Ер бусын онцгой чадвараараа насан хүрэгчдийг алмайруулж байсан гоц хүүхдүүдийн цаашдын хувь тавилан хэрхэн өнгөрсөн бэ?

0

6 хүүхэд тутмын нэг нь дунджаас дээгүүр чадвартай, харин гоц чадвартай хүүхэд 3 саяд нэг тохиодог гэж үздэг. Үүний зэрэгцээ олон эцэг эх хүүхдээ бага наснаас нь хөгжүүлэх гэж олон аргаар үзнэ, хүүхдийнхээ далд авьяас чадварыг аль болох эрт илрүүлэхийг хичээдэг. Байгалиас заяасан онцгой нэг хүүхдүүдийн хувьд хөндлөнгийн тусламжгүйгээр авьяас чадвар нь илэрнэ. Эдгээр азтай хүүхдүүдийн хувь тавилан тэр болгон аз жаргалтай байдаггүйг түүх өөрөө харуулсан.

Байгаль эх гоц авьяас чадварыг харамгүй бэлэглэсэн хүмүүсийн түүхийг бид нэг биш удаа сонсож байлаа. Тэдний амьдрал цааш хэрхэн үргэлжилсэн бол гэдэг сониуч зан өөрийн эрхгүй төрсөн юм.

Самуэль Герман Решевский

© The New York Times / Wikipedia

Самуэль 1911 онд төрсөн. Тэр 4-5 насандаа шатар тоглож сурсан, аавыгаа тоглож байгааг хараад л сурсан гэж байгаа. Түүний юм тогтоох ой санамж маш мундаг, сэтгэн бодох чадвар нь томчуудаас давна. Тэр өрсөлдөгчөө нүүрний хувиралгүй ялдаг нэгэн байлаа. Хүүгийнх нь энэ чадвар гэр бүлд нь багагүй орлого олоход тусална гэдгийг эцэг эх нь тэр даруй ойлгов.

Хүүгээ 6 нас хүрэнгүүт нь Европоор тойрон аялалд гарчээ: бяцхан Самуэль тэмцээн уралдаанд оролцоно, нэгэн зэрэг хэдэн арван хүнтэй тоглох бөгөөд бүгдийг нь хожно. Энэ байдлаасаа болоод сургуульд тэр болгон сурч чадсангүй, хааяа л явуулын сургуульд таарвал суралцана.

Решевский дэлхийн аваргыг хожиж байсан ч тэр мэргэжлийн шатарчин болоогүй юм, насан туршдаа сонирхогч хэвээр явав. Гэсэн хэдий ч нас өндөр болтлоо шатраа тоглосоор л, хааяа л нэмэлт орлого олох зорилгоор шатар тоглодог байжээ. Тэрээр жирийн нэгэн нягтлан бодогчийн ажил эрхэлдэг байв.

 

Андрей Хлопин

© codypboard / Unsplash

3 настай байхад нь Андрейн аав нь түүнд “Хүүхдүүдэд зориулсан одон орон судлал” ном уншиж өгдөг байсан гэдэг. Хүү ч од эрхсийг нухацтай сонирхож эхэлсэн юм. Сүүлийн 10 жилд тэрээр одон орон судлалын шинжлэх ухааны чиглэлээр хэд хэдэн гипотез дэвшүүлсэн бөгөөд үүнийг нь олон эрдэмтэд анхааран судалж үзсэн. Андрей бүх оросын олимпиадад олон удаа тэргүүн байр эзлэхийн зэрэгцээ шинжлэх ухаан болон бусад судалгааны олон төслүүдэд оролцжээ.

Гоц авьяастнуудын чадвар нь өсвөр насандаа алга болдог тохиолдлууд гардаг, тэд жирийн хүүхдүүдийн л адил болцгоодог юм. Андрей яагаад оддыг сонирхохоо больсныг хэн ч хэлж мэдэхгүй, тэрээр 13-14 насандаа одон орон судлахаа больжээ. Тэр бокс сонирхож эхлээд дараа нь их сургуульд элсэн орсон байдаг. Андрей одоо 24 настай. Тэр өөрийгөө хэзээ ч гоц авъяастан байсан гэж үздэггүй. Залуу хуулийн сургууль төгсөөд одоо жирийн л амьдралаар амьдарч байна. Шинжлэх ухааны салбарт ямар нэгэн ахиц дэвшил гаргасангүй.

 

Павел Коноплев

© Вселенная Паши Коноплева / Amazon

Тэр 3 насандаа уншиж, бичиж сурсан байдаг. Харин 6 насандаа логарифм цээжилсэн бөгөөд энэ насан дээр түүний IQ 169 оноотой (насанд хүрсэн жирийн хүний IQ 90-120 хооронд хэлбэлздэг) байсан юм. 1 дүгээр ангидаа анхныхаа дүнг авав – нэгт. Үнэндээ тэр жилээ 4 дүгээр ангид алгасч ороод онц сурлагатнаар шалгарчээ. Академич Колмогоров түүний чадварыг өндрөөр үнэлсэн байдаг. Паша 14 насандаа оросын анхны компьютер зохион бүтээх ажилд оролцсон, түүний шинжлэх ухааны бүтээлүүдийг «Наука и жизнь» сэтгүүлд хэвлэн нийтэлдэг байсан удаатай. Харин 15 насандаа Москвагийн их сургуульд элсэн оржээ.

Тэр шинжлэх ухаанд үнэхээр дурлаж байсан юм, үүний зэрэгцээ жирийн амьдралыг ч сонирхоно. Паша их нийтэч хүн байсан хэдий ч асуудал түүнээс салахгүй байв. Тэр өөрөөсөө ахимаг насны хүмүүстэй харилцдаг, харин өөрөө балчир хүүхэд шүү дээ. Тэр юм бүхнийг сонирхоно, тийм ч учраас 18 насандаа тасархай санал хураалтаар депутат болсон юм. Харамсалтай нь хүний боломж хязгааргүй биш бололтой. Павелд сэтгэл зүйн асуудлууд илэрч эхэлжээ. Удаан ч хугацаагаар эмчлүүлж байгаад 29 насандаа эмнэлэгт өөд болсон байна.

 

Ким Ун Ён

© Bettmann / Contributor / Getty Images

Энэ бол дэлхий дээрх хамгийн ухаантай хүн: түүний IQ оноо нь 210. Хүү 5 настайдаа солонгос, англи, герман, франц бас япон хэлээр ярьдаг болсон. Тэр насандаа японы зурагтаар гарч ёстой л шуугиан дэгдээсэн юм. Тэрээр шууд нэвтрүүлгээр дифференциаль тэгшитгэл боджээ.

8 насандаа NASA-д ажиллаж эхэлсэн. 10 жилийн дараа тэндээсээ гарсан бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлыг ийн тайлбарлаж байсан удаатай: “Тэр үед би яг л робот шиг амьдардаг байж. Идээд л, унтаад л, өдөр тутмын бодлогоо бодоод л, юу хийж байгаагаа ч өөрөө сайн ойлгохгүй. Би маш их ганцаарддаг байжээ”.

NASA-гаас гараад эх нутагтаа эргэж ирсэн бөгөөд иргэний барилга байгууламжийн чиглэлээр суралцан докторын зэрэг хамгаалсан байна. Өнөөдөр их сургуулийн багш хийж яваа түүнийг олон хүн чадвараа алдсан гэж ярьцгаадаг юм. Угтаа Ким жирийн амьдралаар л амьдрахыг хүсэж яваа билээ. Түүний үзэж байгаагаар хүмүүс IQ үзүүлэлтэнд маш их ач холбогдол өгдөг гэжээ.

 

Евгений Кисин

© ASSOCIATED PRESS / East News

Гнесинагийн нэрэмжит хөгжмийн сургуульд бяцхан Женя 6 настайдаа элсэн орж байв. Тэрээр 2 настайдаа сонсголоороо төгөлдөр хуур дардаг хүү байлаа. 11 насандаа өөрийн концертыг толилуулав. Тэр цагаас хойш түүний хөгжмийн амжилт эрчимтэйгээр дээш ахижээ: аялан тоглолт, концерт, шагнал, тэргүүн байр.

Алдартай хөгжимчин Евгений өнөөдөр багын найз Карина Арзуманавтай гэрлэсэн бөгөөд Израилд амьдарч байна. Жилд дэлхий дахинаа 40-50 удаа концерт тоглоно. Түүний хувь тавилан аз жаргалтайгаар эргэсэн юм. Бага наснаасаа цор ганц л зүйл сонирхсон, түүндээ одоо ч үнэнч хэвээр.

 

Уильям Жеймс Сайдис

© The Sidis Archives / Wikipedia

Хүү алдартай сэтгэл зүйч Бориса Сайдис-ын гэр бүлд буюу өндөр боловсролтой айлд төрж хүмүүжжээ. Борис гоц авъяастай хүүхэд өсгөхийг их хүсэж байсан бөгөөд тэр хүсэл нь ч биелж. Тэрээр хүүгээ өөрийн боловсруулсан сэтгэл зүйн арга барилаар хүмүүжүүлж байсан нь гайхалтай үр дүнд хүргэсэн юм. Хүү Уильям нь бага насандаа уншиж сурсан, 11 насандаа Харвард-д элсэн оржээ (7 настайд нь түүнийг хэтэрхий балчир байна гээд аваагүй гэдэг).

Хүү амжилтад хүрэхээр байв: 40 улсын хэл мэднэ, сэтгэл зүй, одон орон судлал судалдаг, 11 насандаа дээд математикийн тухай лекц уншина. Түүний IQ 250-300 хүрсэн гэж ярьцгаадаг юм. Тэр даруухан амьдралыг эрхэмлэдэг байлаа. Алдар хүнд, эмэгтэйчүүд, амжилт зэрэг зүйлс түүний сонирхлыг огт татахгүй. Түүнээс гадна тэр бусдын нүднээс далд амьдрахыг хүсдэг, жирийн нэгэн нягтлан бодогчийн ажлаа хийгээд … Тухайн албан газарт гоц ухаантан ороод ирснийг хамт олон нь ойлгож эхэлмэгц л шууд ажлаасаа гарч өөр шинэ ажилд ордог зуршилтай болж.

Уильям 46 насыг насалсан юм. Орь ганцаар, оюуны хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ хааяахан өөрийнх нь нэрийг дурдсан сонин сэтгүүлтэй шүүхцэлдэнэ. Тэрээр зүрхний шигдээсээр өөд болжээ.

 

Рут Лоуренс

© George M. Bergman / Wikipedia

Рутыг бага байхад эцэг эх нь түүний авьяас чадварыг анзаарчээ. Тэд компьютерын зөвлөгчид байсан юм, гэхдээ аав нь охиндоо мэдлэг олгохын тулд ажлаа орхиж. Охины дуртай гэсэн болгоныг хийлгэдэг байв. Түүнд математик хамгийн сонирхолтой санагдана. Охин 9 насандаа аль хэдийн дээд боловсрол эзэмшчихсэн, 10 насандаа Оксфордод элсэн орж байсан юм. Энэ хугацаанд аав нь охинтойгоо цуг лекцэнд нь суудаг байжээ. Рут 17 насандаа десертацаа хамгаалсан байна.

27 насандаа нөхөрт гарч түүнийгээ даган Израильд иржээ. Тэрээр Иерусалим дахь Еврейн их сургуульд ажилладаг, математикийн шинжлэх ухааны доцент болжээ.

 

Сатоси Тадзири

© Stephen Lovekin / Staff / Getty Images

Покемон гэж юу болохыг бүгд мэднэ. Гэхдээ дэлхийд алдартай Pokémon Go-г аутизмтай залуу зохиосныг тэр болгон мэдэхгүй. Сатоси багаасаа л хортон шавьж сонихдог байж, тэр ч бүү хэл бүхэл бүтэн цуглуулгатай хүн. Хүү энтомолог болохыг мөрөөддөг байв. Түүний гэр бүл нүүсэн тул хүү өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх боломж үгүй болсон юм. Гэхдээ тэр асуудлыг шийдэх арга олжээ. Сургуульд сурах хүндхэн байсан ч тэр Токиогийн үндэсний их сургуулийн технологийн коллежид элсэн орж чадсан. Тэндээ электроник, мэдээллийн салбараар мэргэшсэн юм. 16 насандаа анхны видео тоглоомоо гаргаж, 25 насандаа покемоныг зохиосон байна.

IGN Тадзирийг цагийг эзэлсэн 100 шилдэг зохион бүтээгчдийн жагсаалтад багтаажээ. Хэдий алдар хүндтэй ч гэлээ тэрээр даруухан, нууц амьдралаар амьдрахыг хүсдэг. Хүмүүс түүнийг яагаад ч юм гажиг гэж ярих нь олон. Бидний зарим нь супер чадалтай хүмүүсээр бахархана, нөгөө нэг нь уг байдалд болгоомжтой хандана. Ийм гоц авьяас чадварынхаа төлөө насан туршдаа төлөөс төлөх ёстой болно гэж үзэх хүн ч багагүй бий. Гоц авьяас чадвартай хэрнээ хүмүүсийн дунд аз жаргалтай амьдарч байгаа олон хүн бий, ажил амьдралаасаа сэтгэлийн таашаал авч байгаа нь ч мөн олон байх аа.

Та гоц авьяастай хүнтэй танил уу? Тэдний хувь тавилан хэрхэн өрнөсөн бэ?

58
ГоёГоё
24
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
12
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Энхцацрал Г.

    Энхцацрал Г.

    2020/09/18 at 20:40

    Ganbadral Tsedev saw emee ruu zalga

  2. Энхцацрал Г.

    Энхцацрал Г.

    2020/09/18 at 20:40

    Aaw

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *