
Сэтгэцийн өвчнөөр шаналж буй хүн бидний дунд хэд байгаа бол? Үгүй ээ, бид энэ удаад тусгай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн тухай яриагүй юм шүү.
ДЭМБ-ын 2019 оны статистик тооноос харахад Дэлхийн 8 хүн тутмын нэг нь нэг удаа ч болов ямар нэгэн байдлаар сэтгэл санааны хямралд орж үзсэн байдаг ажээ. Манай улсын хувьд үүнийг ядарсан эсвэл сэтгэл санаа таагүй байна гэсэн тайлбараар үл тоон орхидог. Харин 2020 он цар тахлын жил болж дэлхий дахинаараа сэтгэл зүйн өвчлөлд нэрвэгдэх болжээ. Энэ утгаараа одоо уг өвчний онош 25-30 хувь нэмэгдээд байгаа юм.

Гэхдээ бидний дундаас хэн нь сэтгэцийн өвчинд илүү их өртдөг вэ? Эмэгтэй, эрэгтэй хүйсийн хувьд бус харин ажил мэргэжлийн хувьд. Томчууд шиг асуудлаа шийдэж чаддаггүй хүүхдүүдийн зөрчилдөөнтэй өдөр болгон тулгарч байдаг сургуулийн багш нар байж болох юм. Дээр нь, сурагчдын эцэг нь нь насанд хүрээгүй хүүхэд шиг авир гаргана. Мөн аюултай нөхцөлд ажилладаг мэргэжилтнүүд сэтгэцийн өвчлөлд өртөж байж болох юм.

Голландын эрдэмтдийн тооцоолж үзсэнээр, дээр дурдсан мэргэжилтнүүд сэтгэцийн өвчнөөр өвдөх жагсаалтыг тэргүүлсэнгүй. Голландчуудын хувьд хоол хүргэлтийн ажилтан, таксины жолооч нар илүү өртөмтгий гэсэн дүгнэлт гарсан байна. Тэд энэ салбарт ажилладаг 3,5 мянган хүнийг судалгаанд хамруулж үзэхэд тэдний дунд сэтгэл зүйн хямрал ихээр ажиглагджээ.

Энэ нь бага цалин, хамт олонтойгоо харилцах боломж хомс, хэт их ажлын ачаалалтай нь холбоотой байж болох юм гэж дүгнэсэн байна. Мөн ажлын цагийн хуваарь тогтмол бус байдал ч нөлөөлнө. Төрөл төрөгсөдтэйгөө хамт цагийг өнгөрөөх боломж хомс, өөртөө анхаарал халамж тавих цаг гаргаж чаддаггүй учраас сэтгэцийн өвчинд амархан өртдөг.

Тиймээс хаалга тогшин таны захиалгыг хүргэж өгсөн ажилтанд “Баярлалаа” гэж хэлж байгаарай. Энэ үг түүний сэтгэл зүйд шууд эерэгээр нөлөөлөхгүй ч гэлээ, хүнд таатай мэдрэмж төрүүлэх нь тодорхой.







