Юу ч хийхгүй, зүгээр л өөрийгөө түрээсэлдэг 38 настай Япон эр мянга мянган үйлчлүүлэгчтэй болжээ

1

Өдгөө 38 настай Шожи Моримотогийн найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнийг юу ч хийдэггүй, бүхнээс хойш суудаг нэгэн хэмээн цоллодог байжээ. Коллежид суралцаж байх үедээ тэрээр ажил хийхээр олон газруудаар явсан боловч амжилт олоогүй аж. Ийнхүү 2018 онд ажилгүй байсан тэрээр твиттер сүлжээнд “Юу ч хийдэггүй түрээсийн эр” нэрээр өөрийгөө түрээслэх үйлчилгээ хүмүүст санал болгож эхэлжээ.

CBS News агентлагт өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр, “Би өөрөө өөрийгөө түрээслэдэг. Юу ч хийдэггүй, юм ч ярьдаггүй. Надаас юм асуусан тохиолдолд л ам нээдэг” хэмээж байв.

Түүнчлэн The Independent хэвлэлд тэрээр нийт 3000 орчим үйлчлүүлэгчид түрээслэгдэж байсан хэмээсэн бөгөөд өдөрт 3 хүнд үйлчилдэг гэжээ.

Түүнд гэр цэвэрлэхэд туслалцах, найзууд болох, угаалга хийх, сүнстэй байшинд орох, нvцгэн зураг даруулах гэх мэт олон саналууд ирдэг ч тэрээр энэ төрлийн саналд ямагт татгалзсан хариу өгсөөр иржээ. Гэсэн ч тэрээр өвлийн хүйтэнд амжилт тааруухан яваа гудамжны хөгжимчинд түрээслэгдэн түүнийг дэмжиж гудамжинд зогсож, ганцаардмал нэгэнтэй төрсөн өдрийн бялууг нь хуваалцан идэж байсан удаа ч бий гэнэ.

“Хүмүүс намайг олон янзаар л ашигладаг. Зарим хүмүүс зүгээр л ганцаардсан үедээ намайг түрээслэдэг бол зарим нь ганцаараа дэлгүүр хэсэхээс ичсэн болохоор намайг түрээслэдэг. Өдөр бүр өөр өөр хүнтэй, өөр өөр амьдралын хэв маяг дунд орж байна гэдэг сонирхолтой байдаг. Би хэн нэгний найз биш боловч бусдын ганцаардыг бага ч болов хуваалцдаг тийм л нэгэн” хэмээн тэрбээр ярьсан байдаг.

Саяхан тэрээр 30 эргэм насны байнгын нэгэн үйлчлүүлэгчтэйгээ уулзсан бөгөөд тэд тийм ч их зүйл ярилцахгүйгээр зүгээр л нэгнийхээ дэргэд сууж цагийг өнгөрүүлжээ. Тэр үеэр бүсгүй түүнд хандан, “Япон эмэгтэй хүн цаг ямагт бусад хүмүүс өөрийг нь юу гэж бодох бол, бусдад саад болохгүй юмсан гэж бодож явдаг нь тун хэцүү байдаг. Орчин цагт бүсгүйчүүд энэ бодлоо авч хаях нь хамгийн чухал зүйл болоод байна” хэмээсэн аж. Тэгвэл Моримотогийн хувьд япон бүсгүйчүүдийн асуудал болсон энэ зүйлсийг унааны хөлс гэж болох багахан төлбөртэйгөөр л шийддэг гэдгээрээ онцлогтой ажээ.

Түүний үйлчлүүлэгчид ийнхүү бүсгүйчүүд байх нь олон боловч их ажлын дараа алжаалаа тайлахаар хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүссэн эрчүүд ч холбогдох нь цөөнгүй байдаг аж. Тэрээр ажилдаа гарахдаа цаг ямагт цэнхэр саравчтай малгай, хар үүргэвчтэй цүнхтэй явдаг нь түүний нэрийн хуудас мэт хэв маяг болон нэгэнт тогтжээ. Түүнчлэн багагүй алдар нэртэй болоод буй түүний тухай богино хэмжээний цуврал бүтээл Amazon Prime series платформд өнгөрсөн жил нэмэгдэн ороод байгаа ажээ.

9
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *