Уншигч та 14 хүүхдэд цор ганцаараа анхаарал халамж тавих шаардлагатай болсон байна гээд төсөөлөөд үз дээ? Яг ийм зүйл Надя хэмээх ганц бие бүсгүйд өдөр бүр тохиолддог ажээ. Тэрээр 6 хүүхэдтэй байсан бөгөөд 7 хүүхэдтэй болох мөрөөдлөө гүйцэлдүүлэхээр жирэмсэлсэн боловч нэг төрөлтөөрөө 8 хүүхэд төрүүлж 14 хүүхдийн ээж болжээ. Гэсэн ч тэрээр энэ амьдрал нь хүмүүсийн бодож байгаа шиг тийм ч таагүй байдаггүй хэмээн ярьсан юм. Манай сайт уншигч танд 14 хүүхдийн ганц бие ээж Надягийн түүхийг хүргэж байна.
Тэрээр 7 дахь хүүхдээ төрүүлнэ хэмээн бэлдэж байжээ.
Хэдий ганц бие боловч тэрээр өнөр өтгөн гэр бүлтэй байхыг цаг ямагт хүсдэг байжээ. Аль хэдийнээ 6 хүүхдийн эх болсон тэрээр өөрийн хүсэл мөрөөдөл болох 7 хүүхэдтэй болох зорилгоо биелүүлэхийг хүсдэг байсан ч ахин жирэмслэх боломжгүй хэмээн оношлогджээ. Гэсэн ч Надя бууж өгөлгүй, өөрийн орлогоосоо хуримтлал үүсгэж, үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгэж хүслээ гүйцэлдүүлжээ.
Ийнхүү эмч нар Надяд өөрийнх нь хүсэлтээр 6 үр хөврөл суулгасан ч хожим тэрээр өөрийгөө 8 хүүхэд тээж байгаа гэдгээ олж мэджээ.
8 хүүхэд нэгэн зэрэг тээх нь түүнд асар их хүндрэл дагуулж байв.
Надягийн хэлснээр бие давхар болоод ердөө 9 хоногийн дараагаас гэдэс нь томорч байгаа нь илт мэдрэгдэж эхэлсэн бөгөөд 6 сартай бие давхар байхад хавирга нь хугарч, 6 долоо хоногийн турш ээжийнхээ асрамжинд байжээ. Эрүүл мэндийн хүндрэлтэй тулгарсан тул хийсвэр хагалгаа буюу касер хагалгаанд орж хүүхдүүдээ төрүүлжээ. Аз болоход 8 хүүхэд бүгд эрүүл саруул мэндэлсэн ба нэгэн зэрэг 8 хүүхэд төрж, бүгд амьд үлдсэн анхны тохиолдол болон түүхэнд үлджээ.
Өнөр өтгөн гэр бүл өдгөө 3 унтлагын өрөөтэй байранд аж төрж байна.
Хүүхдүүдээ төрүүлэх үедээ Надя ажилгүй, ээжийнхээ гэрт амьдардаг байсан бол тэрээр өдгөө Калифорни мужийн Orange County-д хийж чадах бүх л ажлаа шаргуу хийж, хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулан амьдарч байгаа аж.
Тэд гэр бүлээрээ цагаан хоолтон
Надя гэр бүлээрээ эрүүл хооллож байхыг эрхэмлэдэг бөгөөд бүгд цагаан хоолтон гэдгээрээ түүний гэр бүл онцлогтой. Түүний хүүхдүүд ч ээжийгээ дагаж, цагаан хоолтон болохдоо дуртай байсан гэдэг. Хүүхдүүдийн боловсролын тухайд тэд одоогоор цахим сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд энэ нь Надя бүсгүйд ар гэртээ санаа зоволтгүй ажлаа сайн хийх боломжийг давхар олгодог ажээ.
Долоо хоног бүрийн бямба гарагийн үдшийг тэд гэр бүлийн хөгжилдөх орой хэмээн нэрлэж хамтдаа цагийн зугаатай өнгөрүүлдэг уламжлалтай. Түүний том хүүд энэ уламжлал нь төдийлөн таалагдаад байдаггүй ч тэдний гэр бүлийн бусад гишүүд бүгд бямба гарагийн үдшийг тэсэн ядан хүлээдэг хэмээн Надя дурджээ.
Та өөрийгөө 14 хүүхэдтэй ганц бие ээж болсон байгаагаар төсөөлж чадах уу? Хэрэв та нэгэн зэрэг 8 хүүхэд хэвлийдээ тээж байгаагаа мэдсэн бол яах байсан бэ?