
Бельгийн Брюссель хотноо Немо 33 /Nemo 33/ нэртэй нэгэн усан сан байрладаг. Брюссель хотын захад орших амралт, зугаа цэнгэлийн төвд байрладаг энэхүү усан сангийн гол онцлог нь Дэлхийн хамгийн гүнзгий усан сан гэдэг нь юм. 2004 онд усанд шумбалтын сургалт зааварчилгаа, амралт зугаа цэнгэл, кино зураг авалтын төхөөрөмж зэрэг олон хэлбэрээр ашиглаж болох байдлаар ашиглалтанд орсон энэхүү усан сангийн цогцолборын загварыг Бельгийн усанд шумбалтын мэргэжилтэн Жон Бернаертс /John Beernaerts/ гаргасан бөгөөд усан сангийн янз бүрийн гүн дэх үйл явцыг харах боломжийг зочдод олгосон олон арван усан доорх цонхнуудтай аж. Янз бүрийн гүнд орших усан доорх загварчлалын агуйнууд бүхий энэхүү усан сангийн хамгийн гүн хэсэгт усны гүн 34,5 метрт хүрдэг байна. Немо 33 усан санг 2,78787 сая литр хлоргүй, дээд зэргээр шүүсэн рашаан усаар дүүргэсэн байдаг ба байнгын Цельсийн 30 градус температуртай байдаг усны температурыг барьж байхын тулд нарны энергийг ашигладаг. Энэ гайхамшигтай цогцолборыг барьж байгуулахад 3,2 сая евро болон 7 жилийн хөдөлмөр зарцуулагджээ.















