СКАЙТЕЛ ГРУППЫН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.БАТЖАРГАЛ: БИД 3G ТЕХНОЛОГООРОО САЛБАРТАА ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭЭД БАЙНА

0

СКАЙТЕЛ ГРУППЫН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ш.БАТЖАРГАЛ: БИД 3G ТЕХНОЛОГООРОО САЛБАРТАА ТЭРГҮҮЛЖ ЭХЛЭЭД БАЙНА

Монгол улсын Ерөнхийлөгчийн “Ухаалаг төрийг бүтээхийн тулд хар зургаар биш, технологийн дэвшлээр бүтээх хэрэгтэй” гэсэн уриалгыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ өгөх олон чухал зүйлсийн нэг бол харилцаа холбооны салбарын хөгжил гэж харж байна. Шинэ он гараад хэдхэн хонож байгаа энэ үед 2013 оны “Шилдэг инноваци, дэвшилтэт технологи, know-how хэрэгжүүлэгч” байгууллагаар Монголын үүрэн холбооны Скайтел групп шалгарсан тухай мэдээлэл олон нийтэд хүрээд байгаа. Тэр ч үүднээс Ухаалаг төрийг бүтээхэд гар бие оролцож байгаа мэдээлэл харилцаа холбооны салбарын шилдэгтэй бид уулзлаа. Улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа, нөгөөтэйгүүр дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг хот хөдөөгийн бүхий л иргэдэд тэгш олгож байгаа гээд энэ салбарт сайшаах зүйл олон бий.


Скайтел группын сүлжээ, технологи ямар байсан талаар яриагаа эхэлье? Том шинэчлэлийн өмнөх байдал бас манай уншигчдад сонин шүү дээ.


Скайтел компани 1999 онд байгуулагдаж Монголын үүрэн холбооны салбарт анх өрсөлдөөн бий болж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр үед бид үүрэн холбооны AMPS технологи ашиглан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, тухайн үедээ тансаг хэрэглээнд тооцогдож байсан гар утасны хэрэглээг ердийн хэрэглээ болгож чадсан.

Скайтел компани нь анх байгуулагдснаасаа хойш холбоо мэдээллийн технологийн салбарт шинэ тутам гарч буй шинэлэг технологи үйлчилгээг өөрийн сүлжээнд нэвтрүүлж ирсэн түүхтэй. 2001 оны цагаан сарын өмнөхөн буюу 1-р сард CDMA технологийг нэвтрүүлж байлаа. Уг технологи нь үүрэн холбооны 2-р үеийн технологийн бүх давуу талуудыг агуулсан байхаас гадна Монголд анх удаа гар утас болон модемоор интернэтэд холбогдох боломж  /64kbps хурдаар/ олгосон. Мөн WAP үйлчилгээг ашиглан гар утаснаасаа дуу татах, цаг агаарын мэдээ харах, зурхай унших гэх мэт шинэлэг үйлчилгээнүүдийг авах боломжийг олгож байлаа.

Дараагийн шинэчлэлтийг бид 2006 онд CDMA 1xEVDO буюу СDMA сүлжээний гуравдахь үеийн  технологи нэвтрүүлснээр өгөгдөл дамжуулах хурдыг 3.1Mbps-д хүргэсэн бөгөөд Монголд анхны гар утаснаасаа үзэх боломж бүхий олон сувгийн телевизийн “Style” үйлчилгээ, Skynet Интернэт модемийн үйлчилгээг нэвтрүүлж байлаа. CDMA EVDO өгөгдлийн үйлчилгээг одоогоор Скайтелийн сүлжээ орсон бүхий л газруудад ашиглах боломжтой байна.

2013 оны “Шилдэг инноваци,  дэвшилтэт технологи, know-how хэрэгжүүлэгч” байгууллагаар Монголын үүрэн холбооны Скайтел групп шалгарлаа гэдэг мэдээллийг би олон мэдээллийн сувгаас олж харлаа. Та бүхэнд баяр хүргэе. 2013 онд хийгдсэн томоохон  шинэчлэлийн ажлаасаа хуваалцахгүй юу?


Анх цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан СDMA  технологи нь нууцлал  хамгаалалт сайтай ч гар утас, технологи нь үнэтэй  байсан тул дэлхий нийтэд төдийлөн сайн дэлгэрч чадаагүй юм. Нөгөө талаас дэлхий “хавтгай” болж,үүрэн холбооны дийлэнхи оператор компаниуд GSM стандарт хэрэглэдэг болсон. Ийм ч учраас бид Улаанбаатар хот, бүх аймгуудын төв болон төв зам дагуух 100 гаруй сум сууринд GSM бүлийн42 MbpsDC-HSPA+ сүлжээг 2013 ондхүргээд байна. Ингэснээр бид үүрэн холбооны салбартаа 3G технологийн хамгийн өргөн сүлжээтэй болоод байна. Уг сүлжээг ашиглан Скайтелийн хэрэглэгчид өндөр хурдны өгөгдлийн үйлчилгээг ашиглах боломж бүрдэж байгаагаас гадна, олон жил бусад операторын хэрэглэгч хэдий ч манай хэрэглэгч болохыг хүссэн хүмүүст тээг болдог байсан гар утасны асуудал бүрэн шийдэгдэж байна. Ингэснээр дурын операторын хэрэглэгч ухаалаг утасныхаа СИМ картаа солисноор Скайтелийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэж байна. Мөн уг HSPA+ сүлжээ нь богино хугацаанд, бага зардлаар LTE буюу үүрэн холбооны дараагийн 4 дэх үеийн технологид шилжих боломж олгоно гэх мэт олон давуу талуудтай.

Шагналынхаа талаар та огт дурьдсангүй. Тэр тухайд жаахан тодруулж ярихгүй юу? Мөн цаашид хийх томоохон техник технологийн шинэчлэлийнхээ талаар дэлгэрүүлж хэлбэл


Өнгөрөгч 2013 онд бид дээр дурьдагдсан сүлжээний шинэчлэлийн ажлаас гадна хэрэглэгчийн үйлчилгээ төлбөр тооцооны цоо шинэ систем нэвтрүүлж, HSPA+ сүлжээг нэвтрүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хот дахь өөрийн шилэн кабелийн сүлжээг өргөтгөх ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ ч утгаараа Скайтел групп нь Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэлэгдэхүйц хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдэд олгогддог 2013 оны ШИЛДЭГ ИННОВАЦИ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, KNOW-HOW ХЭРЭГЖҮҮЛЭГЧБАЙГУУЛЛАГА”аар шалгарсан гэж бодож байна.

2014 он бидний хувьд маш онцлог жил учир нь Скайтел групп байгуулагдсны 15 жилийн ой тохионо. Энэ утгаараа бид хэрэглэгчиддээ олон шинэ болон шинэчлэгдсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хүргэхээр төлөвлөж, энэ сараас эхлэн хэрэглэгч төвтэй байгууллага болохоор Сингапур улсын “Service Excellence” /Үйлчилгээний Төгөлдөршилт/ стандартыг үйлчилгээндээ бүрэн нэвтрүүлэх төслийг эхлүүлж байна. 2013 оноос эхлүүлсэн HSPA+ сүлжээний өргөтгөлийг хийж үлдсэн бүх сум суурин газруудад “Sky 3G+” үйлчилгээг хүргэх болно.

Манай уншигчдад Сүлжээний өргөтгөл хийснээр хэрэглэгчдэд ямар давуу талууд бий болох тухай тайлбар өгвөл сайн байна. Учир нь бид чинь технологийн нарийн хэллэгүүдийг тийм ч сайн ойлгохгүй, хол юм шиг л хүлээж авдаг хүмүүс шүү дээ.


HSPA+ сүлжээг ашигласнаар хэрэглэчид өндөр хурдаар өгөгдлийг хүлээн авах дамжуулах боломжтой болж байна.Үүний хамгийн энгийн жишээ нь гар утаснаасаа өндөр хурдаар интернэтэд холбогдох боломж юм. Ингэснээр та өөрийн гар утас, таблет-наас интернэтийн бүх давуу талыг мэдрэх болно.Алс хол суугаа дотны хүмүүстэйгээ интернэт ашиглан дүрсээ харан ярилцах, хэрэгцээт мэдээллээ олж авах, дуу хөгжим сонсох, зураг татаж авах, цахим шуудангаа шалгах гээд маш олон үйлдэл хийж болно.

Бид нэгэнт бий болгосон  дэд бүтцээ ашиглаад хэрэглэгчид болон байгууллагуудад олон төрлийн шинэлэг үйлчилгээнүүдийг санал болгож байна. Энд мөн дурьдахад өндөр хурдны өгөгдөл дамжуулах хүчин чадал бүхий энэ сүлжээ нь зөвхөн хүмүүсийн хоорондын харилцааны хэрэгсэл төдий бус улмаар харилцаа холбооны үүргийг хүн-техникийн хооронд, техник-техникийн хооронд гүйцэтгэдэг болсноор харилцаа холбооны салбарын үүрэг, ач холбогдлын цараа улам тэлж байна.

Хамгийн сүүлчийн жишээг дурьдахад Скайтел групп  Шинэчлэлийн Засгийн газартай  хамтран Ард түмний цаг завыг хэмнэж, ихээхэн талархал хүлээгээд байгаа ТҮЦ машины төсөл дээр хамтран ажилласан байгаа. Эдгээр машинуудад Скайтелийн 3G+ дугаарууд ажиллаж өндөр хурдаар мэдээллийг машин хооронд дамжуулж байна. Мөн саяхан нээлтээ хийсэн замын цагдаагийн шалгах төхөөрөмжүүд ч Скайтелийн HSPA+ сүлжээгээг ашиглан мэдээлэл дамжуулж байна. Энэ мэтээр хүмүүсийн өдөр тутмын амьдралд харилцаа холбоо маш ихээр нэвтэрч, цаг завыг нь хэмнэж байна. Эдгээр ажлуудад өөрсдийн хувь нэмрээ оруулж Монгол улсынхаа хөгжлийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаадаа бид бүхэн баяртай байдаг.

Таны ажлын тухай сонсоход сайхан байна. Манай өвөө эмээ хоёр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд суугаа одоо тэдэнтэйгээ ч шууд интернэтээр холбогдож болох нь ээ. Яг үнэндээ бид чинь ажил гэж гүйгээд хайртай хүмүүстээ ч цаг гаргаж чадахгүй байгаа шүү дээ.


Энэ үнэхээр бахархмаар сайхан ажил шүү. Нийтдээ 50 гаруй хоногийн томилолт, 100 гаруй хүний хүч хөдөлмөрөөр тэр алс холын сумдад сүлжээг хүргэчихээд талархсан мэдээг 7 хоног тутмынхаа шуурхай хурлаар мэдэж суух сайхан байдаг. Олон ч хүнээс талархсан мэдээ сонссон. Хамгийн ойрын жишээ гэхэд Дорнод аймагт 3G сүлжээг хүргэсний дараахан манай борлуулалтын мэргэжилтнүүд явж байхдаа 8 жил уулзаагүй зөвхөн утсаар ярьж байсан ээжийг нь, Япон улсад амьдарч байгаа хүүтэй нь дүрсийг нь харан яриулж,  барааг нь хараагүй байсан 2 настай зээг нь харуулан яриулахад хөөрхий настай эмээ уйлж байсан нь үнэхээр ажлаараа бахархах сэтгэлийг төрүүлж байсан шүү. Энэ том ажлын ард хамтдаа гарсан удирдлага, багийн хамт олон, харилцагч түншүүддээ дахин талархснаа илэрхийлье.

Мэдээж технологийн цоо шинэ түвшинд хүрнэ гэдэг сайхан хэрэг. Гэхдээ аливаа юмыг хийж бүтээхэд саад бэрхшээл байнга тулгардаг нь тодорхой. Харин энэ тал дээр буюу сүлжээний шинэчлэл хийхэд тулгарч байгаа гол хүндрэлийн талаар дурдвал…


Нэг технологиос өөр технологид шилжих ажил нь тун их хөрөнгө хүч хөдөлмөр шаардсан ажил байдаг. Гэвч Скайтелчууд бид нэгэн баг болон ажиллаж хэрэглэгчиддээ аль болох хүндрэл учруулахгүйгээр алгуурхан шилжих шат дараатай олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Өнгөрсөн бүх хугацаанд системийн шилжүүлэлт хийхтэй холбоотой гарсан зарим нэгэн доголдлыг зөвөөр ойлгон, хүлээцтэй хандаж дэмжсэн хэрэглэгчиддээ талархал илэрхийлье.

Хот хөдөө ялгалгүй 3G сүлжээнийхээ өндөр хурдны өгөгдлийн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэх, мэдрүүлэх, улмаар ердийн хэрэглээ болгох нь бидний бас нэгэн  гол зорилго билээ. Орон нутагт тавьсан тоног төхөөрөмжийг бид төвтэй холбохдоо шилэн кабель, радио релейний станц болон сансрын хиймэл дагуулын сүлжээ гэх мэт дамжуулах байгууламжийн сүлжээг ашигладаг. Тэгвэл зарим сум суурин газруудад эдгээр дамжуулах байгууламжийн хурд хязаарлагдмал байдгаас хамаарч HSPA+ сүлжээг хангалттай хурдтай ашиглах боломжгүй болж байгаа талууд гарч байна. Гэвч эдгээр асуудлуудыг төрийн болон хувийн хэвшлийн бусад компаниудтайгаа хамтран нааштайгаар түргэн шуурхай шийдвэрлэж байна. Үнэхээр таны асуусан шиг бэрхшээл саад байсан хэдий ч ард нь гарахаар туршлагатай, эрч хүчтэй, ажилсаг багаараа ажиллаж  байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *