
Австралийн Сидней хотод Метро Сейнт Жеймс /Metro St. James/ нэртэй нэгэн кафе үүд хаалгаа нээгээд ердөө гуравхан сар болж байгаа хэдий ч захиалсан кофеныхоо төлбөрийг үнсэлтээр хийх ухаалаг сурталчилгаагаараа олон нийтийн талархлыг ихэд хүлээж, машид алдаршиж байгаа аж. Энэ 6-р сарын турш өглөөний 9-11 цагийн хооронд тус кафегаар үйлчлүүлж, кофе захиалсан хүмүүст кофеныхоо төлбөрийг үнсэлтээр хийх боломж олдож байгаа юм байна. “Бид романтик байдлыг санал болгож байна. Та 6-р сард өглөөний 9-11 цагийн хооронд манай кафед хостойгоо хамт ирээд кофе захиалангаа түүндээ үнсэлт бэлэглэ. Бид таниас мөнгө бус үнсэлт л хүлээж авна.” хэмээн Фейсбүүк хуудсандаа бичсэн тус кафены сурталчилгааны бичлэгт кафены үйлчлэгчдийн нэг нь “Бид таныг харах болно. Энэ үнсэлт нь жинхэнэ үнсэлт байх ёстой. Хуурамч үнсэлтийг би мэдэх болно. Учир нь би бол энэ тал дээр мэргэжилтэн.” хэмээн өгүүлж байх юм. Гайхалтай бөгөөд хосуудын хувьд онцгой мөчийг бэлэглэх энэ сурталчилгаа олон хүнд таалагдаж байгаа юм байна.








