iPhone 13 гар утас хиймэл дагуултай холбогдох боломжтой болсноор үүрэн холбооны сүлжээ ороогүй газарт ч дуудлага хийж, мессеж бичих боломжийг хэрэглэгчдэд олгоно

0
  • iPhone 13 гар утас хиймэл дагуултай шууд холбогдох технологийг хэрэглэгчдэд санал болгоно.
  • Ингэснээр хэрэглэгч сүлжээгүй газраас ч дуудлага хийж, мессеж бичих, 4G, 5G интернэтэд холбогдох зэрэг үйлдлийг хийх боломжтой болох аж.
  • Тус гар утас “Qualcomm” брендийн чипийг суулгаснаар тус компанийн хиймэл дагуултай холбогдох бүрэн боломж нээгдэж байгаа юм.

Apple компанийн удахгүй танилцуулах гэж буй iPhone 13 гар утас хиймэл дагуултай шууд холбогдох шинэ технологийг хэрэглэгчдэд санал болгохоор төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр сүлжээгүй газарт ч утасны дуудлага хийж, мессеж бичих, 4G, 5G интернэтэд холбогдох зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой болж байгаа гэдгээрээ онцлогтой ажээ.

TF International Securities компанийн шинжээч Мин Чи Куо MacRumors хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэхүү гар утас нь өөртөө дэлхийн тойрог замд буй хиймэл дагуулуудтай холбогдох боломжийг олгох “Qualcomm” чиптэй болсон талаар дурджээ.

Тус чипийг Qualcomm болон Globalstar компаниуд хамтран “Qualcomm X60” чипийг ашиглан бүтээжээ. Түүнчлэн iPhone 13 сүлжээгүй газарт ажиллах боломжтой ч үүрэн холбооны оператор компаниудыг мэдээж дэмжиж ажиллана хэмээжээ.

Qualcomm болон Globalstar компаниуд хамтран “Qualcomm X60” чипийг шинэчилж хиймэл дагуултай холбогдох боломжийг бүрдүүлэх чип бүтээсэн аж. Globalstar компани нь доорх зурагт харагдаж буй 48 Лео нэртэй хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргаад байгаа юм.

АНУ-ын тухайд AT&T болон Verizon зэрэг үүрэн холбооны оператор компаниуд ямар нэгэн нэмэлт төлбөргүйгээр Globalstar компанийн санал болгож буй үйлчилгээнүүдийг авах бүрэн боломжтой болж байгаа ажээ.

Тэгвэл 9to5Mac хэвлэлийн мэдээллэж байгаагаар сүлжээгүй газарт хэрэглэгчийн хийх дуудлага болон мессеж илгээх үйлчилгээг зөвхөн iMessage, FaceTime ашиглан хийх эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа гэжээ.

Түүнчлэн Apple компанийн зүгээс өөрийн бүтээгдэхүүнүүдийг дэмжиж ажиллах VR нүдний шилийг ч гаргахаар ажиллаж байгаа гэх мэдээлэл гарч эхлээд байгаа ажээ.

Энэхүү мэдээ цацагдсан даруйд Globalstar компанийн нэгж хувьцааны үнэлгээ 64 хувиар нэмэгдэж $2.35 болсон байна.

Одоогийн байдлаар Apple болон Globalstar албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа ч Globalstar компанийн хиймэл дагуул CDMA технологи ашиглан дэлхийн гадаргын 80 орчим хувьд хүрч ажиллах боломжтой хэмээн веб сайт дээрээ тэмдэглэжээ.

 

Ийнхүү iPhone 13 гар утас хиймэл дагуулуудтай холбогдох боломжтой болсноор дэлхий даяар утасгүй интернэтийн сүлжээ бий болгох зорилготой байгаа SpaceX компанийн Starlink сүлжээнд нэвтрэх бүрэн боломж нээгдэнэ гэж үзэж байгаа аж. Өнгөрсөн 6-р сард SpaceX компанийн СЕО Илон Маск 2022 он гэхэд Starlink сүлжээ хагас сая орчим хэрэглэгчтэй болох зорилт тавьж, 30 сая долларын санхүүжилт хийхээр төлөвлөж байна хэмээн мэдэгдэж байсан билээ.

Apple компанийн хувьд өөрийн бүтээгдэхүүнийг хиймэл дагуултай холбогдох боломжийг эртнээс эрэлхийлж байсны илрэл нь 2019 онд хиймэл дагуултай мэдээлэл солилцох туршилт явуулж байсан явдал билээ. Ийнхүү тэд гар утасны зах зээлд хувьсал хийх шинэ бүтээгдэхүүнээ энэ оны 9-р сарын дундуур нийтэд танилцуулахаар зэхэж байгаа юм.

Түүнчлэн iPhone 13 гар утас өмнөх загваруудаас илүү хүчирхэг камертайгаар хийгдэж байна гэсэн мэдээлэл байгаа бөгөөд дэлгэцийн хэмжээний хувьд iPhone 12 гар утастай ижил буюу 5.4 болон 6.1 инч, Pro загвар нь 6.7 инчийн дэлгэцтэйгээр худалдаанд гарах ажээ.

5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.