
Испанид хэн нэгэнтэй анх удаа уулзахдаа хацар дээр нь үнсэж мэндчилэх нь бүдүүлэг хэрэгт тооцогддог гэх мэтчилэн улс орон бүрт өөр өөрийн гэсэн онцлогтой соёл бий. Иймээс гадаад оронд бусдын дургүйг хүргэж, ундууцлыг төрүүлэхгүйн тулд та тухайн улсын соёлын талаар мэдээлэл авч, дасан зохицох шаардлагатай байдаг. Манай сайт уншигч танд зарим улс орнуудын сонирхол татам бөгөөд хачирхалтай уламжлалуудаас толилуулж байна.
1. Чилид гараараа хоол авч идэх

Чили улсад хоолондоо гараараа хүрэхийг цээрлэх хэрэгтэй. Чили хүмүүс шарсан төмсийг ч гараараа иддэггүй ард түмэн ажээ. Тэд хооллохдоо цаг үргэлж хутга, сэрээ ашигладаг.
2. Солонгост ахмад настнуудаас түрүүлж хоолонд хүрэх

Солонгос соёлд ахмад настныг хүндэтгэх нь маш чухалд тооцогддог. Та ширээнд хамт суугаа ахмад настан хооллож эхлэхийг хүлээхээс гадна, тэднийг хооллож дуустал ширээний ард суух хэрэгтэй. Мөн хэн нэгэн ахмад настан танд уух зүйл санал болгосон тохиолдолд та хоёр гараараа барих ёстой байдаг ажээ.
3. Хятадад загасаа эргүүлэх

Хятадад бүтэн загас таваглаж хооллох нь түгээмэл байдаг. Гэхдээ хооллохдоо загас ямар байрлалтай ирсэн, тухайн байрлалаар нь идэх хэрэгтэй. Учир нь таваг дээрх загасыг эргүүлснээр аз харина гэж үздэг байна.
4. Италид пиццаны бяслаг нэмэхийг хүсэх

Итали хоол амтлаг байдлаараа алдартай билээ. Тус улсад бэлэн болсон хоолонд ямар нэгэн зүйлс нэмэхийг хүсэх нь бүдүүлэг хэрэгт тооцогддог. Хэрэв та бяслаг нэмүүлэх шаардлагатай гэж үзвэл зөөгчид мэдэгдэлгүйгээр хэлэх нь зүйтэй.
5. Японд гэр лүү гуталтай орох

Тус улсад хэн нэгний гэр лүү орох гэж байгаа бол хаалганы өмнө заавал гутлаа тайлдаг уламжлал бий. Энэ уламжлал Хэйаний үеэс өвлөгдөн ирсэн бөгөөд гутал, углаашинд наалдсан хог шороог гэр лүү оруулахгүй байхад чиглэдэг ажээ.
6. Хятадад таваг дээрх бүх хоолыг идэх

Хятад оронд таваглаж өгсөн хоолыг дуустал идэх нь зочиндоо хангалттай хоол өгөхгүй байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг гэж үзэх тул бүдүүлэг явдалд тооцогддог. Гэвч сүүлийн жилүүдэд хоолны хаягдлыг бууруулах зорилготой “Operation Empty Plate” гэх мэт хөдөлгөөнүүдийн нөлөөгөөр уг уламжлал хумигдаж буй ажээ.
7. Энэтхэгт аягалж өгсөн хоолыг дуустал идэхгүй үлдээх

Хятадуудаас ялгаатай нь Энэтхэгт хоолоо дуустал нь идэх хэрэгтэй байдаг ажээ. Энэтхэгчүүд хоол хүнсийг ихэд дээдэлдэг тул дуустал нь идэх хэрэгтэй.
8. Болгарт толгойгоо сэгсрэх

Болгар улсад толгойгоо дохих нь үгүй, толгойгоо сэгсрэх нь тийм гэсэн утгыг илэрхийлдэг. Иймээс Болгарт та дохиогоор хариулах гэж буй бол болгоомжтой байх хэрэгтэй. Магадгүй “da” буюу тийм, “ne” буюу үгүй гэсэн хариуг хэлэх нь зүйтэй болов уу.
9. Өмнөд Солонгост хэн нэгний нэрийг улаанаар бичих

Улаан өнгө нь үхлийг илэрхийлдэг тул тус улсад зөвхөн талийгаачдын нэрийг л улаанаар бичдэг ажээ. Хэрэв амьд хүний нэрийг улаанаар бичвэл муу ёр дуудсан хэрэг гэж үздэг байна. Иймээс биедээ хар болон цэнхэр өнгийн бал авч явах нь зүйтэй.
Дээрх жишээнүүд шиг сонирхолтой, хачин жигтэй уламжлалуудтай газраар та аялаж байсан уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй туршлагаасаа хуваалцаарай.








Sant Tek
2020/11/17 at 19:36
Бээжингийн олон хүнтэй гуанзанд хэдэн залуус хоол үлдээгээд гарахаар нь дотроо цамаан зантай гэж бодож байлаа