“Үл үзэгдэх нөхөөс” буюу Какецуги техникээр урагдаж цоорсон хувцсыг цоо шинэ мэт болгон нөхөх Япон арга

0

Какецуги гэдэг нь Япон хэлээр “үл үзэгдэх нөхөөс” гэх утгатай үг бөгөөд цоорсон хувцас хэрэглэлийг уг аргаар нөхөхөд нүдэнд төдийлөн мэдэгддэггүй ажээ. Гэвч орчин цагт цоорсон оймс зэрэг хувцсыг нөхөхөөс илүү шинээр худалдан авах нь цаг хугацаа хэмнэсэн, үнэ өртөг ч хямд болсон тул нөхөөс хийх явдал тун ховор болсон билээ. Хэдий тийм боловч таны хамгаас хайртай хувцас урагдаж, сэмэрвэл яах вэ? Тэгвэл хайртай хувцсаа хаяж чадахгүй ч цоорхой хувцас өмсөж чадахгүй байгаа хэн бүхэнд какецуги хэмээх япон арга туслах нь лавтай.

Дээр тайлбарласанчлан үл үзэгдэх нөхөөс гэх утга бүхий нэртэй энэ арга нь урагдсан, сэмэрсэн хувцсыг цоо шинэ мэт болгоход тусална. Одоогоос хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгосын SBS суваг какецугигийн талаар 55 жил хувцас урлаж, хувцас засварын ажил хийж яваа Такао Мацумототой ярилцсан нь тухайн үедээ олны анхаарлыг ихээр татаж байсан гэдэг. Хожим өнгөрсөн жил түүний охин Гото Ёшико аавынхаа хамтаар нүдэнд үл үзэгдэх нөхөөсний талаар Японы NHK сувагт ярилцлага өгсөн нь ахин цахим сүлжээнд хүмүүсийн анхаарлын төвд оржээ.

Какецуги нөхөөсийг хийхдээ юун түрүүнд нөхөөс хийх тухайн хувцастай ижил өнгө, загвартай даавууг дөрвөн талаас нь сэмэлж утсыг нь чөлөөлөх бөгөөд ширхэг тус бүрийг нь сонгон авахад чөлөөтэй байлгах үүднээс самнаж орооцолдоог гаргана.

Ийнхүү нөхөөс хийх даавууг бэлэн болмогц хувцасны цоорхой хэсэг дээр нөхөөсөө тавиад нөхөөсний сэмэлсэн утас нэг бүрийг хувцас руугаа болгоомжтойгоор оёж оруулна. Оёдол дууссаны дараа нөхөөсийг индүүдэж дарснаар какецуки нөхөөс дуусах ажээ.

Хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижиг цоорхойг ч нөхөх боломжтой энэ арга нь нөхөөсний хэмжээ томрох тусам маш их ажиллагаа шаардах тул илүү үнэтэй хийгддэг аж. Кимоно Тотонойн веб сайтдаа бичсэнээр мэргэжлийн оёдолчид энэ төрлийн 0.5 см диаметр бүхий нөхөөсийг 136 ам.долларын үнэлгээтэй хийдэг бол 3 см хүртэл диаметртэй нөхөөс нь 362 ам.доллар гэхчилэн үнэлэгддэг байна.

Хэдийгээр асар үнэтэй хийгдэх боловч какецуги нь хэн нэгний хувьд үнэлж барамгүй дурсамж, үнэ цэн бүхий хувцсыг хадгалахад тийм ч өндөр өртөг биш гэдэг нь гарцаагүй. Иймээс ч энэ төрлийн нөхөөсийг ихэвчлэн түүхэн ач холбогдолтой үзмэр эсвэл зайлшгүй нөхөх шаардлагатай хувцас хэрэглэлд ихээр ашигладаг аж.

6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bolormaa Tsedennorov

    Bolormaa Tsedennorov

    2022/08/08 at 19:02

    Munkhuchral Dorj ингэж оёдог шүү. Бас л нарийн ур гаргах ажил.

  2. Nina Ricci

    Nina Ricci

    2022/08/08 at 22:22

    Нарийн ажиллагаатай юм бна