Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригт

0

Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригт “Тэргүүн” сонин энэ удаагийнхаа “Тэргүүлэгч Монгол” булангийн зочноор Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Дашдоржийн Зоригтыг урьж байна. Гучин долоохон насандаа Монгол улсын Засгийн газрын гишүүнээр томилогдож, Оюутолгойн гэрээний төслийн хэлэлцээрийг ахалж байгаа залуу улс төрчийн яриа эрхэм таныг уйдаахгүй байх гэж найдаж байна.Тэрбээр УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
Хоёулаа таны бага нас, аав ээжийн тухай яриагаар ярилцлагаа эхлэх үү?
-Би хотын унаган хүүхэд. 220 мянгатад төрж, тэнд миний бага нас өнгөрсөн.Ээж маань Монголын анхны мэргэжлийн эмэгтэй зураглаач. Орост Кино урлагийн дээд сургууль төгсч ирээд бүх насаараа Монгол телевизэд ажилласан хүн. Ээж маань баримтат киноны зураг авалтанд их явдаг байсан. Сүүлдээ хүүхэлдэйн кинон дээр ажиллаж эхэлсэн. Монголын бараг анхны бүх хүүхэлдэйн киноны зураг авалтыг хийсэн байх. “Эрх цагаан ишиг”, “Өвгөн арслан хоёр” гээд ээжийн минь хийсэн их олон кино бий. Монголын хүүхэлдэйн киноны салбараас төрсөн анхны гавъяат байх шүү. Хүүхэд байхад ээжийн ажил дээр очно гэж нэг их гоё юм байдаг байлаа. Нөгөө зурагтаар л хардаг алдартай томчуудыг чинь амьдаар нь харах бахархам сайхан шүү дээ.
Дашдорж гуай аль нутгийнх вэ? Yйлдвэрчний төв зөвлөлд байснаар нь олон хүн таньдаг юм билээ.
-Аав маань инженер хүн.Төв аймгийн харъяат. Аавын том ах Ленинградад сурдаг байсан юм гэнэ лээ. Тэр үед захиа их бичдэг. Дүүдээ “Орост л ирж сур. Ленинград гэж их сайхан хот байна” гэж захидаг байсан гэдэг. Аав маань 18 настай гэрээсээ гарсан гэдэг юм. Тэр үед галт тэргээр Москва руу их удаан явдаг, замдаа олон хонодог байсан юм билээ. Нэг мэдэхэд л их сайхан газар оччихсон байсан. “Ленинградад ирчихлээ” л гэж бодож байсан чинь Москва байсан гэсэн. Дахиад л цаашаа галт тэргэнд суугаад яваад байж. Арай гэж нэг хотод очиж. Энэ л нөгөө Ленинград нь юм байна даа гэж бодож байсан чинь Киевт ирсэн юм билээ. Орос багш нь аавыг маань дагуулж, дэлгүүрт аваачаад “Эр хүнд нэг юм заавал байх хэрэгтэй” гээд зангиа, кепка малгай авч өгч байсан гэж ярьдаг юм. Аав сургууль төгсөж ирээд Диспечерийн төв гэж байхад тэнд их олон жил ажилласан. Сүүлд Yйлдвэрчний төв зөвлөлд ажиллаж байсан. Хожим нь П.Очирбат ерөнхийлөгчийн үед түүний Тамгын газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.
Таны бага нас хотын атамануудын дунд өнгөрсөн үү? Хэр дүрсгүй хүүхэд байсан бэ?
-Yнэнийг хэлэхэд их томоотой хүүхэд байсан. Намайг бага байхад атаманууд гэж бараг байгаагүй. Зартай хулиганууд бүгд амьдралтай болчихсон, тогтож, суурьчихсан байсан үе шүү дээ. Манай 220 мянгатынхан хөл бөмбөг л их тоглодог байсан. Би ч гэсэн ялгаагүй, зав гарвал хөл бөмбөг тоглоно, гутлаа тэсгээхгүй бөмбөг өшиглөж яваад л ханз татчихна. Аав нэг удаа хойшоо явж ирээд нэг пүүз авчирч өгсөн юм. Тэр үед пүүз гэж ямар мэдэх биш. Өмсч гараад л зад татчихаад аавд “Шинэ гутал ганцхан өдрийн дотор ураад хаячихлаа” гэж загнуулж байсан маань санаанаас гардаггүй юм. Аав ажил ихтэй учраас их оройтдог. Ээж байнга хөдөө томилолтоор явчихна. Тэгээд ч телевизийн ажилд цаг гэж байхгүй шүү дээ. Биднийг манай эмээ л харж хандана. Тиймээс эмээгийнхээ гар дээр бага насаа өнгөрөөсөн дөө.
Эмээ хэр чанга байсан бэ?
-Нэг их загнаж сүйд болоод байхгүй. Гэхдээ тун зарчимч байсан. Аавыг хэзээ ч нэрээр нь дуудахгүй, хоолыг яг цагтаа идүүлнэ. Намайг тавдугаар ангид байхад гэрийн ажилд сургана гээд орой болгон сүүтэй цай чануулна. Хичээлийг бол яс давтуулна. Тийм болохоор хичээлдээ их гайгүй байсан шүү, Түүнийхээ хүчинд Орос гуравыг алтан медальтай төгсөж байлаа. Эмээгийн маань л нөлөө юм даа.
Тэгвэл таны оюутан цаг хаана өнгөрсөн вэ?
-Би 1988 онд аравдугаар ангиа төгсөөд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн хуваарь авсан. Тэр үед Гадаад яамнаас өөрийнхөө нэр дээр хүүхдүүд сургадаг, боловсон хүчнээ бэлтгэдэг байсан юм. Орос гурав төгссөн, бас гайгүй дүнтэй байсан болохоор намайг нэг өдөр яаман дээр дуудаж ярилцлаганд оруулаад Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд сургахаар болсон. Сурах орчин таатай үнэхээр сайхан сургууль. Манай олон чадалтай боловсон хүчин Москвагийн Олон улсын Харилцааны дээд сургуулийг төгссөн юм билээ. Намайг оюутан болоод очиход одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил энэ сургуулийг төгсөж байлаа. Боловсролын сайд Ё.Отгонбаяр, хуучин Боловсролын сайдаар ажиллаж байсан Баттөр хоёр төгсөх курст сурч байсан. Одоо Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаа Д.Цогтбаатар бид хоёр нэг курсын найзууд. Миний амьдралын мартагдахааргүй сайхан үе энэ сургуульд өнгөрсөн гэж боддог юм. Манай анги 10 гаруйхан хүүхэдтэй. Тэгсэн мөртлөө бас групп болгож хуваана. Их чанартай сургалт явуулдаг байсан.
Орост очоод хэр хөглөсөн бэ?
-Энд орос сургууль төгссөн болохоор хэл усны хувьд харьцангуй гайгүй. Оюутан болж очоод удаагүй л байсан юм даг. Нэг найзтайгаа явж байсан чинь гадил зарж байна аа. Урьд нь ямар идэж үзсэн биш, хэдийг худалдаж аваад идэх гэсэн чинь болдоггүй. Хальс нь яг л мод шиг хатуу, хумсаараа маажиж маажиж арай гэж хальснаас нь салгаад идэх гэсэн чинь нэг их муухай гашуун ногоон юм. Бүр гайхчихсан. Мөнгөөр худалдаж авсан болохоор хаячихаж болдоггүй. Байрандаа авчраад орхичихсон. Хэд хоногийн дараа нөгөө жимсээ харсан чинь хачин гоё шар болчихсон байж билээ. Орост гадил элбэг биш. Түүхийгээр нь авч хадгалаад, болохоор нь иддэг байсан юм билээ. Иймэрхүү хөгтэй явдлууд олон болдог байсан.
1990 оны эхэн үеийн оюутнууд бүгд л арилжаа наймаа хийж, том том бизнесменүүд болчихсон явж байлаа. Таны хувьд?
-Орост ч, Монголд ч амьдрал хүнд байсан шүү дээ. Оюутнуудад өгдөг стипенд байхгүй болчихсон. Хүн бүр л яавал мөнгө олох вэ гэдэг бодолтой байсан. Би чинь оюутан байхдаа аав болсон хүн. Гэр бүлтэй болчихсон хүн чинь эхнэр хүүхдээ тэжээх хэрэг гарна. Амьжиргааны хэдэн төгрөг олохын тулд бага сага наймаа хийсэн. Хичээлийн завсар зайгаар урагшаа хойшоо явдаг, ганц нэг тарваганы арьс, цамцны наймаа хийдэг байлаа. Гэхдээ амьжиргааныхаа мөнгөнөөс хэтэрсэн ашиг олж байгаагүй.
1990 оны эхээр Орост гарсан төрийн эргэлт, өөрчлөлтийг нүдээрээ харсан уу?
-1991 онд би эхнэрээ Орост авчирсан. Хямд үнэтэйг нь бодоод хотын захад байшин түрээслэж, амьдарч байсан юм. Монгол руу утсаар ярьтал аав, ээж “Наана чинь юу болоод байна?” гээд бүр санаа нь зовчихсон байсан. “Яасан” гэтэл “Төрийн эргэлт гарч байна” гэдэг байгаа. Тэр үед Орост телевизийн нэвтрүүлэг хаачихсан, зөвхөн хөгжим л яваад байсан юм. Гайхаад төв рүү ороод иртэл бөөн танк, хуягт болчихсон байж байсан. Орост өөрєє амьдарч байж, төр эргэж байгааг Монголоос л сонсож байлаа шүү дээ.
Та хэдэн настай аав болсон юм бэ?
-21 настай аав болж байлаа. Би чинь эхнэртэйгээ бүр 10 жилийн сургуулийн 9-р ангиасаа үерхэж байгаад гэр бүл болсон. 22 жил өнгөрсөн байна шүү. Биднийг гэр бүл болж байхад жинхэнэ хямралын үе эхэлчихсэн байлаа. Хуримын ордонд эхнэртэйгээ очиж бүртгүүлээд, гэртээ жаахан хоол унд бэлтгэж цөөхөн хамаатан саднаа уриад л айл гэр болсон. Байр орон сууц байхгүй, хадам аавынхаа гэрт жил шахуу амьдарсан. Сүүлд нэг өрєє байр авч, охинтойгоо гурвуулаа тусдаа гарч байлаа.
Сургуулиа төгсч ирээд хийсэн хамгийн анхны ажил тань?
-Гадаад харилцааны яамны Консулын газар атташегаар орсон. Атташе гэдэг маань хамгийн бага албан тушаалтан. Мэргэжилтэн гэсэн үг шүү дээ. Иргэдтэй байнга харилцана, бас консулын гэрээний хэрэгжилтийг хариуцдаг байсан. Тэндээс их зүйл сурсан. Консулын газар ажиллаж байгаад Австралид жил гаруй сурч магистр хамгаалсан. Төгсч ирээд Гадаад харилцааны яамны бодлогын газарт ажилласан. Yндсэндээ Гадаад харилцааны яамны томоохон бодлогын асуудал хариуцдаг байлаа. Тэр үед Ази, Номхон далайн бүс нутгийн орон руу чиглэсэн бодлого явуулж эхлээд байсан үе л дээ. Манай улсыг чинь урьд нь Төв Азийн орон гэж үздэг байсан. Төв Азийн орноос Зүүн хойд Азийн бүс рүү шилжиж, гуравдахь хөршийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Би “Монгол улс Ази, Номхон далайн бүсийн интеграцид яаж орох вэ?” гэдэг асуудлыг хариуцаж, анхных нь хуралд оролцсон.
Гадаад харилцааны бодлогын газар гэдэг том алба. Залуу хүнд энэ том албыг хариуцуулахад дургүйцэх, амбицлах хүн хэр олон байсан вэ?
-27-хон настай байсан. Анх “Бодлогын газрын орлогч даргаар ажилла” гэхэд нь “Yгүй” гээд их эргэлзсэн. Насаараа гадаад харилцаагаар явчихсан том том дипломатууд хажууд сууж байхад “За дарга болъё” гэж хэлэх хэцүү байсан. Сүүлдээ зөвшөөрсөн л дөө. Манай Гадаад яамныхан чинь их сайхан шүү дээ. Хүнд их элэгсэг хандана. Болохгүй бол заагаад, сургаад явчихна. Илүү дутуу хэл ам, хэрүүл тэмцэл гаргаж байгаагүй. Yнэхээр сайхан хүмүүстэй хамт ажиллаж их зүйл сурсан. Тэнд байхдаа яамныхантайгаа нийлж, “Монгол улсын гадаад бодлогын цэнхэр ном”-ыг анх удаа гаргасан юм. Бараг жил хагас ажилласан. Тэр номыг бичихэд их ч уншсан, олон ч хүнтэй уулзаж ярилцсан. Анх ажилд орсон болоод ч тэр үү, Гадаад харилцааны яамыг миний амьдралын замыг чиглүүлж өгсөн гэж боддог.

Австралид сурч байхдаа тогооч хийж, ахмадын асрамжийн газарт ажилладаг байсан

Та Австралид магистр хамгаалсан гэл үү?
-Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад явсан юм. Анх барууны оронд оччихоод зохицож амьдрах гэж нилээн чардайсан шүү.
Сурахын хажуугаар ажил хийнэ биз?
-Тэгэлгүй яахав. Авгай хүүхдээ аваад оччихсон хүн чинь ганцхан ном шагайгаад л суугаад байж болохгүй. Эхнэр маань ажил хийнэ. Би сурахын хажуугаар янз бүрийн л ажил хийсэн.
Яг ямар ажил хийж байсан юм бэ?
-Эхлээд хөгшчүүлийн асрамжийн газарт ажиллаж байлаа. Ахмадуудыг асарч халамжилна, эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ. Одоо ч гэсэн “Монголдоо ахмадуудын сайхан асрамжийн газар байгуулах юмсан” гэж бодож явдаг. Харж хандах хүнгүй, насаараа улсад ажиллачихаад ямар ч хангамжгүй, халамжгүй үлдчихсэн ахмадууддаа бид туслах ёстой, төр засаг ч харж үзэх учиртай. Ахмадын асрамжинд ажиллаж байгаад дараа нь 10 ширээтэй жижигхэн зоогийн газарт үйлчлэгчээр орсон. Зөөгчөөс туслах тогооч болж дэвшиж байлаа. Өглөө зургаан цагаас очиж кафегаа нээнэ. Өглөөний цай бэлтгэнэ. 10 цаг хүртэл ажиллачихаад хичээлдээ явна. Өдрийн цайгаар ирж ажиллана. Өдөр ажиллаж байгаад дундуур нь явж номын санд сууж хичээлээ хийнэ. Орой зургаан цагаас дахиад ажилдаа ирж, хаатал нь ажиллана. Ачаалал ихтэй ч гэсэн сонирхолтой л байдаг байсан.
Хэр сайн тогооч болсон бэ?
-Хүмүүс гайгүй л тогооч гэж үнэлдэг байсан. Ер нь бол хоол хийх дуртай шүү. Даанч цаг зав бага болохоор хоол хийлгүй нэлээд удчихаж.
Овоо мөнгө хуримтлуулж чадсан уу?
-Эхнэртэйгээ хоёулаа ажиллаж байсан болохоор хоосон ирээгүй. Тэр үед байр хямдхан байсан. Гурван өрєє байр авч байлаа. Охинтойгоо хамт нэг өрєє байранд амьдарсаар байгаад сурчихсан улс чинь гурван өрєє байранд орчихоод бие биеэ олохгүй төөрөх шахуу юм болж байлаа шүү дээ /инээв/
Та бас Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж суралцсан гэж намтартаа бичсэн байсан. Ямар мэргэжлээр сурсан юм бэ?
-Хууль үзсэн. Япон бол манайхтай төстэй, эх газрын хуультай орон шүү дээ. Японд жил гаруй хуулиар сурсан. Yл хөдлөх хөрөнгө, газар хувьчлал, худалдааны тухай хууль судлаж байсан.
Японд суралцсан хуулийн салбар танд ер нь хэрэг болсон уу?
-Би яг хуулийн чиглэлээр ажиллаагүй. Гэхдээ л тэнд сурсан зүйл миний ажилд их хэрэг болсон шүү. Ялангуяа Оюутолгойн хэлэлцээрийг хийж байх үед.
Тэгэхээр чинь та орос, англи хэлтэй, бас япон хэлтэй гэсэн үг үү?
-Сургуульд байхдаа орчуулга хийх гэж оролддог, янз бүрийн ном уншчихдаг байсан. Бидэнд дан ганц хэл биш, улс төр, эдийн засаг, соёл иргэншил гээд олон хичээл орж байсан. Японд бол англи хэлээр сурч байсан. Худлаа яриад яахав. Орос, англи хэлтэй.
Уучлаарай. Таны дүү Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад амь насаа алдсан. Энэ хэргийн талаар ярилцах танд хүнд хэцүү гэдгийг мэддэг ч талийгаачийн үр хүүхэд, ар гэрийнхэн яаж амьдарч байгаа бол гэдгийг асуухгүй өнгөрч чадахгүй нь?
-Миний дүү Монгол төрийнхөө төлөө шударгаар ажиллаж байгаад амь насаа алдсан. Талийгаачийн маань эхнэр хүүхэд сайн байгаа. Хүүхдүүд нь өсч том болж байна. Талийгаач маань их сайхан найз нөхөдтэй, хамт олонтой хүн байсан. Арван жилийн найзууд, оюутан цагийн нөхдүүд, хамтран ажиллаж байсан андуудад нь би талархаж явдаг юм. Тэд одоо ч бидэнтэй, эхнэр хүүхэдтэй нь байнга холбоотой байж, сэтгэлийн дэм болж явдаг.

Хүн итгэж байхад хариуцлагаас зугатаах шаардлагагүй

Таныг Нэгдсэн Yндэстний Байгууллагад ажиллаж байсан гэж сонссон юм байна?
-2000 оноос 2002 онуудад НYБ дэхь Монгол Улсын Суурин Төлөөлөгчийн Газарт нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Эргэж ирээд ямар ажилд орсон бэ?
-Японоос ирчихээд Гадаад харилцааны яаманд ажиллаж байтал Сангийн яамны Зээл тусламжийн газрын даргаар томилчихсон. Сангийн яаманд Ч.Улаан сайдтай жил орчим ажилласан. “Мянганы сорилын сан”-гийн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Мянганы сорилтын сангийн мөнгийг ямар салбарт яаж зарцуулах вэ гэдэг хэлэлцүүлэг зохион байгуулж, их олон хүнтэй уулзсан даа. 2004 оны сүүлээр Yйлдвэр худалдааны яамны Нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргаар томилогдсон. Энэ яаманд ирээд “Мянганы сорилтын сан”-гийн Yндэсний зөвлөлийн гишүүнээр бас томилогдсон. Их олон хүнтэй харилцдаг, олон төсөл хүлээж авдаг, гол нь Америкийн талынханд нөгөө төслүүдээ зүтгүүлдэг, хэрэгтэй гэж ойлгуулах шаардлагатай болдог. Yнэхээр ажил ихтэй байсан.
Мянганы сорилтын сангаас Монголд 285 сая ам. доллар орж ирэхээр болсон. Та бүхэн хэр олон төсөл бэлтгэж өгсөн юм бэ?
– Маш олон төсөл буцсан. Мянганы сорилтын хөрөнгө оруулалтыг аль салбарт оруулах вэ гэдэг бүх нийтийн санал асуулгыг бид зохион байгуулсан. Иргэд маань ч идэвхитэй оролцсон доо. Энэ санал асуулгын дүнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр хөрөнгө оруулалт хийе гэдэг дээр тохирч чадсан юм.
Энэ төсөл дээр анхнаасаа ажилласан хүний хувьд төслийн үр дүнгийн талаар сонирхож үздэг үү? 285 сая доллароос хэд нь Монголд яг бодитойгоор орж ирсэн юм бол?
– 285 сая доллар гэдэг маань үнэхээр асар том хөрөнгө оруулалт. Монгол улсын түүхэнд нэг дор 200 гаруй сая долларын буцалтгүй тусламж үзүүлж байсан тохиолдол байдаггүй. Харж байхад эрүүл мэнд, боловсролын төслүүд гайгүй сайн хэрэгжиж байгаа нь илт байдаг.
Таны хувьд “Мянганы сорилтын сан”, “Оюутолгой” гээд хоёр том төсөл дээр ажиллаж байсан байх юм. Та өөрєє залуу хүн. Толгой эргүүлсэн тоо, бөөн бичиг цаасны ажил уйтгартай биш гэж үү?
-Харин ч сонирхолтой шүү дээ. Энэ хоёр төслийг хэрэгжүүлэх гэж их олон хүнтэй уулзсан. Их олон зүйл сурсан. Мянганы сорилтын сангийн төсөл, Оюутолгойн гэрээний төсөл хоёулаа Монгол улсын ирээдүйн хөгжилд асар их ахиц авчирна. Тиймээс уйтгартай гэхээсээ илүү хариуцлагатай ажлууд байж. Энэ хоёр төслийг хэрэгжүүлэхийн тулд маш олон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Иргэд яг юу хүсч байна гэдгийг тэндээс олж харсан. Тиймээс ч төслүүд амжилттай хэрэгжинэ, үр дүнг нь Монголын ард түмэн амсана гэдэгт итгэлтэй байдаг.
Таны намтрыг харахаар их богино хугацаанд том том яамны газрын даргаар ажиллаж байсан, их хурдан дэвшиж сайд болсон юм шиг санагдаж байна. Зоригт их татаатай хүн үү, эсвэл үнэхээр толгой сайтай хүн үү гэсэн бодол төрчихлөө.
-Yе нь л тэгж таарсан байх. Өнөөдөр аль ч яам, агентлагаар орсон миний үеийн залуучууд өндөр алба хашиж байгаа. Сургууль төгссөн, боловсролтой, бусдын итгэл хүлээх чадвартай залуучуудыг их дэмжиж байна. Yүнд гайхаад байх зүйл байхгүй шүү дээ.
Та 37-хон настайдаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар томилогдсон. Сайдын албыг танд хэн анх санал болгосон бэ?
-С.Баяр дарга. Yнэнийг хэлэхэд их эргэлзэж хүлээж авсан. Нэлээд хэд хоног бодсон доо. Би Мянганы сорилтын сангийн ажлын хажуугаар Ч.Хүрэлбаатар даргатай хамт “Оюутолгойн гэрээний төсөл” дээр ажиллаж байсан. Оюутолгойн гэрээтэй холбоотой уулзалтууд, хэлэлцүүлгүүдэд байнга оролцож байсан учраас “Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй юм байна. Хариуцлага үүрч, надад итгэж байгаа хүмүүстэй хамтран ажиллах хэрэгтэй юм байна” гэж бодсон юм.
Ингэхэд хэдэн онд МАХН-д элссэн юм бэ? Өөр нам сонгох бодол байсангүй юу?
-2004 онд. Нэлээд олон шалтгаан бий л дээ. Хамгийн гол нь Зүүний үзэл баримтлалтай социал демократ нам манай өнөөгийн нийгэмд хамгийн зохимжтой гэсэн итгэл үнэмшил надад байдаг. Зах зээлийн нийгэмд шилжих энэ явцад бид нийгмийн олон асуудлыг хаячихсан. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжуудаа орхигдуулчихсан. Хуучин бол хүүхэд сайн муу байх нь хамаагүй, хамгийн гол нь сурах нөхцлөөр хангагдах ёстой. Мөнгөтэй мөнгөгүй байх нь гол биш, хамгийн гол нь эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй гэж үздэг байлаа. Энэ бүхэн нэг хэсэг их орхигдсон. Бүх зүйлийг л мөнгөөр хэмжээд байгаа. Yнэхээр ядарсан зүдэрсэн хүмүүсийг засаг төр дэмжих ёстой гэж боддог. Тиймээс зүүний үзэл баримтлалтай Хувьсгалт намд элссэн.
Танд өөр намаас “Манай намд элсээч” гэдэг санал ирж байсан уу?
-Yгүй.

Улс эх орныхоо ирээдүйн хөгжлийг бодож энэ гэрээг яаралтай хийх шаардлагатай

Оюутолгойн гэрээг “Хөрөнгө оруулагч талд л ашигтай гэрээ хийсэн” гэж Иргэний хөдөлгөөнийхөн үзээд байгаад та ямар тайлбар хийх вэ?
-Энэ бол харилцан ашигтай гэрээ болсон. Монгол Улсын эдийн засгийн дийлэнх үр ашгийг хүртэх болно. Гэрээ байгуулагдангуут 250 сая ам. доллар /400 орчим тэрбум төгрөг гэсэн үг/ орж ирнэ. Энэ төсөл хэрэгжсэнээр олон мянган ажлын байр бий болно. Орон нутгийн хөгжилд дэм болно. Хөрөнгө оруулагч нарыг татахад энэ гэрээ асар их үүрэг гүйцэтгэнэ, эдийн засгийн сэргэлт, эрс өөрчлөлтийг авчрах болно. Зам тавигдана, хот суурин бий болно, том үйлдвэр байгуулагдана. Ажлын байр, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд их олон бүтээн байгуулалт хийгдэнэ. Ийм том бүтээн байгуулалт явагдаж, ашгийн ихэнх хувь манайд үлдэж байхад ашиггүй гэж яриад байгааг би ойлгохгүй байна.
Иргэний хөдөлгөөнүүд “Yндсэн хууль зөрчлөө”, “Гадныханд үйлчиллээ” гэж шүүмжилдэг. Энэ бүхэнд Засгийн газар тайлбар хийж няцаалт өгөхгүй байгаа нь хардлага төрүүлэх үндэс болж байгаа байх?
– Бид тэднийг няцаах биш, харин хамтарч ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. Жишээлбэл би “Yндэсний соёмбо” хөдөлгөөнийхөнтэй нэлээд хэдэн удаа уулзсан. Татварын бодлого дээр ийм л асуудал тусгах хэрэгтэй байна гэдэг саналуудыг нь хүлээж авсан. Их үр ашигтай хамтын ажиллагаа болсон. Их хурлын гишүүдийн шүүмжлэл, Иргэний хөдөлгөөнүүдийн гаргаж байгаа санал, бидний тавьж байгаа зорилго нэг л зүйл дээр ирж зангидагдаж байгаа. Энэ бол Монголын ард түмний эрх ашгийн төлөө гэрээний төслийг сайжруулах л тухай асуудал. Тиймээс Иргэний хөдөлгөөнүүдтэй сөргөлдөөд, тэдний яриаг няцаагаад байх шаардлагагүй. Харин ч эсрэгээрээ хамтран ажиллах ёстой л гэж бодож байгаа.
Оюутолгойн гэрээ байгуулах асуудал олон жил яригдаж, асар их хэл ам таталж байгаа. Энэ гэрээний төслийг боловсруулахад хамгийн бэрхшээлтэй зүйл юу байсан бэ?
-Цаг хугацааны хувьд л их хүнд байсан. УИХ хоёр сард багтааж бэлэн болго гээд тогтоол гаргачихсан. Yнэхээр богино хугацаанд ийм том гэрээний төсөл гаргана гэдэг хүнд юм билээ. Манайхан өдөр шөнөгүй ажиллаж байж анхны хувилбараа гаргаж ирсэн. Эдийн засгийн нөхцөл байдлаа харж, уул уурхайн салбарын хөгжлөө бодож үнэхээр энэ гэрээг яаралтай хийх шаардлагатай учраас шөнө өдөргүй л ажиллаж байлаа.
Урьдчилгаа мөнгө хэзээ ямар байдлаар орж ирэх вэ? Гэрээ байгуулагдангуут л Хувьсгалт нам, АН хоёрын амласан 2.5 сая төгрөг гар дээр ирэх байх гэж олон хүн итгэж хүлээж байгаа бололтой.
-Гэрээ байгуулагдангуут 250 сая доллар орж ирнэ. Бид хоёр зүйл дээр ярьж байгаа. Нэг нь 2010 онд хүн амын нэгдсэн тооллого болно. Энэ бол манай улс шилжилт хийснээс хойшхи хамгийн том тооллого. Түүнд оролцох хүмүүс, бусад зардалд энэхүү мөнгөнөөс ашиглана. Мөн хоёр намын сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийн хүрээнд тодорхой хувийг иргэддээ бэлэн мөнгөөр нь өгч болох юм гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Гэхдээ гэрээ зурагдсаны дараа Засгийн газар энэ асуудлыг авч хэлэлцэх нь тодорхой юм.
Ер нь Монгол улсад дахиад Оюутолгой шиг, Тавантолгой шиг ийм баялагтай орд хоёр биш, бүр хорь гуч бий гэж зарим хүн ярьдаг. Энэ яриа хэр бодитой вэ?
-Монгол улс маш их баялагтай орон гэдэг нь ойлгомжтой. Оюутолгой, Тавантолгой бол нээгээд, нөөцийг нь тогтоогоод, ашиглахад бэлэн болчихсон том ордууд. Хайгуул олон газар хийгдэж байна. Саяхан гэхэд л Хэнтий аймагт 3 тэрбум тоннын нөөцтэй нүүрсний том ордыг нээлээ. Энэ ордыг дахиад судална, нөөцийг нь баталгаатай тогтооно. Өвөг дээдэс маань бидэнд асар их баялаг үлдээж. Энэ баялагийг үлдээхдээ Эрдэнэтийн овоо, Оюутолгой, Төмөртийн овоо гээд бүр эрдэнээр нь нэрлээд үлдээчихсэн байна шүү дээ гэж бодогддог юм. Гэхдээ бид баялагаа дэг журамтай, төрийн бодлоготойгоор ашиглах ёстой. Байгалийн баялаг байна гээд хүрз барьж дайраад, хүнд машин механизмаар юу ч үгүй сэндийлж орхиод байж болохгүй. Байгалийн баялагаа буруу ашиглаад сарны гадаргуу шиг хоосон хөндий нүх л болж үлдсэн газар зөндөө л байна шүү дээ. Бид ийм гашуун түүх, туршлагыг давтаж болохгүй.
Ярилцсанд баярлалаа.
[right]Б.Цоож[/right]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *