
Урин дулаан цагтай зэрэгцэн ундардаг нэг ажил бол байшин барилгын засвар үйлчилгээ, шинэ барилга байшин барих байдаг билээ. Үүнтэй холбоотойгоор үзэгч та бүхэндээ орчин үеийн онцгой содон загвар бүхий нэгэн сууцны байшингийн зургуудыг сонирхуулахаар бэлтгэлээ. Польш-Еврей гаралтай уран барилгачин Даниэль Либескинд /Daniel Libeskind/-ийн студийн хамгийн сүүлийн үеийн төслүүдийн нэг болох “18.36.54” хэмээн нэрлэгдсэн энэхүү өвөрмөц дизайн бүхий сууцны байшин Америкийн Коннектикат мужийн үзэсгэлэнт байгаль бүхий нутагт баригдсан бөгөөд хазгай ташуу хананууд, хурц өнцөг бүхий адар тааз зэрэг байшингийн гадаад харагдах байдлыг хадгалсан содон интерьертэйгээр баригджээ. 915 м.кв талбай бүхий уг байшингийн дээврийг ган төмрөөр хийсэн ба дотор интерьерт дан байгалийн бүтээгдэхүүн буюу бараан өнгөтэй, халуун дулаан мэдрэмжийг төрүүлэх царс модыг ашигласан байна.





























