Өрөөгөө саруулхан болгох 12 санаа

1

Хүн бүр гэртээ байх дуртай, гэр орондоо хайртай. Гэвч заримдаа гэр маань зайгүй давчуу, тааз нурах гэж байгаа мэт, хана шахаж хавчих шиг санагддаг. Ийм үед тавилганыхаа байрлалыг өөрчилж, шинээр засвар хийх зэргээр сул зай талбайгаа ихэсгэх хэрэгтэй юм.

Дотоод заслын зарим “зальтай” аргуудаас хуваалцаж, таны гэрт нэмэлт зай гаргахад туслахаар шийдлээ.

Толин гадаргуутай тавилга

Өрөөгөө саруулхан болгох 12 санаа 1

Гүйдэг хаалгатай шкафанд толь суулгаж өгвөл өрөөг гэгээтэй, зайтай, уужим болгоно. Хамгийн гол нь хэт олон толь тавиад хэрэггүй. Бүжгийн заал шиг болчихно.

Цайвар өнгөтэй хана

Өрөөгөө саруулхан болгох 12 санаа 2

Бараан өнгийн хана, ханын цаас анх харахад унтлагын өрөөг илүү тухтай болгодог мэт боловч зайгүй давчуу харагдуулдаг. Том өрөөтэй бол бараан өнгө сонгоход буруудах юмгүй. Харин багахан өрөөнд цагаан, цайвар хөх, цагаан саарал өнгө илүү тохиромжтой.

Шилэн тавилга

Өрөөгөө саруулхан болгох 12 санаа 3

Шилэн тавилга бол шидтэй зүйл юм. Байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг. Жижиг өрөө, жижиг галын өрөөнд илүү тохирно. Тунгалаг шилэн тавилгууд өрөөнд хөнгөн, жингүйдсэн мэт маяг нэмнэ. Чанар, хэрэглээний хувьд нүсэр модон тавилгаас дутах зүйлгүй.

Дэлгэдэг буйдан

Өрөөгөө саруулхан болгох 12 санаа 4

Зөөлөн том орон дээр унтах дургүй хэн байх билээ? Даанч жижиг байранд ингэж тансаглах бололцоо тэр бүр байхгүй. Гэвч сэтгэлээр унах хэрэггүй, дэлгэдэг буйдангаар орлуулж болно. Энэхүү гайхамшигт эд бол зайг хэмнэж, тав тухыг хангах тал дээр ямар ч асуудалгүй. Зөөлөн оронд шигдээд нам унтаж орхих вий. Сэрүүлгээ тавиарай.

Хөнгөн материалтай хөшиг

Өрөөгөө саруулхан болгох 12 санаа 6

Өрөөнд байгалийн гэрэл сайн тусаж байвал зай талбай ихтэй санагддаг. Иймээс цайвар өнгийн хөнгөн хөшиггүйгээр асуудлыг шийдэх арга алга. Бүлээн салхины аясаар үл мэдэг хийсэн буй хөнгөн хөвсгөр хөшигний цаанаас нар тусаж байна гээд төсөөл дөө. Романтик байна уу? Харин нүсэр хүнд, зузаан бараан хөшгийг үүрд март. Эс бөгөөс танай өрөө Дракулагийн цайзыг санагдуулах болно.

Сайн гэрэлтүүлэг

Өрөөгөө саруулхан болгох 12 санаа 5

Өрөөний гэрэлтүүлэг ч мөн зай талбайг нэмэхэд хамаатай. Энд дүрэм нь энгийн. Гэрэл тод байх тусмаа сайн. Тааз, хана, шалны гэрлүүд ч хэрэг болно. Гол нь өрөөний зохион байгуулалт, дизайнтай нийцэж байх ёстой. Таазандаа том дугуй гэрэл тавих тун зүгээр байдаг.

Илүү зүйлгүй цомхон байх

Өрөөгөө саруулхан болгох 12 санаа 7

Хэрэгтэй хэрэггүй бэлэг дурсгалын зүйл, ваар, аль эрт уншсан сэтгүүл гэх мэт байхгүй байсан ч болохоор дэмий зүйл олон шүү дээ. Тоос цуглуулахаас өөр шидгүй иймэрхүү юмнуудаасаа салчихвал танай зочдын өрөө, унтлагын өрөө цэлийгээд л явчихна.

Шкаф

Өрөөгөө саруулхан болгох 12 санаа 8

Дээр өгүүлсэн жижиг сажиг зүйлсээс салах дургүй байвал нууж болно биз дээ? Өнгө маяг нь өрөөний дизайнд зохицсон аятайхан шкаф их дажгүй байдаг. Хайртай бэлэг дурсгалын жижиг сувинерүүдээ гарт ойр байлгая гэвэл хүний нүднээс далд хийхэд л болно.

Алсалсан зурагтай ханын цаас

Өрөөгөө саруулхан болгох 12 санаа 9

“Зурагтай ханын цаасны моод өнгөрсөн” гэж хэлэх л байх. Гэвч үгүй шүү. Зөв сонгосон зураг бол өрөөнд амьд өнгө нэмж, илүү зайтай харагдуулах увдистай. Зураг нь алслалтай, энэ алслал нь өрөөний гол тавилганы яг ард байх хэрэгтэйг анхаарна уу. Ийм дизайнаар та өрөөндөө нарсан ой “ургуулж”, Парисын гудамжийг ч “барих” бүрэн боломжтой.

Олон давхар тааз

Өрөөгөө саруулхан болгох 12 санаа 10

Тааз чинь толгой дээрээс унах шахам бараантаад байна уу? Бүр дээшээ сунасан өндөр харагдуулъя гэвэл засвар хий. Хэд хэдэн давхар тааз хийвэл илүү өндөрссөн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Бас таазны элдэв өө сэвийг ч хаана. Мөн таазны өнгөн дээр ажиллаж болох юм. Бараан, цайвар, тод өнгүүдийг хослуулж, өвөрмөц хэлбэртэй гэрлийн бүрхүүл сонгоорой.

Овор багатай тавилга

Өрөөгөө саруулхан болгох 12 санаа 11

Нэг өрөө байранд алтан шармал хүрээтэй том том хүрэн тавилга тавьдаг моод өнгөрсөн. Шинэ загварын ч бай, хачин том тавилга шахцалдуулж тавих шаардлагагүй. Гэрт чинь зочид байнга ирдэг бол хэдэн том буйдангаа булангийн буйдангаар солиход л болно. Хүмүүст суух газар олдоно, зай ч хэмнэнэ.

Ханын зураг

Өрөөгөө саруулхан болгох 12 санаа 12

Янз бүрийн хэмжээтэй олон зураг ханандаа өлгөх нь өрөөний ерөнхий дизайныг эвдэж, хүний анхаарлыг сарниулах бөгөөд зайг багасгаж харагдуулдаг гэмтэй. Ганцхан гоё зураг сонгоход л хангалттай. Харин ямрыг? Том хэмжээтэй, гоё өнгөтэй нэг ширхэг зураг өлгөсөн байхад хүмүүс таныг өндөр зэрэглэлийн дизайнер хөлсөлж дээ л гэж бодно. Өөрчлөлтөд бэлэн бай. Өөрөө чөлөөтэй сэтгэ.

31
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *