүү дагасан аж. Хуримын анхны шөнө хархүүгийн бие муудаж, түргэн тусламж дуудан ходоодоо угаалгахад хүрсэн гэнэ. Үүнээс хойш түргэний эмч нар Азаряны гэрт бараг өөрийн хүмүүс болжээ. Учир нь эр нөхрийн үүргээ гүйцэтгэх болонгуут Горын шөрмөс татаж, бөөлжиж эхэлдэг. Хуримаа хийгээд 1 сар өнгөрөхөд тэр 18 кг турсан бөгөөд эхнэртээ хүрч чадаагүй ажээ. Ингээд гэрлэлтийн гэрээний нөхцлийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрлэлтийг шүүхээс цуцалсан байна.

Цэнхэр тэнгист цагаан хөлгөөр алсыг зорин хөвнө би

Үр дүнтэй тураах дэглэмүүд 4

Магаданы загасчин Андрей Тимченко хагарсан мөсөн дээр тэнгисийн мандалд 9 хоног хөвжээ. Аврах багийнхан түүнийг хурдан олох байсан ч, эхнэр нь дуртай зүйлээ хийж яваа нөхөртөө саад болохгүй гэж 7 хоног хүлээхдээ түүнийг сураггүй алга болсон хэмээн мэдэгдээгүй байна. Андрейн хүнс гэвэл гаатай чихэр нэг уут, загас барих амьд өт хэдхэн ширхэг байв. Нэхий дээл, эсгий гутал ч түүнийг тэсгим хүйтнээс олигтой хамгаалаагүй тул аврах багийнхан очиход аль хэдийн ухаангүй байсан гэнэ. 3 сарын дараа эмнэлгээс гарахдаа 31 кг хассан бөгөөд ахиж загасны тухай ярих хүсэлгүй болсон ажээ.

Цөлд мацаг барих

Үр дүнтэй тураах дэглэмүүд 5

1999 онд америкийн гал сөнөөгч Роберт Богуцкий гэнэт гэгээрэхээр шийдсэн байна. Амралтаараа найз бүсгүйн хамт Австралид явж байхад нь энэ санаа түүнд төрсөн ажээ. Ингээд бүсгүйдээ “Миний амьдрал, бодол санаа нүглээр дүүрэн” гэж хэлээд Их цөлийг зорин гарсан гэнэ. “Ийнхүү түүнийг хэн ч дахин хараагүй юм гэдээг” гэж төгсөх байсан ч Богуцкийд аз тохиож, байрласан зочид буудлаасаа 340 км-ийн зайд, хуурай цөл дунд 40 хоногийн дараа олджээ. Бодол санаагаа ариусгаж чадсан эсэхийг нь мэдэхгүй ч, цөлийн ургамал, шавартай заваан усаар голоо зогоосоор 26 кг турсан гэдэг. Түүнийг эмнэлгээс гаргаад шууд гэр рүү нь буцаасан бөгөөд Австрали тивд ахин хөл тавихгүй байхыг хүсжээ. Түүнтэй түүнгүй өөрсдийн зэрлэг хүмүүс тэнд хангалттай.

Цахлайн махаар дэглэм барих

Үр дүнтэй тураах дэглэмүүд 6

69 настай Ричард ван Фам 2002 онд Калифорниос дарвуулт завиараа Каталина арлыг зорин гарчээ. Гэтэл замд нь хүчтэй шуурга дайрч, 26 футын дарвуулт завийг сүйтгэх шахсан бөгөөд мотор нь эвдэрч, радио холбоо нь ч ажиллахаа больсон байна. 3 сарын дараа Коста-Рикагийн эрэг дагуу явж байсан цэргийн хөлөг онгоц далайд хөвж яваа дарвуулт завийг олжээ. Ричардын бие идээлж шархалсныг эс тооцвол бараг эрүүл байсан бөгөөд борооны ус, загас, яст мэлхий, цахлайгаар /загасны дэгээгээр барьсан/ өл залгасаар 20 кг турсан байв. Түүний үзэж туулсан энэ бүхэн сэтгэцэд нь нөлөөлсөн бололтой. Гэртээ буцаж ирээд Ричард өвөө Холливудыг зорьжээ. Тэрээр аяллынхаа тухай кино зохиол бичихээр зориг шулуудсан ба эргээд хэвэндээ орохоосоо өнгөрсөн байна.

Сая долларын хоолны дэглэм

Үр дүнтэй тураах дэглэмүүд 7

Оросын НТВ телевизийн зураглаач Влад Черняев 1997 онд хамтран ажилладаг сурвалжлагч Ильяс Богатыревын хамт Чеченьд барьцаалагдаж, газар доорх харанхуй нүхэнд бүтэн сарын турш хоригдсон юм. Тэдэнд хааяа талх хаяж өгөхдөө, хэрэв НТВ тэдний төлөө мөнгө төлөхгүй бол хэрхэн удаан тарчилгаж алах тухайгаа бах тав болгон ярьдаг байсан гэнэ. 16 кг турсан Влад, тас харанхуйд удсанаас бараг сохорсон Ильяс хоёрыг НТВ нэг сая доллараар суллуулсан юм.

130 км/цагийн хурдтай турцгаая

Үр дүнтэй тураах дэглэмүүд 8

2002 оны зун Москва хотын иргэн Денис Куликов зуслан өөдөө явжээ. Зуслан дээр нь түүнийг юу гээчийн сэтгэл догдлом сайхан зүйл хүлээж байсныг бид мэдэхгүй юм. Юутай ч, Денис 130 км/цаг хурдтай гишгэсээр замын хажуугийн хашлага мөргөжээ. Эмнэлэгт Денисийг бүтэн гипсдэж боогоод 5 долоо хоног хэвтүүлж эмчилсэн байна. Эрүүг нь бэхэлж үдсэн төмөр үдээсний завсраар шөл сордог байсан бөгөөд гипсийг нь задлахад гоолиг гэж жигтэйхэн, хавирга нь зурайсан залуу гарч иржээ. “Шорлог идмээр санагддаг байсан. Шаргалттал шарсан мах нүдэндээ төсөөлдөг байлаа. Даанч идэх шорлог нь байлаа гээд юугаар ч идэх аргагүй.” гэж Денис ярьжээ.

Хуучин худгийн нууц

Үр дүнтэй тураах дэглэмүүд 9

Польшийн Закопане хотын оршин суугч Роман Ладински нохойгоо салхилуулахаар гарчээ. Хэдэн цагийн дараа нохой нь ганцаараа эргэж ирэв. 54 цагийн дараа хамаг хэрэг ойлгомжтой болсон ба Романы гэрээс 3 км-ийн зайд барилга дээр ажиллаж байсан ажилчид, ашиглахаа больсон хуучин худаг дотроос хүн ёолж орилох дуу олж сонсжээ. Роман нохойгоо дагаж явахдаа өмхөрч илжирсэн модон таган дээр гишгэтэл доош цөмөрч, азаар хоёр хавирга нь хугараад өнгөрсөн байна. Худгийн ёроолд байхдаа залуу бараг тасралтгүй орилж тусламж дуудсан бөгөөд амралтын өдөр байсан тул бүгд гэртээ амарч таарсан үе байжээ. Хоол ундгүй, нойргүй, тасралтгүй орилвол 7 кг турж болох бололтой.

Сувилагч нар яагаад гоолиг байдаг вэ?

Үр дүнтэй тураах дэглэмүүд 10

Америкт очсон мексик бүсгүй Клаудиа Ди Гарона шүүхэд хандаж, Калифорнийн нэгэн эмнэлгийн эсрэг зарга мэдүүлжээ. Тэнд бүтэн жил асрагчаар ажиллахдаа Клаудиа 17 кг турсан нь “өвчтэй хүмүүсийг асрахаас үүдсэн сэтгэл зүйн дарамттай холбоотой” гэсэн байна. Клаудиагийн өмгөөлөгч нар “эмнэлэгт түүнийг ажилд авахдаа сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд энэ ажил нь өндөр эрсдэлтэй гэдгийг урьдчилж хэлээгүй” гэдэг дээр хатуу зогсож байна. “Өвчтөнийг усанд оруулаад ванныг угааж, дотуур хувцсыг нь сольж арчилдаг. Гэтэл өвчтөн нэг л өдөр нас барна. Хүн үхэх тоолонд би цочролд ордог байсан. Бүр хэдэн өдрөөр ч хоол орохгүй, ухаан алдаж унадаг болсон” – гэж Клаудиа ярьжээ. Хаясан 17 кг-аа тэрээр 250 мянган доллараар үнэлж байна. Энэ нь 1 кг-ийг бараг 15 мянган долларт хүргэж байна гэсэн үг юм.

 

28
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/07 at 20:09

    Фитнест худлаа мөнгө зарж байхаар. Лифтгүй 16 давхарт байр авчихвал сарын дотор маш гуалиг болно. Бодит зөвлөгөө

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *