Ач охин нь алс хол амьдардаг хэдий ч эмээтэйгээ ойр байхын тулд түүнд зориулан гар утас ашиглах гарын авлага хийж өгчээ

1

Ач, зээ эмээ, өвөөгийн хоорондын харилцаа гэдэг маш нандин, ойр дотно харилцаа байдаг билээ. Гэвч амьдралын нөхцөл, шаардлагаар хайртай, дотны хүмүүс ч нэгнээсээ холдож амьдрах шаардлага тулгарч байдаг нь нууц биш. Яг ийм үйл явдал Табата Гонзалез болон түүний хайртай эмээд тохиолджээ. Эмээгээсээ хол байхыг хүсээгүй охин эмээдээ зориулан гар утас хэрэглэх гарын авлага зурж, хол байгаа ч утсаар дамжуулан үргэлж холбоотой байх боломжийг бүрдүүлжээ.

Хариу нэхэлгүй хайрласан эмээ

Аав нь өндөр цалинтай ажил хайж, гэр бүлээ тэжээхээр АНУ-ыг зорьж, ээж нь ч мөн ижил шалтгаанаар харь орон руу явсан хойно Табата охин дүүгийнхээ хамтаар эмээ дээрээ үлдэж, түүний хайр энэрэл дунд өсч торнижээ.

 

“Эмээ бол миний хоёр дахь ээж”

Ийнхүү эцэг эх нь эзгүй байх үеэр дэргэдээ авч үлдэж, хичээлд нь тусалж, тэдний төлөө бүхнийг хийхийнхээ зэрэгцээ энэ хорвоо дээрх хамгийн чухал зүйлс болох хэн нэгнийг хайрлах, хүндлэх ухаанд хүүхдүүдийг сургасан гэдэг. Хожим эцэг эх нь эх нутагтаа ирээд хүүхдүүдээ авах үед тэдэнд “Миний эмээ бол хүчтэй, хүссэн зүйлийнхээ төлөө тэмцэж чаддаг хүн. Тэр бол миний хоёр дахь ээж” хэмээн бяцхан охин өгүүлж байжээ.

 

Амьдралын эрхээр алсыг зорьсон нь

18 жилийн турш Мексик улсад эмээтэйгээ хамт амьдарсан Табата охин дүүгийнхээ хамт АНУ руу явж, гэр бүлтэйгээ хамт амьдрах боломж олдсон нь том завшаан байсан ч хайртай эмээгээ орхин явна гэдэг охины хувьд бүр ч гунигтай явдал байсан гэдэг. Гэсэн ч Табата охин эмээтэйгээ байнга холбоотой байх үүднээс гар утас хэрэглэх заавар бүхий гарын авлагыг өөрийн гараар хийж өгчээ.

 

Эмээд зориулсан онцгой гарын авлага

Хийсэн зүйлийнхээ тухай Табата охин “Бидэнтэй холбоо барих гэж хэн нэгнийг битгий гуйгаасай гэж бодсондоо би ийм гарын авлага хийсэн юм. Гэвч миний хийсэн энэ зүйл түүний дүү бид хоёрын төлөө хийсэн зүйлсийн дэргэд өчүүхэн жижиг зүйл. Эмээдээ маш их хайртай” хэмээжээ. Уг гарын авлагад холбоо барихад хэрэгцээтэй бүх л үйлдлүүдийг нарийн тайлбарлан зурсан байгааг та харж буй биз ээ.

Ийнхүү АНУ руу явж, үр хүүхэд, ач зээ нартайгаа уулзах хөрөнгө чинээгүй ч ач охиныхоо хийсэн зааварчилгааны тусламжтайгаар тэдэнтэйгээ байнга холбоотой байх боломжтой болжээ. Табата охин эмээгийнхээ тухай “Эмээгийнхээ сургаалийг хэзээд сонсох боломжтой байна гэдэг сайхан байна. Бид хөгжилтэй, хөгтэй дурсамжуудыг олон ч үдсэн. 8 настай байхдаа сургууль руугаа явах гээд л мунгинаж байхдаа бид хоёр намайг хоёр өөр гутал өмсчихсөн байгааг ч анзааралгүй л явчихдаг байлаа” хэмээн өгүүлжээ.

 

Ирээдүйн төлөвлөгөө

Табата энэхүү гарын авлагаа зөвхөн эмээдээ ч бус өвөө, эмээдээ гар утас хэрэглэх талаар зааж чадахгүй байгаа бусдад ч нээлттэй байлгах үүднээс өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Нөгөөтэйгүүр тэрээр цахим сүлжээ ашилан бичлэг хэлбэрээр өндөр настнуудад үр хүүхдүүдтэйгээ гар утсаараа харилцах мэдлэг олгох цуврал бичлэгүүд ч хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Та эмээ эсвэл өвөөдөө гар утас хэрхэн ашиглахыг зааж өгч байсан уу?

9
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *