Хөлийн чигчий хуруугаа ямар нэг зүйлд санамсаргүй цохих үед яагаад тэсвэрлэхийн аргагүй хүчтэй өвдөлт мэдрэгддэг вэ?

0

Бид бүгдэд нь санаандгүй тохиолдлоор хөлийн чигчий хуруугаа ширээний хөл, орны ирмэг зэрэгт цохиж байсан таагүй дурсамж бий. Магадгүй та ингэж цохиж үзээгүй бол тун азтай нэгэн юм. Санамсаргүй цохилт хөлийн чигчий хуруунд дэлхийн төгсгөл ирж буй мэт л маш их хүчтэй өвдөлт мэдрүүлдэг билээ. Манай сайт уншигч танд энэхүү нийтлэлээрээ яагаад тэгж их өвддөг шалтгаануудыг хүргэхээр бэлдлээ.

Хуруунуудад өвдөлт хүлээн авагч мэдрэлийн судал их байдаг

© Medeja / Depositphotos

Хүн хөл, гарын хуруунуудаараа аливаа зүйлстэй хүрэлцэж байдаг. Иймээс хуруунуудад дулаан, даралт болон орчинг мэдрэх мэдрэлийн судлууд маш их төвлөрсөн байдаг ажээ. Хуруунд мэдрэгдэж буй зүйлсийн мэдээлэл төв мэдрэлийн тогтолцоо руу маш хурдан очдог байна.

Ийнхүү хуруугаа ямар нэгэн зүйлд цохих үед цохилтын мэдээлэл хуруунд байрлах өвчин мэдрэгч мэдрэлийн судлаар дамжин тархинд хүрдэг байна. Нэгэнт өвчин мэдрэгч мэдрэлийн судлаар дамжин ирсэн мэдээлэл тул тархи үүнийг өвдөлт хэмээн хүлээн авдаг ажээ. Өвдөлт хэмээн тархи хүлээн авсан тул хамгийн түрүүнд хуруунд маш их өвдөлт мэдрэгдэж, улмаар бүх л биеэр өвдөлт тарж буй мэт маш хүчтэй мэдрэмж төрүүлдэг байна.

Энэ үеийн өвдөлт нь сэтгэл хөдлөлтэй мөн холбоотой байх бөгөөд хуруугаа цохисондоо та уурлаж уцаарласан тохиолдолд өвдөлт улам бүр хүчтэй мэт мэдрэгддэг ажээ.

 

Чигчий хуруу нь бусдаасаа илүү эмзэг бүтэцтэй байдаг

© jovannig / Depositphotos

Чигчий хуруу нь байрлал болон анатомын бүтцийн хувьд тун эмзэг байдаг ажээ. Энэ хуруу нь биеийн тулгуур хэсгийн хамгийн захад байрлалтай тул хүний хийж буй хөдөлгөөний хүч болон хурд энэ хэсэгт хамгийн хүчтэй болж ирдэг байна. Иймээс ч бөмбөг өшиглөх үед маш хүчтэй өшиглөх боломж бүрддэг, хөлөө юманд цохих үед маш хүчтэй өвдөлт мэдрэгддэг аж.

Түүнчлэн чигчий хуруунд цохилтын хүчийг багасгах өөх, булчин зэрэг хамгаалах давхарга байдаггүй билээ. Иймээс арьс болон ясны хоорондын зай ойртож, цохилтын хүч ясанд хүртэл мэдрэгдэх нөхцөл бүрддэг ажээ.

 

Хүний биологийн хувьслын явцад бидэнд уламжлагдан үлдсэн шинж тэмдэг

Чигчий хуруунд маш хүчтэй өвдөлт мэдрэгддэг өөр нэгэн шалтгаан нь өвөг дээдсээс улбаатай төрөлхийн зөн совин юм хэмээн АНУ-ын Маркеттын Их Сургуулийн Тамирчдын бэлтгэлийн хөтөлбөр хариуцсан захирал Крис Гейсэр тайлбарладаг.

Хүн төрөлхтний хөгжлийн эхэн үед автомашин, гутал зэрэг зүйлс зохион бүтээгдээгүй байхад хүмүүст хөл нүцгэн алхах шаардлага тулгардаг байсан нь мэдээж. Ийнхүү хөл нүцгэн явах нь хөлийг гэмтээх, шалбарч гадны халдвар авч амь насаа алдах эрсдэл ч үүсгэдэг байжээ. Иймээс хүний хөл аливаа аюулыг мэдэрч, урьдчилан сэргийлэхийн тулд тун мэдрэг болж хөгжсөн байх магадлалтай ажээ. Улмаар өнөө үед бидэнд тийм төрлийн аюул үгүй болсон ч өвөг дээдсээс улбаатай тэрхүү зөн совин, мэдрэг байдал нь өвлөгдөн үлдсэн гэж үздэг байна.

Дээрх шалтгаануудаас үүдэлтэйгээр чигчий хуруугаа ширээний хөл, орны ирмэг зэрэгт цохих үед тун таагүй мэдрэмж төрж, маш их өвдөлт төв мэдрэлийн тогтолцоо руу илгээгддэг байна.

 

Чигчий хуруугаараа санаандгүй юм цохисон бол гэмтэл авсан эсэхээ хэрхэн шалгах вэ?

© yacobchuk1 / Depositphotos

Ийн цохих үед маш их өвдөлт мэдрэгдэх хэдий ч удаан хугацаанд үргэлжилдэггүй. Харин зарим тохиолдолд хэт хүчтэй цохилт авснаас үүдэлтэйгээр хуруу гэмтэх, хугарах, цуурах явдал гарах нь бий. Хэрэв танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал эмчид хандахыг танд зөвлөж байна. Үүнд:

  • Өвдөлт хэдэн цагаар үргэлжлэх
  • Хуруу болон хөл хавдах
  • Цус хурснаас үүдэлтэйгээр хөхрөх
  • Хуруугаа хөдөлгөж чадахгүй байх
  • Алхах үед өвдөх
  • Хуруу хэвийн бус байрлалд орсон байх (хуруу мултарч, хугарсан байх эрсдэлтэй)

Та хөлийн чигчий хуруугаа санамсаргүй байдлаар юманд цохиж байсан уу?

31
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ariuk Ariuk

    Ariuk Ariuk

    2021/01/16 at 08:34

    kkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *