
Зуны улирал эхлэх гэдэг нь олон хүний хувьд задгай талбайд тарьж ургуулсан, болж гүйцэж байгаа гүзээлзгэнээр төсөөлөгддөг бөгөөд үнэхээр онцгой үнэр амттай жимс билээ. Энэ тансаг жимсийг бүтэн килограммыг ч хамаагүй идэж, өөр бусад бүх л зүйлийг мартахад бэлэн хүмүүс бий. Маш их ашиг тустай жимс учир ийм байдлыг заримдаа буруутгах аргагүй. Гэхдээ бас хориглох зүйл бий гэдгийг заавал санаж явах ёстой юм шүү.
Гүзээлзгэнийн ач тус

Энэ жимсэнд их хэмжээний антиоксидант, флавоноид, полифенол, кали байх учир зүрх судасны янз бүрийн өвчин, ялангуяа зүрхний судасны нарийсах өвчний эсрэг эмчилгээнд нэмэлт болгон хэрэглэдэг.

Гүзээлзгэнийн эслэг нь өтгөн хаталтын эсрэг маш сайн нөлөөтэй ба биеийн ерөнхий шингэний тэнцвэрийг хадгалах, цусан дахь сахарын хэмжээг зөв хэмжээнд барихад нэн тустай.

Фолийн хүчилтэй учир жирэмсэн эмэгтэйчүүдэд бас их хэрэгтэй юм. Өөр бусад ашигтай тал нь: яс бэхжүүлнэ, хараа сайжруулж, ой тогтоолтыг нэмэгдүүлдэг гэх зэрэг болно.
Харин гүзээлзгэнэ хэнд хортой вэ?
Дээр дурдсан олон ашигтай талаас гадна гүзээлзгэнэ нь экологийн хувьд ихээхэн бохир жимсэнд тооцогддог. Үүний шалтгаан нь, гүзээлзгэнийн ургацыг нэмэгдүүлэхийн тулд хортон шавьжнаас сэргийлэн хэрэглэдэг пестицид хэмээх бодис ихээр хуримтлагддаг явдал юм. Мөн энэ жимс нь янз бүрийн хорхой шавьж, мэрэгч, шувууны дуртай хоол билээ.
Даралтны эсрэг янз бүрийн эмчилгээ хийлгэж байгаа хүн энэ жимстэй болгоомжтой харьцах хэрэгтэй ба учир нь даралт буулгах эм тарианы нөлөөг хэт ихэсгэж болох юм.
Мөн ходоодны шарх болон бөөрний өвчин зэрэг бусад эмгэгтэй хүмүүс бас хэрэглэхээс зайлсхийх нь зөв.

Бага насны хүүхдүүд, хөхүүл ээжүүд бас анхаарах хэрэгтэй ба учир нь гүзээлзгэнэ харшлын эх үүсвэр болох өндөр магадлалтай жимс гэдэг.

Өөрийн хоол хүнсэнд бодолтой, анхааралтай хандаж, зөв жимс ногоо хэрэглэх нь та тэдний ашигтай зүйлийг өөртөө шингээж авах төдийгүй бас эрүүл мэнддээ ямар нэг хохирол учруулахгүй байх үндсэн нөхцөл юм шүү. Урин дулаан улирлын цагт хэрэгтэй амин дэмээ хангалттай олж аваарай.







