
Майонезийг арай хөнгөн сүмсээр орлуулж, хоолондоо шинэ амт нэмж болно. Салат, махан хоол болон загас амтлах эдгээр сүмсийг бэлтгэхэд маш амархан. Энгийн, олдоц сайтай бүтээгдэхүүнээр хийнэ.
Майонезний оронд хэрэглэж болох дараах сүмсүүдийг сонгон танилцуулж байна.
Цөцгийн сүмс
Орц:
- Оливийн тос – 3 хоолны халбага
- Нимбэгний шүүс эсвэл алимны цуу – 1 хоолны халбага
- Гич – 1 цайны халбага
- Цөцгий – 7 хоолны халбага
- Давс, перец
Хийх арга:
Тос, нимбэгний шүүс, гич, давс, перец тэргүүтнээ жигд холино. Цөцгийгөө нэмж хутгана.
Майонез ордог бүх салатанд хэрэглэж болно. Хачиртай талханд түрхэж бас болно.
Сармис-йогуртны сүмс
Орц:
- Чихэргүй йогурт – 1 аяга
- Сармис – бүтэн толгой сармисны тал
- Оливийн тос – 5 хоолны халбага
Хийх арга:
Сармисаа бүгдийг нь цэвэрлээд нухаж, йогурттай хамт блендэрт эргүүлнэ. Дараа нь тос нэмээд ахиж холино. Давслаад яншуй эсвэл гоньд нэмж болно.
Тарагны сүмс
Орц:
- Чанасан өндөгний шар – 3 ш
- Тараг – 5 хоолны халбага
- Нимбэгний шүүс – хэдэн дусал
- Аарц – 3 хоолны халбага
- Гич – тал цайны халбага
- Давс, перец
Хийх арга:
Бүгдийг нь блендэрт хийгээд 10 минут холино. Махан болон ногооны салатанд илүү тохиромжтой.
Самрын сүмс
Орц:
- Газрын самрын тос /нухаш/ – 4 хоолны халбага
- Ус – 180-200 мл
- Шар буурцагны сүмс – 4 хоолны халбага
- Кунжутын тос – 2 хоолны халбага
- Алимны цуу – 3 цайны халбага
- Нухсан наранцэцгийн үр – 2 хоолны халбага
Хийх арга:
Газрын самрын нухашаа устай хольж саванд хийгээд зөөлөн гал дээр буцалтал халаана. Кунжутын тос нэмж хутгана. Дээр нь алимны цуу, шар буурцагны сүмсээ нэмнэ. Хуурай хайруулын тавагт наранцэцгийн үрээ хуурч шаргал өнгөтэй болгоод, сүмсэндээ нэмж хутгаарай.
Тартар сүмс
Орц:
- Чанасан өндөгний шар – 2 ш
- Тал нимбэгний шахсан шүүс
- Оливийн тос – 120 мл
- Сармис – 1 хумс
- Ногоон сонгино – 100 гр
- Давсалсан өргөст хэмх – 1 ш
- Ногоон чидун жимс – 5-6 ш
- Давс, перец
Хийх арга:
Өндөгний шараа үрж, давс, перец, нимбэгний шүүс нэмээд сайтар хутгана. Оливийн тос нэмж мөн хутгана. Сүмс өтгөрмөгц сонгино ба чидун жимс, мөн өргөст хэмхээ жижиглэж хэрчээд, нухсан сармисын хамт нэмж хийнэ.
Энэ сүмс загас, далайн бүтээгдэхүүн, ногоонд илүү тохирно.
Зөөхий-бяслагны сүмс
Орц:
- Хатуу бяслаг – 175 гр
- Сармис – 2 хумс
- Зөөхий – 200 гр
- Нухсан задийн самар
- Давс, перец
Хийх арга:
Саванд зөөхийгөө хийж, зөөлөн гал дээр халаагаад үрсэн бяслагаа нэмнэ. 5 минутын дараа нухсан сармис, чимх самар хийнэ. Мөн давс, перец нэмээд 3 минут зөөлөн гал дээр байлгана.
Мөөг, тахианы маханд тохирно.
Карри сүмс
Орц:
- Йогурт – 1 аяга
- Карри – 1 цайны халбага
- Исгэлэн чихэрлэг алим – 1 ш
Хийх арга:
Алимаа цэвэрлээд жижиглэж хэрчээд харлахаас нь өмнө йогурт, карритай холино. Шувууны мах, ногоотой идэхэд тохиромжтой.
Тунхуутай зөөхийн сүмс /хрен/
Орц:
- Үрсэн цагаан тунхуу /хрен/ – 3 хоолны халбага
- 20% тослогтой зөөхий – 200 мл
- Нунтаг сармис – тал цайны халбага
- Ногоон сонгино – тал багц
- Давс, перец
Хийх арга:
Зөөхий, тунхуу, давс, перец, сармисаа саванд хийж буцалтал халаана. Гал дээрээс аваад жижиглэж хэрчсэн сонгино нэмнэ. Ногоо, махтай хэрэглэж болно.
Цөцгий-шар буурцагны сүмс
Орц:
- Цөцгий – 1 аяга
- Шар буурцагны сүмс – 1 хоолны халбага
- Сармис – 3 хумс
- Бальзам цуу – 5 дусал
- Гоньд
Хийх арга:
Гоньдоо жижиглэн хэрчээд сармисаа нухна. Бүх хольцоо блендэрт хийж жигд зуурмаг болтол холино.
Өргөст хэмх-бяслагны сүмс
Орц:
- Шинэ өргөст хэмх – 2 ш
- Цөцгий – 6 хоолны халбага
- Зөөлөн бяслаг – 200 гр
- Сармис – 2 хумс
- Нунтаг гоньд – 2 цайны халбага
Хийх арга:
Өргөст хэмхээ үрэгчээр үрж, шүүсийг нь гартал хөнгөн базна. Цөцгий, бяслаг, гоньд, сармисаа нэмж жигд сайн хутгана.







