Хөрсөн дээр бууж хүндээ хүрч ажиллана

0

Хөрсөн дээр бууж хүндээ хүрч ажилланаНөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Чингэлтэй дүүргийн долоо, наймдугаар хорооны иргэд сонгогчидтой уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Нэр дэвшигч Д.Зоригт “Та бүхэн итгэл үзүүлж намайг УИХ-ын гишүүнээр сонговол иргэд сонгогчидтойгоо ойр ойрхон уулзаж хөрсөн дээр бууж, тулж ажиллана. Энэ бол хороо, хэсэг, гудамжны хог, шороог цэвэрлэж, өдөр тутмын ажил хийнэ гэх утгатай амлалт биш. Хорооноос, дүүргээс анхан шатны байгууллагаас улс орны хөгжил эхэлдэг. Ажлыг бага гэж голохгүй хийж бүтээснээр амжилтад хүрдэг. Тиймээс дүүргийнхээ болон хороо, хэсгийн дарга нартай уулзаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана” гэсэн нь олон сонгогчыг баярлуулсан.Түүнийг худлаа хэлэхээргүй хүн гэдэгт чингэлтэйчүүд итгэжээ. Сонгууль болохоор элдэв сайхан зүйл амлаж, бараг танай гэрийн хогыг цэвэрлээд өгье гэх нь халаг байдаг улстөрчид УИХ-ын гишүүнээр сонгогдоод хэлсэн ярьсан бүхнээ мартдаг гэсэн гомдол цөөнгүй гарч байлаа. Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Наранхүү Д.Зоригтыг дэмжин Чингэлтэйн сонгогчдын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ саяхан үзэглэсэн Оюутолгойн гэрээний ач тусын талаар товч бөгөөд тодорхой тайлбар өглөө. Эрхэм гишүүн “Манай Дундговь аймгийнханд хүүхдээ ерөнхий боловсролын сургууль төгсөхөөр нь СУИС-ийн дуулаачийн ангид дуучин болгохоор явуулдаг үзэгдэл элбэг. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гэрээ байгуулах ажлын хэсгийг амжилттай удирдаж ажилласан. Оюутолгой орд ашиглалтад орсноор олон мянган ажлын байр дагалдах үйлчилгээ бий болно. Дундговь зэрэг аймгийн хүмүүс хүүхдээ дуучин болгох биш уул уурхайн нарийн мэргэжил эзэмшүүлэх боломж бололцоо нээгдэж байна” гэсэн. Чингэлтэйн сонгогчид Оюутолгойн гэрээ байгуулах ажлыг амжилттай удирдсанд баяр хүргэж “Зорилготой, зоригтой, Зоригт сайдыг” дэмжинэ гэцгээж байна. Чингэлтэй дүүргийн долдугаар хороо арван хоёр мянган хүнтэй атлаа цэцэрлэг, сургууль байхгүй. Тэр хавийн хүүхдүүд замын нөгөө талд Баянгол дүүрэгт орших сургууль цэцэрлэгт явах нь элбэг гэнэ. Цэцэрлэгийн насны мянга гаруй хүүхэд байдаг юм байна. Yүний зэрэгцээ Хувьсгалчдын гудамжинд 60 орчим өрх гэрэл цахилгаангүй хамгийн ойрдоо 740 метр газраас гэрлийн утас татдаг тухай яригдсан. Нэр дэвшигч эл асуудалд анхаарал хандуулахаа хэлэв. Тус дүүргийн 2500 өрх цахилгааны хүндрэлд орсноос дахин дамжуулах станц барих ажлыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хувьд санаачлан эхлүүлсэн юм билээ. Сонгогч, иргэдтэй уулзалт хийх үед бэлэн зүйл амлуулах гэсэн санал цөөнгүй гарсан. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Оюутолгойн гэрээг батлуулахад амжилт гаргасан гээд нэр дэвшигч Д.Зоригтоос зарим иргэн “Та Оюутолгойд бий болох арван мянган ажлын байранд тойргийнхоо залуучуудаас тоо заагаад ажилд оруулаад өгье” гэж амлаж болдоггүй юм уу гэх асуулт элбэг тохиолдоно. Yүнд нэр дэвшигч ухаалаг хариулт өгч байлаа. Тэрбээр “Оюутолгойд би танай дүүргээс тэдэн хүн ажилд оруулж өгнө гэж худлаа амлаж чадахгүй. Харин нарийн мэргэжилтэй болох, болсон, үнэхээр ажилч хичээнгүй залуусыг тойрог, хот, хөдөөгийнх гэж ялгахгүйгээр дэмжиж тусална. Элдэв муу зуршилгүй мэргэжилдээ гаршсан, ажилсаг залуусыг хаана ч ажилд авдаг. Тойргийнхны хувьд би Оюутолгойд ч юмуу томоохон ордод ажилд оруулж өгнө гэж амлах биш харин сонгогч, иргэн өөрсдөө санаачлан санал хүсэлт ирүүлбэл туслахын төлөө ажиллах болно” гэсэн юм. Эл хариулт олон сонгогч, иргэний сэтгэлд нийцсэн. Нэр дэвшигч Д.Зоригт иргэдтэй хийсэн уулзалтын дараа уламжлал ёсоор зарим айл өрхөөр орж ахуй байдалтай нь танилцлаа. Энэ удаа долдугаар хороонд оршин суудаг Намжилдоржийнхоор орсон юм. Намжилдорж гуайнх УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой нэг нутгийнх гэдгээ сонирхуулан ярив. Тэд 1987 онд илгээлтээр Сэлэнгийн Зүүнхараад ирж ажиллажээ. Харин нийслэлд шилжин суурьшаад 15 орчим жил болсон есөн хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл аж. Нэр дэвшигч Д.Зоригтыг гэр бүлээрээ дэмжиж буйгаа илэрхийлээд Оюутолгойн гэрээ, ажлын байр, дагалдах үйлдвэр үйлчилгээний талаар сонирхон ярилцсан. Мөн залуус ажилгүй явдагт сэтгэл дундуур байдгаа илэрхийллээ. Нэр дэвшигч Д.Зоригтын өчигдөр үдээс хойш ажилласан тус дүүргийн наймдугаар хороо найман мянга гаруй хүн амтай. Аль ч дүүрэг хороонд тулгарсан, хог, цэцэрлэг, сургуулийн асуудал хөндөгдөж байсан юм. Ийнхүү чингэлтэйчүүд МАХН-аас нэр дэвшсэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод итгэл үзүүлэн сонгохоо амлаж итгэл даахаар сайд байна гэдгийг ил тод хэлж байв.

Х.Азбаяр: /VIII хорооны иргэн/
-Манай наймдугаар хороонд Оюутан залуучуудын байгууллага нэртэй сайн дурынхнаас бүрдсэн холбоо ажилладаг. Энэ удаагийн нөхөн сонгуулиар мөрийн хөтөлбөр нь биелэх боломжтой, бодит ажил хийх хүнийг дэмжиж ажиллахаар ярилцсан юм. Тэгээд арав гаруй нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаад Д.Зоригтыг сонгосон. Мөрийн хөтөлбөр нь амьдралд ойрхон биелэх боломжтой, бас залуу хүн. Боловсролын хувьд хэнээс ч дутахааргүй. Yр шим нь энгийн иргэнд мэдэгдэхээр ажлыг санаачилсан. Тухайлбал, гэр хорооллын иргэдэд уурхайнуудын нүүрсийг хямд үнээр 20 кг-аар савлан хүргэж байна. Чингэлтэй дүүрэг 19 хороотой гэр хорооллын 28 цэгт хямдралтай нүүрс борлуулж эхэлсэн гэсэн. Цаашид нийслэлийн хэмжээнд өргөжинө гэж ойлгосон. Би МАХН-аас нэр дэвшсэн Д.Зоригтыг дэмжиж саналаа өгнө.

Ж.Янсанжав: /VII хорооны иргэн/
-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Оюутолгойн гэрээ байгуулах ажлыг хэсгийг ахалж амжилттай ажилласан.
Олон жил хүлээсэн асуудлыг гацаанаас гаргасан. Зарим хүн гэрээг монголчуудад ашиггүй болсон, хүчингүй болгох хэрэгтэй гэсэн зүйл ярьдаг юм билээ. Хичээл зүтгэж гаргаж батлуулсан гэрээгээ буцаагаад хүчингүй болгох нь хаашаа юм бэ. Харин цаашид бурууг нь засч залруулаад, зөвийг зөвөөр нь явуулаасай. Манай тойрогт нэр дэвшсэн Д.Зоригтыг залуу хүн их зүйлийг хийх болов уу гэж найдаж байна. Улс орныхоо эдийн засагт сайн нөлөөтэй том ажлыг гардан хийсэн. Цаашид ч олон зүйл хийх болов уу.

Ц.Болормаа: /VIII хорооны иргэн/
-Оюутолгойн гэрээг баталсныг монголын хөгжил, ард түмнийхээ амьдралыг урагшлуулах томоохон ажил их бүтээн байгуулалтын эхлэл боллоо гэж дүгнэсэн. Ер нь найз нөхөд маань ч Оюутолгойн гэрээ батлагдсанд сэтгэл хангалуун, баяртай, их дэмжиж байгаа. Удаан хүлээгдсэн ажлын сайхан үр дүн юм. МАХН-аас нэр дэвшсэн Д.Зоригтын мөрийн хөтөлбөртэй танилцлаа. Монголын хамгийн их хариуцлагатай, амин чухал яамыг амжилттай удирдаж буй залуу хүн нэр дэвшлээ. Цаашид зөвхөн манай тойрогт төдийгүй нийслэл, улс орны хэмжээний олон тулгамдсан чухал асуудлыг шйидвэрлэхэд Д.Зоригт хувь нэмрээ оруулах байх.

Д.Нармандах:/VIII хорооны иргэн/
-Нэр дэвшигчийн талаар өөдрөг бодолтой явна. Ийм залуу өн-дөр мэдлэг боловсролтой, ажил хийх хү-сэл эрмэл-зэл-тэй хүн УИХ-ын гишүүн болох ёстой. Ямар аж-лыг яаж хийх вэ гэдгээ тодорхой ярьж байна. Хөрсөн дээр бууж иргэдтэй тулж ажиллаж хороо хэсгийн ажлыг сайжруулна гэдгийг их зөв шийдвэр гэж бодлоо. МАХН-аас нэр дэвшсэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг дэмжсэнээр чингэлтэй-чүүд алдахгүй. Монголын төрд, УИХ-д ийм л хүн хэрэгтэй. Аливаа зүйлд хянуур нямбай, хариуцсан ажилдааа эзэн болдог хүү юм. Саяхан Оюутолгойн гэрээг байгууллаа. Монгол орны, монгол хүний хувьд түүхэнд тэмдэглэгдэх чухал үйл явдал шүү дээ. Д.Зоригт сайдыг 2009 оны түүхэн хүн боллоо гэж үнэлж явна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *