Зөвхөн Энэтхэгт л олж харах боломжтой 12 хачирхалтай зүйл

0

БНЭУ буюу бидний сайн мэдэхээр Энэтхэг улс нь дэлхийд хүн амын тоогоор хоёрдугаарт орох томоохон гүрэн билээ. Иймээс ч тус улс маш олон үндэстэн ястан нэгдсэн, олон төрлийн соёл, уламжлалыг хадгалсан орон болсон биз ээ. Манай сайт уншигч танд зөвхөн Энэтхэгт л байх сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

1. Гэрлэсэн бүсгүй хүн хөлийн хуруундаа бөгж зүүдэг

© Depositphotos.com

Барууны ихэнх орнуудад гэр бүл болсон хүмүүс зүүн гарны ядам хуруундаа бөгж зүүж гэр бүлтэй гэдгээ илэрхийлдэг. Гэвч Энэтхэгт хүмүүс баруун гартаа хуримын бөгжөө зүүдэг ажээ. Учир нь тэд зүүн гарыг бохир хэмээн үздэг ба тус гараараа гутал, хувцас цэвэрлэхээс эхлээд бохир гэх бүх ажлыг хийдэг байна.

Түүнчлэн гэр бүлтэй бүсгүйчүүд хөлөндөө мөн бөгж зүүдэг гэнэ. Тэдний “бичхияа” хэмээн нэрлэдэг хөлнийхөө ядам хуруунд бөгж зүүх нь Хинду шашны уламжлал ажээ.

Хинду шашинтнууд ийнхүү хөлнийхөө хуруунд бөгж зүүх нь эрүүл мэндэд олон талын эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэдэг байна. Тухайлбал, тэд ийнхүү бөгж зүүх нь бүсгүйчүүдийн сарын тэмдэг ирэх хугацааг тогтмол болгож, эмзэг эрxтний эрүүл мэндэд тустай хэмээн үздэг. Мөн зүүж буй бөгж нь ерөнхийдөө мөнгөн байдаг шалтгаан нь мөнгө хүний бие дэх сөрөг энергийг гадагшлуулдаг гэж итгэдэгтэй нь холбоотой.

 

2. Энэтхэгчүүд жилийн 6 улиралдаа тохирсон хоол хүнс хэрэглэдэг.

© Pixabay.com, © Pixabay.com

Энэтхэг улс нь албан ёсоор жилийн 4 улиралтай гэж тооцогддог боловч Хинду шашинд Варша буюу борооны улирал, Хэмант буюу өвлийн эхэн улирал гэх хоёр улирал мөн байдаг гэж үздэг байна. Энэтхэгчүүд эртний уламжлалт Аюрвед хэмээх анагаах ухааны үндсэн дээр улирал тус бүрт идвэл зохилтой хүнс гэж байдагт итгэдэг.

Аюрвед нь хүнсээр дамжуулан биеийн хүч тамирыг тэнцвэртэй байлгахад чиглэдэг бөгөөд идэж буй зүйлс тань эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэж үздэгтэй нь холбоотой. Ийнхүү тэд улирал тус бүрт боловсорч гүйцдэг хүнсний бүтээгдэхүүнээр хооллодог ажээ.

Жишээлбэл, зуны улиралд тарвас, өргөст хэмх тэргүүтэй жимс, ногоог түлхүү иддэг байна. Ийнхүү усархаг жимс ногоо хэрэглэх нь биеийн чийгшлийг халууны улиралд хадгалахад тусалдаг аж. Харин борооны улиралд хүмүүс ханиад томуу тусах нь элбэг байдаг тул хад жимс зэрэг үл исэлдүүлэгч агуулсан жимс иддэг.

 

3. McDonald’s тэргүүтэй түргэн хоолны газрууд цагаан хоолтнуудад зориулсан олон төрлийн хоолны цэстэй.

Instagram / natbentley

Цагаан хоолтнуудын тоогоор Энэтхэг улс дэлхийд тэргүүлдэг ажээ. Тус улсын нийт хүн амын 38 орчим хувь нь амьд амьтан бүхнийг энэрч хайрлах ёстой гэдгийг чухалчилдаг Хинду шашны нөлөөгөөр мах иддэггүй байна. Түүнчлэн тэд үхэр зэрэг амьтдыг тахин шүтдэг.

Иймээс McDonald’s тэргүүтэй түргэн хоолны сүлжээ газрууд үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хүндэтгэж McAloo, Tikki Burger болон McVeggie зэрэг шош, төмс, халуун ногоо зэргээс бүтсэн түргэн хоолыг санал болгодог аж.

 

4. Үхрийг хүн адил хүндэтгэж үздэг.

© Pixabay.com

Хинду шашинд эх дэлхийн төлөөлөл гэж үхрийг үздэг тул хүмүүс тэднийг тахин шүтдэг ажээ. Хүн, амьтныг тэжээдэг гэх үнээний сүү ч тус улсад маш үнэтэй байдаг. Иймээс ч Энэтхэгийн гудамжаар үхэрнүүд сул чөлөөтэй бэлчиж явдаг аж. Үүнээс үүдэлтэйгээр замын хөдөлгөөнд саатал учрах, түгжрэл үүсэх явдал ч цөөнгүй тохиолддог байна. Учир нь Энэтхэгчүүд үхрийг өөрийн тааллаар явж өнгөрөх хүртэл түүнийг замаас гаргах, холдуулахыг цээрлэдэг.

Тэд үхрийг нядлaх болох экспорт хийхийг xориглосон байдаг. Түүнчлэн 2007 оноос Энэтхэгт үхэрнүүдэд өөрсдийнх нь зурагтай, үнэмлэх олгож эхэлжээ. Ингэснээр тэд экспортлогдохоос бүрэн сэргийлэгдэнэ гэж үзсэн аж. Ийнхүү өөрт нь үр өгөөжгүй үхэрнүүдийг фермерүүд хотын гудамжинд орхих нь элбэг болжээ.

 

5. Сармагчингууд усан санд чөлөөтэй нэвтэрч, цаасан шувуу ч нисгэж чаддаг.

© Shutterstock.com

Үхэр тэргүүтэй амьтад Энэтхэг оронд эрх дураараа амьдардаг гэдгийг бид нэгэнтээ мэддэг болсон билээ. Тэгвэл тус улсад амьтад байшингийн дээвэр дээрээс цаасан шувуу нисгэж тоглох зэрэг хүний нэгэн адил үйл хөдлөл хийх нь мөн л түгээмэл ажиглагддаг гэнэ. Түүнчлэн Мумбай хотод хэсэг сармагчингууд усан санд эрх дураараа сэлж зугаацаж байгаа нь ч бичигдэн үлдсэн байдаг аж. Сармагчинг усанд тийм сайн сэлдэг гэж та өмнө нь төсөөлж байсан уу?

 

6. Энэтхэгт гуравдагч хүйсийн талаарх ойлголт бий.

© allg/Depositphotos.com

Эрэгтэй, эмэгтэй хүйснээс гадна хижра гэх ойлголт Энэтхэгт байдаг. Тэд гуравдагч хүйстнийг ийнхүү нэрлэдэг бөгөөд 2014 оноос эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш эдгээр хүмүүсийг хуулиар хүлээн зөвшөөрсөн аж.  Тэд өнгө алагласан хувцас өмсөж, нүүрээ будаж явдаг гэнэ. Энэтхэгчүүд хижрачууд нэг бол аз авч ирнэ эсвэл гай зовлон дуудна гэж итгэдэг.

Энэтхэгийн гудамжаар тэд машины цонх цохиж, ерөөл хайрлаж, хэлсэн ерөөлийнхөө хариуд бага зэрэг зоос өгөхийг хүсдэг ажээ. Зарим нэг нь хурим найраар орж, хосуудад аз жаргал хүсч явах нь ч бий.

 

7. Энэтхэг хүн модтой эсвэл амьтадтай гэр бүл болох боломжтой.

Энэтхэгт хүмүүс мод эсвэл амьтадтай гэр бүл болох бүрэн боломтой байдаг ажээ. Хууль эрх зүйн хүрээнд ямар нэгэн зохицуулалт байхгүй боловч энэ төрлийн ёслол үйлдэх уламжлал тэдэнд бий. Ингэх үндсэн шалтгаан нь мөн л Хинду шашинтай холбоотой.

Тодруулбал, тус шашинд “Мангал Доша” тээж яваа хүмүүсийг азгүйтэл дагаж явдаг гэж итгэдэг аж. Мангал Доша нь хүнийг төрөх үед ангараг гарагийн байршил хаана байснаар тодорхойлогддог уламжлалт одон орон зурхайн нэгэн ойлголт бөгөөд хэрэв Мангал Дошатай бол гэр бүлд нь саад тотгор учирдаг гэж тэд үздэг.

Ийнхүү тэд өөрт учирч болох гай зовлонг ан амьтан эсвэл ургамал модонд шилжүүлэхийн тулд ёслол үйлддэг заншилтай. Охид бүсгүйчүүдийн хувьд Мангал Дошаг арилгахын тулд жинхэнэ гэрлэлтээс өмнө гадилны модтой хуримын ёслол үйлддэг аж. Тэрхүү ёслолыг энэтхэгчүүд Кумбха Виваха гэж нэрлэдэг.

 

8. Хүүхдийн нүдийг буддаг.

© Unsplash.com

Олон энэтхэг эцэг эхчүүд хүүхдийнхээ нүдийг будах хандлагатай байдаг. Гэхдээ тэдний будаж буй тэрхүү будаг нь дэлгүүрт зардаг бидний мэдэх энгийн нүдний будагнаас эрс ялгаатай. Уг будгийг “кажал эсвэл сурма” гэж нэрлэдэг бөгөөд Энэтхэгийн аль бүс нутагт хэрэглэж байгаагаас хамаарч өөр өөрөөр нэрлэгдэх нь бий.

Кажалын үндсэн найрлагад стибнит гэх сульфат эрдэс, хорголжин хүхрийн хүдэр зэрэг зүйлс багтдаг. Ийнхүү хүүхдийнхээ нүдийг будах нь хүүхдийг чөтгөp, шyлмаас хол байлгаж, аливаа өвчин эмгэгээс ангид байлгах давуу талтай гэж тэд итгэдэг ч эмч нарын зүгээс үүнийг нь эрс няцаадаг аж.

 

9. Гудамжинд эрчүүд хөтлөлцөж явах нь элбэг.

© Depositphotos.com

Энэтхэгт олон нийтийн газар ижил хүйсийн хүмүүс хөтлөлцөж явах нь тун түгээмэл зүйл ажээ. Эрчүүдийн хувьд ч мөн ижил хөтлөлцөх, тэврэлдэх зэргээр үнэнч нөхөрлөлтэй гэдгээ нэгэндээ илэрхийлдэг байна.

 

10. Цaгдаагийн албан хаагчид тун ажилдаа тун бүтээлч ханддаг.

© pavelvero/Depositphotos.com

Энэтхэгт цaгдаагийн албан хаагчид өдөр тутмын ажилдаа тун бүтээлч ханддаг ажээ. Тэд дуулгандаа гар утсаа тогтоох олон төрлийн зүйлс хийж зүүх, өдөр тутамдаа хийх ёстой зүйлсээ тэмдэглэх зэрэг боломжтой бүхнийг хийдэг гэнэ. Түүнчлэн тэд хууль зөpчсөн этгээдийг шийтгэх өөрийн гэсэн аргатай байдаг байна.

Тухайлбал тэд хүмүүсийг гудамжинд йогийн дасгал хийх, бясалгал хийхийг шаардах эрхтэй байдаг. Тус улсын цaгдаагийн ажилтнууд ч өөрсдөө өдөр тутамдаа йог, бясалгалын дасгал хийж уур бухимдал, таагүй мэдрэмжүүдээсээ ангижрах хэрэгтэй гэж үздэг ажээ.

Түүнчлэн энэтхэг цaгдаа нарын дунд нэг түгээмэл байдаг бас нэгэн зүйл бол живэр сахалтай байх явдал юм. Учир нь сахал үс ихтэй ажилтнуудад цалингийн нэмэгдэл олгогддог байна. Үүний шалтгаан нь эрх баригчид нь живэр сахалтай байх нь илүү хүндэтгэлтэй дүр төрхийг бүрдүүлдэг гэж үздэгтэй холбоотой.

 

11. Дийлэнх энэтхэгчүүд хинди хэлээр ярьдаггүй.

© Depositphotos.com

Энэтхэгт 19,500 орчим хэл, аман аялгуу хэрэглэгддэг боловч үүний ердөө 121 нь л 10,000 буюу түүнээс олон хүн хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Мэдээж хинди хэл тус улсын албан ёсны хэлнүүдийн нэг боловч Энэтхэгт үндэсний хэл гэх ойлголт үгүй.

Нийт хүн амын 44 орчим хувь нь төрөлх хинди хэлтэй бол удаах хамгийн их хэрэглээтэй хэл нь бенгали хэл ажээ. Тус хэлээр нийт хүн амын 8.3 хувь нь ярьж, өөрсдийн төрөлх хэл хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.

Түүнчлэн англи хэлийг ч тэд албан ёсны хэлний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд тус улсад нийт 129 сая англи хэлтэн бий гэх судалгаа бий. Энэ нь англи хэлтнийхээ тоогоор дэлхийд АНУ болон Нигер улсуудын дараа орох үзүүлэлт юм.

 

12. Могойг ихээр шүтэн биширдэг, баяр наадмаараа пирсинг хийлгэдэг.

© ASSOCIATED PRESS/East News

Олон үндэстэн, ястны эх нутаг болсон Энэтхэг оронд тоо томшгүй олон төрлийн баяр наадам болдогт гайхах зүйлгүй. Холи хэмээх өнгөний баяр, Кумбха Мела хэмээх хинду нарын гол руу шумбадаг наадам зэрэг олон сонирхолтой, дэлхий даяар алдартай наадмууд бий.

Түүнчлэн Нааг Панчами гэх могойн баяр ч мөн байдаг аж. Энэ баярыг Шравана сарын 5 дахь өдөр тэмдэглэдэг бөгөөд могойг ихэд хүндэтгэж, сүү, харх зэргээр хооллодог байна.

Хэрэв та Энэтхэг орноор зочилж байсан бол дээрх зүйлсийг анзаарч харж байсан уу?

7
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *