Шүдний оо шүдийг цайруулна, цэвэрлэнэ, эвгүй үнэр дарна, шүдний өвчнөөс хамгаална. Шүдний оо зөвхөн шүдэнд зориулсан эд биш бололтой. Шүд арчлахаас гадна элдэв зүйлсийн эвгүй үнэрийг дарах, цэвэрлэх ч чадалтай ажээ.
1. Өнгөө алдсан гутлын өнгийг сэргээх
Өнгөө алдсан арьсан гутлын өнгийг сэргээнэ. Даавуун алчуур дээр багахан хэмжээний шүдний оо дусаагаад гутлаа арчина, дараа нь чийгтэй алчуураар гутлаа цэвэрлээрэй. Өнгө нь шинэ мэт болсон байна.
2. Төгөлдөр хуурын товчлуур цэвэрлэх
Хэрвээ таны төгөлдөр хуурын товчлуур өнгөө алдаж хиртсэн бол шүдний сойз, оогоор цэвэрлээрэй. Дараа нь шүдний оогоо чийгтэй алчуураар цэвэрлэж авна. Энэ аргыг зааны ясаар хийсэн товчлууртай төгөлдөр хуур дээр хэрэглэвэл илүү үр дүнтэй.
3. Кэтээ цэвэрлэе
Кэт эсвэл пүүзний цагаан улыг цэвэрлэхийг хүсвэл цагаан өнгийн шүдний оогоор цэвэрлээрэй.
4. Түлэгдсэн индүүг цэвэрлэх
Хэрвээ таны индүүний ул түлэгдсэн бол цагаан өнгийн шүдний оог хүйтэн индүүний ул дээр түрхэж цэвэрлэнэ. Дараа нь шүдний оогоо цэвэр алчуураар цэвэрлэж авна.
5. Бөгж цэвэрлэх
Хэрвээ таны бөгж өнгөө алдаад байвал зөөлөн алчуур дээр шүдний оо түрхээд цэвэрлээрэй. Дараа нь нойтон алчуураар арчаарай.
6. Хүүхдийн сүүний угж цэвэрлэх
Хүүхдийн угжнаас гашилсан сүүний үнэр үнэртдэг. Шүдний оо энэ эвгүй үнэрийг дор нь цэвэрлэнэ, хүүхдийн угж цэвэрлэдэг сойз дээрээ багахан хэмжээний оо түрхээд угжаа угаагаарай. Дараа нь цэвэр усаар сайн зайлна.
7. Шил тань цантаад байна уу?
Та өвлийн цагаар тэшүүр цанаар гулгах эсвэл усан доогуур шумбадаг нэгэн бол хамгаалалтын шил цантах асуудлыг сайн мэдэх байх. Шилээ шүдний оогоор арчаад алчуураар арчаарай.
Мөн энэ аргаар угаалгын өрөөний толь цантах асуудлаас салж болно.
8. Угаалгын өрөө болон гал тогооны өрөөний угаалтуур цэвэрлэх
Эдгээр өрөөний угаалтуур болон гоожуурыг угаалгын тусгай бодисоор цэвэрлэдэг ч гэлээ та мөн шүдний оогоор цэвэрлэж болно. Шүдний оог угаалтуур, гоожуур дээр түрхээд зөөлөн хуурай алчуураар арчина. Гялалзахыг нь хараад та бүү гайхаарай.
9. Угаалгын өрөөний тосгуур цэвэрлэнэ
Гелэн бус буюу цагаан өнгийн шүдний оогоор тосгуураа цэвэрлээрэй, эвгүй үнэр дарагдаж гялалзах болно.
10. Ханан дээр зурсан зургийг арилгах
Хэрвээ таны хүүхдүүд ханан дээр шохойгоор зураг зурах дуртай бол зуруулж л бай, уран бүтээлийг нь та шүдний оогоор амархан цэвэрлэнэ.
11. Даавуун дээр тогтсон уруулын будаг болон чернилийн толбо
Тодорхой нэг төрлийн даавуун дээр тогтсон уруулын будаг болон чернилийн толбыг найдвартай арилгана. Та толбо тогтсон хувцсаа яаран хогийн саванд хийх хэрэггүй.
Толботой хэсэг дээр шүдний оогоо түрхээд сайтар үрнэ, дараа нь усаар зайлаарай. Эхний удаад толбо арилахгүй бол хэд хэдэн удаа давтаж болно.
12. Модон тавилга дээрх халуунаас үүссэн цагаан толбо арилгах
Хэрвээ та санамсаргүйгээр модон тавилга дээр халуун аяга тавьж цагаан толбо үүсгэсэн бол шүдний оогоор арилгаж болно. Зөөлөн хуурай алчуур дээр шүдний оогоо дусаагаад толботой газраа зүлгэж арчина. Дараа нь нойтон алчуураар арчаад хатаагаарай. Сүүлд нь модон тавилга цэвэрлэгч бодисоор шүршиж болно.
13. Батга цэвэрлэх
Цагаан шүдний оог гарсан батга дээрээ түрхээд шөнө нь хатаагаад унтаарай. Өглөө гэхэд тостой батга хатсан байхыг та харна. Хэрвээ та эмзэг арьстай бол анхааралтай байх ёстой шүү.
14. Шумууланд хазуулсан бол
Шумууланд хазуулсан газраа шүдний оо түрхээрэй, загатнаж таныг зовоохгүй. Мөн өнгөцхөн түлэгдсэн газар хүртэл түрхэж болно.
15. Гарнаас үнэртэх эвгүй үнэрийг дарна
Хэрвээ таны гарнаас сонгино, сармисны эвгүй үнэр үнэртээд байвал шүдний оогоор гараа угаагаарай.
16. Хумс бэхжүүлнэ
Маникюрт цаг зав гаргаж чадахгүй байна уу? Тэгвэл зөөлөн сойз дээр шүдний оо түрхээд хумсаа зөөлөн арчаад хэсэг байлгавал таны хумс бэхжинэ. Мөн хэрвээ таны урьд нь түрхсэн хар өнгийн хумсны будаг гүйцэд арилаагүй бол шүдний оо амархан арилгана.
17. Утасны дэлгэц дээр бий болсон зураасыг арилгана
Багахан хэмжээний шүдний оо түрхээд утасны дэлгэц дээр тогтсон бага зэргийн зураасыг арилгаж болно.