Яагаад онгоцны сандал дандаа цэнхэр өнгөтэй байдаг вэ?

4

Та онгоцны сандал ямар өнгөтэй байдаг талаар анзаарч харж, үүний талаар бодож байсан уу? Бараг ихэнхдээ энэ сандлыг цэнхэр өнгөтэй хийдэг бөгөөд өөр өнгөөр хийсэн тохиолдол маш цөөн байх. Магадгүй тэнгэрийн өнгөтэй гэж болохоор боловч тийм биш бололтой.

Энэ нууцыг тайлан та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Мөн нийтлэлийн төгсгөлд тааламжтай бонус байх бөгөөд тэнд бид онгоцны хамгийн сайхан суудал хаана байхыг хэлж өгөх болно.

Яагаад цэнхэр байдаг хэрэг вэ?

Анх онгоцны сандлыг олон арван жилийн өмнө цэнхэр өнгөтэй хийсэн бөгөөд одоо бараг бүх авиакомпани  энэ өнгийг хэрэглэж байна. Их Британийн эрдэмтдийн үзэж байгаагаар цэнхэр өнгө нь олон хүнд найдвартай, аюулгүй гэсэн утгаар харагддаг бөгөөд энэ нь аэрофоби-той (нислэгээс айх) хүмүүст маш чухал зүйл юм. Мөн судалгаагаар зорчигчдийн 90% нь авиа компаниа сонгохдоо өөрийн мэдэлгүй өнгөөр нь сонгодог гэж тогтоогдсон байдаг.

Мөн хөх-цэнхэр өнгө сонгосон нь илүү ахуйн шинж чанартай байж болох бөгөөд цэнхэр өнгөтэй суудлын бүрээс дээр элдэв бохирдол, толбо, элэгдсэн байдал сайн харагдахгүй учир бусад гэгээлэг өнгөтэй бүрээснээс илүү удаан хэрэглэж болдог байна. Харин бизнес-классын сандлын бүрээс илүү гэгээлэг өнгөтэй ба тэнд зорчих хүний тоо цөөн байдаг учир даавуу нь удаан элэгддэг билээ.

  • Сонирхолтой баримт. 1970-1980-аад оны үед зарим авиа компани сандлын бүрээсээ улаанаар хийж эхэлсэн байдаг. Гэхдээ удалгүй үүнийгээ эргэн цэнхэрээр сольсон ба улаан өнгө нь зорчигч нарын сэтгэл санаанд нөлөөлж, тэд ихээхэн түрэмгий зан ааш гаргаж байсан байна.

 

Даавуу юу арьс уу?

Бүрээсний материалын хувьд хиймэл арьс, хиймэл даавуу байж болно. Холын нислэг гүйцэтгэх, жишээ нь далай дээгүүр нисэх онгоцны суудлын бүрээсийг амьсгалдаг даавуугаар хийх ба энэ нь зорчигч хөлрөхгүй, тохь тух алдахгүй байлгах зорилготой юм.

Харин богино нислэг гүйцэтгэх онгоцонд хиймэл арьс хангалттай. Давуу тал нь үрэгдэж муудах нь бага бөгөөд янз бүрийн толбо тогтох нь бараг үгүй билээ.

  • Сонирхолтой баримт. Сандлын дээд хэсэгт тохдог даавуу, зөөлөн цаас буюу сальфеткаг антимакассар гэдэг байна. Энэ нэр нь макассарын тос гэсэн нэрээс гаралтай ба бүр дундад зууны үеийн Английн тавилга хэрэгслийн нэрэнд ашиглаж байсан ба эрчүүд үсэндээ энэ тосыг их хэрэглэдэг байжээ. Энэ тос нь маш өтгөн бөгөөд сандлын ар хэсэгт хүрэхээрээ арилахын аргагүй толбо үлддэг байсан байна. Үүнээс хамгаалахын тулд тусгай даавуун сальфетка тавьдаг болсон гэдэг.

 

Яагаад цонхны хажуугийн суудал тэр болгон цонхны яг харалдаа байдаггүй вэ?

Та цонхны ойролцоо суусан боловч тэр цонхоор юу ч харж чадахгүй байх явдал тохиолдож байсан уу? Учир нь тэр цонх нь таны сандлын нурууны хэсэгтэй нэг түвшинд, заримдаа бүр ард байрладаг болохоор тэр.

Үүний буруутан нь аль болох олон зорчигч тээж их ашиг олох гэсэн авиа компани юм. Онгоц үйлдвэрлэгч, зохион бүтээгчид сандлын байрлал, тооны талаар баримтлах зарчим бүхий зөвлөгөөг авиа компаниудад өгдөг боловч түүнийг нь тоож анхаардаг хүн бараг үгүй юм.

Онгоцны шаланд байрлах, сандлын байрлал тохируулж болох зам нь авиа компаниудад тийм боломж олгодог ба тэд ч олдсон боломжийг дор нь ашигладаг байна.

 

Бонус: яаж хамгийн сайн суудлыг сонгох вэ?

Онгоцны суудлын эгнээ нь авиакомпанийн сэтгэн бодох чадвар, яг үнэндээ харамч зангаас шалтгаалдаг гэдгийг түрүүн мэдсэн. Тиймээс хамгийн тухтай байрлал сонгоно гэдэг нилээд хэцүү зүйл юм. Гэхдээ боломжгүй зүйл биш билээ.

  • Зарим нэг тусгай сайтууд байдаг бөгөөд тэнд тухайн авиакомпанийн онгоцны суудлын байрлалыг бодит зургаар харуулах ба энэ нь та аливаа нэг суудал танд хэр таарч байгаа, цонхоор юм харах гэж зүгээр суух уу эсвэл тонгойж, гэдийх хэрэгтэй болох уу гэдгээ урьдчилан мэдэхэд туслах юм.
  • Хэрвээ та хөдөлгүүрийн дуу чимээнээс хол байя гэвэл аль болох урагшаа, онгоцны хошуу хэсэг рүү суух хэрэгтэй. Ийм нөхцөлд та үйлчлэгч нарын яриаг байнга сонсох боловч ямар ч байсан хөдөлгүүрийн дуунаас хамаагүй илүү зөөлөн байх билээ. Хэрвээ та ийм суудал сонгож чадсан бол цонхноос хол, явах замд ойрхон суудал авах хэрэгтэй ба энд дуу чимээ бүр илүү бага байна.
  • Мөн бүхээгийн урд хэсэгт байх суудалд бас нэг ач холбогдол бий – энэ нь хоол түгээхдээ эхэлж танд өгөх ба танд хамгийн их сонголт байх болно. Харин сүүл хэсэгт байх зорчигчдод тахиа-загасны алийг нь авах вэ гэсэн сонголт гэж бараг үгүй билээ.
  • Хэрвээ таны өндөр жирийн дунджаас их бол ослын гарцын хажуу дахь суудал сонгох хэрэгтэй. Тэнд эгнээ хоорондын зай их учир та бүх л нислэгийн турш өвдөг чихээ нийлүүлэн явах шаардлагагүй болно.
  • Гэхдээ энэ эгнээг хамгийн сайн байрлал гэж хэлж болохгүй ба сандлыг нь ослын үед онгоцноос гарахад саад болохгүйн тулд арагшаа хэвтдэггүй байдлаар хийсэн байдаг байна.
29
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
9
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Anand Tserendondog

    Anand Tserendondog

    2018/03/26 at 09:56

    Meedkui yagad

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *