15-хан минутын дотор бэлтгэх 10 төрлийн өглөөний цай

0

Бид ихэнхдээ өглөө яаран босож, ажил сургуульдаа хам хум бэлтгээд гардаг шүү дээ. Амттай, гоё өрж тавагласан өглөөний цай уухыг мөрөөддөг биз дээ? Гэвч тэгж их цаг үрж байснаас жаахан ч гэсэн нойр авбал илүү дээр санагдана.

Өглөө зөв хооллоод гарахад тэр өдрийн турш эрч хүчтэй, сэтгэл өөдрөг, үр бүтээлтэй байдаг. Ялангуяа өглөөний унд бэлтгэхэд ердөө 15 минут хангалттай бол.

Гадил, нэрстэй бин

15-хан минутын дотор бэлтгэх 10 төрлийн өглөөний цай 1

Орц:

  • Гурил – арай дүүргээгүй 1 аяга
  • Сүү – 1 аяга
  • Өндөг – 1 ш
  • Хөөлгөгч – 1 цайны халбага
  • Цөцгийн тос – 1 хоолны халбага
  • Элсэн чихэр – 1 хоолны халбага
  • Давс
  • Чимэглэх жимс, жимсгэнэ
  • Зөгийн бал эсвэл сироп

Хийх арга:

  1. Гурил, элсэн чихэр, хөөлгөгч, давсаа холино.
  2. Өндгөө хөөсөртөл хутгана. Сүү нэмж хутгаад дээр нь хуурай орцуудаа нэмж холино
  3. Цөцгийн тосоо хайлуулаад зуурмагтаа хийж мөн хутгана.
  4. Хайруулын таваг дээр зуурмагнаасаа бага зэрэг гоожуулж (наалдахгүй бол тосонд хайрах хэрэггүй), хоёр талаар нь тус бүр 2-3 минут хайрна.
  5. Жимс, жимсгэнээр чимэглээд зөгийн бал асгаж өгнө.

Ногоотой фриттата

15-хан минутын дотор бэлтгэх 10 төрлийн өглөөний цай 2

Орц:

  • Өндөг – 6 ш
  • Амтат чинжүү – 3 ш
  • Улаан сонгино – 1 ш
  • Брокколи – 200 гр
  • Ногоон шош /урт/ – 200 гр
  • Нимбэг – ¼
  • Оливын тос – 50 мл
  • Сармис – 2 хумс
  • Цөцгийн тос – 50 гр
  • Давс, нунтаг хар перец, амтлагч

Хийх арга:

  1. Өндгөө давс, бусад амтлагчтай холино.
  2. Брокколийн цэцэгтэй хэсгийг сонгоно. Чинжүүгээ цэвэрлээд нарийн хэрчинэ. Сонгиныг нимгэн хагас цагариг хэлбэртэй хэрчинэ.
  3. Сармисаа нухаж, нимбэгийн шүүс, оливын тостой холино.
  4. Хэрчсэн сонгиноо цөцгийн тосонд зөөлөртөл хуураад, брокколи нэмж ахин 1 минут хуурна. Дээр нь чинжүү, ногоон шош нэмээд мөн 1 минут хуурна. Түрүүчийн сармисаа нэмж хийгээд 30 секундын дараа өндгөө асгаж өгнө.
  5. Өндөг бэхжиж эхэлмэгц, урьдчилж халаасан шарах шүүгээнд хийж 180 хэмд 7-10 минут шарна. Давс, перец, яншуй цацаад таваглана.

Жимс, гранолатай йогурт

15-хан минутын дотор бэлтгэх 10 төрлийн өглөөний цай 3

Гранола – сүүнд дэвтээдэг өглөөний хоол

Орц:

  • Йогурт – 2 аяга
  • Элсэн чихрийн пудр – 1 хоолны халбага
  • Нухсан бүйлс – 2 цайны халбага
  • Гранола – 1 аяга
  • Шинэ жимс, жимсгэнэ – 1 аяга

Хийх арга:

  1. Саванд йогурт, элсэн чихрийн пудр, нухсан бүйлсээ хийж хутгана.
  2. Үүнээсээ 2 хоолны халбагыг авч, өргөн амсартай шилэн аяганд хийнэ. Дээр нь 2 хоолны халбага гранола, 2 хоолны халбага дуртай жимсээ давхарга маягаар хутгалгүй тарааж хийнэ.
  3. Дахиад 2 удаа энэ дарааллаар хийнэ: йогуртан давхарга + гранола, жимс.
  4. Дээр нь бүйлс, гааны шинэхэн навч тавьж өгч болно. Зөгийн бал нэмсэн ч болно.
  5. Хөргөгчинд хөргөөд гаргаж иднэ.

Бяслаг, тахианы махтай аяган кекс

15-хан минутын дотор бэлтгэх 10 төрлийн өглөөний цай 4

Орц:

  • Тахианы цээж мах – 2
  • Үрсэн бяслаг – 1 аяга
  • Гурил – тал аяга
  • Сүү – тал аяга
  • Өндөг – 2 ш
  • Цөцгий – 4 хоолны халбага
  • Амтлагч, яншуй

Хийх арга:

  1. Бяслаг, сүү, өндөг, цөцгий, амтлагчуудаа хольж сайтар хутгана.
  2. Цээж махыг болтол чанаад, жижгэвтэр дөрвөлжин хэрчинэ.
  3. Түрүүчийн бэлдсэн зуурмагтаа тахианы мах, жижиглэсэн яншуй, гурилаа хийнэ.
  4. Аяган кексний хэвэнд энэ зуурмагаа дүүргэж хийгээд, урьдчилж халаасан шарах шүүгээнд хийж, 180 хэмд 15 минут шарна.

Гадил, зөгийн балтай бин

15-хан минутын дотор бэлтгэх 10 төрлийн өглөөний цай 5

Орц:

  • Аарц – 200 гр
  • Өндөг – 1 ш
  • Гадил – 1 ш
  • Гурил – 3 хоолны халбага
  • Ванилин
  • Ургамлын тос – 3 хоолны халбага
  • Элсэн чихэр – 2 хоолны халбага
  • Давс
  • Зөгийн бал

Хийх арга:

  1. Аарц, гадил, өндөг, элсэн чихрээ блэндэрт хийж, жигд болтол холино.
  2. 1 хоолны халбага гурил нэмж сайн хутгана. Ийм маягаар гурилаа бага багаар нэмсээр зуурмагаа хатуу зөөлөн нь дунд зэрэг /талхны зуурмаг шиг/ болтол хутгана.
  3. Хайруулын тавагт тос хийж, сайн халаана. Хоолны халбагаар зуурмагаасаа хутган авч, хэлбэрт оруулж шарна.
  4. Нэг талаас нь 2-3 минут шараад, эргүүлж нөгөө талаас нь мөн 2-3 минут шарна.
  5. Зөгийн бал асгаж, дугуй хэрчсэн гадилаар чимэглээд халуунаар нь идвэл зүгээр.

Тахианы мах, ногоотой лаваш

15-хан минутын дотор бэлтгэх 10 төрлийн өглөөний цай 6

Лаваш – нимгэн хавтгай талх

Орц:

  • Нимгэн лаваш – 4 ш
  • Лууван – 1 ш /дунд зэрэг/
  • Шинэ өргөст хэмх – 2 ш
  • Тахианы ясгүй мах
  • Давс, перец
  • Нунтаг чинжүү /халуун биш/ – тал цайны халбага
  • Амтат чинжүү – 1 ш
  • Салат – 100 гр
  • Цөцгий, эсвэл өөр сүмс

Хийх арга:

  1. Луувангаа үрнэ. Өргөст хэмхийг нарийн хэрчинэ.
  2. Тахианы махыг дөрвөлжин хэрчинэ.
  3. Хайруулын тавагт дунд зэргийн гал дээр 1 хоолны халбага ургамлын тос халааж, тахианы махаа хийгээд болтол нь хуурна. Тавган дээр гаргаж, халуун хэвээр нь байлгана.
  4. Энэ хайруулын тавагтаа нарийн хэрчсэн амтат чинжүү хийж, давслаад зөөлөртөл хуурна.
  5. Лаваш дээрээ цөцгий түрхэж, салат болон бусад орцоо хийхдээ захад нь 2 см зай сул үлдээнэ. Ингээд доод захыг нь дээш нугална.
  6. Дараа нь шанзтай лавашаа ороомог болгон орооно.

Нэрстэй пицца

15-хан минутын дотор бэлтгэх 10 төрлийн өглөөний цай 7

Орц:

  • Пиццаны бэлэн гурил
  • Зөөлөн бяслаг – 120 гр /Almette г.м./
  • Корица – 1 цайны халбага
  • Нэрсний чанамал – 1/3 аяга
  • Шинэ нэрс – 1 аяга

Хийх арга:

  1. Шарах шүүгээгээ 210 хэм халаана.
  2. Дунд зэргийн саванд бяслаг, корицагаа жигд зуурмаг болтол хутгана. Үүнийгээ гурил дээрээ тарааж түрхээд дээр нь нэрсний чанамал мөн түрхэнэ. Шинэ нэрсээ цацаж өгнө.
  3. Пиццагаа шарах шүүгээний торон дээр тавьж, 15 минут шарна. /эсвэл бяслаг хайлж, нэрсний шүүс ялгарах хүртэл/
  4. Пиццагаа гаргаж, хэдэн минут хөргөнө.

Гахайн утсан мах, бяслаг хавчуулсан халуун талх

15-хан минутын дотор бэлтгэх 10 төрлийн өглөөний цай 8

Орц:

  • Талх
  • Гахайн утсан мах
  • Бяслаг
  • Базилик навч – 4 ш
  • Нунтаг чинжүү

Хийх арга:

  1. Зүсэм талхан дээр зүсэм гахайн утсан мах, базилик 2 навч тавиад нунтаг чинжүү цацаж, зүсэм бяслаг, базилик 2 навч, зүсэм талх давхарлаж тавина.
  2. Хэрэв сэндвич хийгч байдаг бол шаргалттал шарна. Байхгүй бол тосгүй хайруулын тавагт хийж хутгуураар хөнгөн дараад, хоёр талаас нь сайн шарж өгнө.

Богино долгионы зууханд хийх шоколадтай кекс

15-хан минутын дотор бэлтгэх 10 төрлийн өглөөний цай 9

Орц:

  • Гурил – 4 хоолны халбага
  • Элсэн чихэр – 4 хоолны халбага
  • Нунтаг какао – 3 хоолны халбага
  • Хөөлгөгч – ¼ цайны халбага
  • Чимх давс
  • Өндөг – 1 ш
  • Сүү – 3 хоолны халбага
  • Цөцгийн тос – 1 хоолны халбага
  • Зөөлөн ирис – 2-3 ш

Хийх арга:

  1. 300 мл-ийн саванд бүр хольцоо хийж хутгана. Богино долгионы зууханд хийж болдог хоёр аяганд хувааж хийнэ.
  2. Богино долгионы зууханд 700 Вт-аар 1 минут эргүүлж халаана. Гаргаж ирээд дээр нь ирис тавина.
  3. Ахин богино долгионы зууханд 1 минут эргүүлж гаргаад бага зэрэг хөргөнө.

Гамбиртай Маргарита пицца

15-хан минутын дотор бэлтгэх 10 төрлийн өглөөний цай 10

Орц:

  • Гамбир – 1 ш
  • Моцарелла бяслаг
  • Нимгэн хэрчсэн улаан лооль – 1 ш
  • Базилик навч
  • Сармис – 3 хумс
  • Оливын тос – 1,5 хоолны халбага
  • Бальзам цуу – 1,5 хоолны халбага

Хийх арга:

  1. Сармисаа нухаж оливын тосонд хутгана. Хагасаар нь гамбираа тослоод, урьдчилж халаасан шарах шүүгээнд 180 хэмд 5 минут шарна.
  2. Гамбир дээр нимгэн хэрчсэн моцарелла хийж давс, перец цацна.
  3. Шарах шүүгээнд ахин 7 минут шарна. Гамбираа түлэхгүйн тулд сайн анзаарах хэрэгтэй.
  4. Үлдсэн тосоо бальзам цуутай хольж, бэлэн болсон пиццан дээрээ шүршиж өгнө. Мөн базилик навчаа хэрчиж цацна.
15
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganaa Gantumur

    Ganaa Gantumur

    2016/04/07 at 18:21

    Wow amttai haragdaj baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *