Олон нийтийн дундах вакцины тухай ташаа ойлголтыг хамтдаа залруулъя

0

Дархлаажуулалтын үйл явц идэвхтэй үргэлжилж буй энэ үетэй зэрэгцэн вакцинтай холбоотой үнэн худал нь үл мэдэгдэх олон төрлийн мэдээлэл нийгмийн мэдээллийн сүлжээн зэрэг цахим орчинд тодорхой эх сурвалжгүйгээр тархсаар байгаа билээ.

Энэхүү мэдээг уншиж буй та ч гэсэн вакцины тухай ойр дотнын хэн нэгнээсээ болон  танилаасаа сонссон олон янзын  мэдээлэлтэй болж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Гэвч тэрхүү олон янзын мэдээлэл нь ихэвчлэн үзэл бодлууд байх нь элбэг бөгөөд баримтад тулгуурласан нь цөөн байгаа нь ганц манай улсын хувьд бус дэлхий нийтийн асуудал болоод байна. Тиймээс бидний зүгээс олон нийтийн сүлжээнд тараад буй тэдгээр мэдээллийг нягтлан, албан ёсны эх сурвалжаас эш татан  баталгаажуулсан залруулгыг бэлтгэлээ. Энэхүү мэдээллийг бэлтгэхэд хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилго бүхий Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь анхны ашгийн төлөө бус, бие даасан, мэргэжлийн редакци болох www.factcheck.mn хамтран оролцлоо.

 

1. “Вакцин COVID-19-ийн шинэ хувилбарын эсрэг үйлчлэхгүй” – ҮГҮЙ

Хэдийгээр вирус мутацид орж өөрчлөгдсөн ч вакцин үр нөлөөтэй хэвээр байх болно. Үр дүн нь 95%-д хүрэхгүй байж болох ч үр дүнгээ тодорхой хэмжээнд өгнө. Тухайлбал, The New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлсэн судалгаанаас харахад мутацид орсон коронавирусийн эсрэг үйлчлэл сул болохыг тогтоосон байв.

 

2. “Вакцин хийлгэхийн өмнө ЭСРЭГ БИЕТИЙН ШИНЖИЛГЭЭ хийлгэх шаардлагатай.” – ҮГҮЙ

Олон нийтийн сүлжээнд эх сурвалж нь тодорхойгүй дараах мэдээлэл зураг хэлбэрээр тархсан нь “Хариулт: Эсрэг биет цусанд хангалттай байвал вакцин хийлгэж болохгүй, учир нь хэв хэмжээнээс хэтэрсэн эсрэг биет вирусын эсрэг биш бүх биеийн эсрэг довтлон аутоиммуны эмчилгээгүй өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй” энэхүү мэдээлэлтэй холбоотой сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа дараах дараах хариултыг өгчээ. (2021 оны 3 сарын 16-ны өдрийн Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн бага хурал) “Вакцин хийлгэх зорилгоор эсрэг биет үүссэн эсэхийг тогтоох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Эсрэг биет илрүүлэх шинжилгээ үнэтэй байдаг.”

 

3. Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсний дараа эсрэг биетийн шинжилгээ өгөх шаардлагатай юу? – ҮГҮЙ

Харин “Вакцины хоёр тун хийлгэсний дараа өөрийн биед дархлаа бүрэн тогтсоныг шалгах зорилгоор эсрэг биетийн шинжилгээ хийлгэх шаардлагатай юу?” гэсэн асуултад ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа дараах мэдээллийг өгсөн байна. (2021 оны 4 сарын 21-ний өдрийн Эрүүл Мэндийн Яамны хэвлэлийн бага хурал). Тэрбээр: “Вакцины хоёр тунд хамрагдсан хүн заавал эсрэг биет илрүүлэх шинжилгээ өгөх шаардлагагүй. Нийт 617 183 хүн вакцин хийлгэснээс 2304 буюу 0.04 хувь нь халдвар авсан. Эдгээр хүмүүсийн 74 хувь нь вакцин хийлгэснээс хойших 21 хүртэлх хоног дотор халдвар авсан гэсэн үг. Вакцины хоёр тунг хийлгэсэн ч дархлаа 70-95 хувьтай тогтоно. Тиймээс вакцины хоёр тунгаа хийлгэлээ гээд амны хаалт зүүхээ болино гэсэн үг биш. Вакцин хийлгэсэн, эсэхээс үл хамааран халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахина.

АШУҮИС-ын Дархлаа судлалын тэнхимийн профессор С.Цогтсайхан 5-р сарын 4-нд өөрийн фэйсбүүк хуудасдаа “Коронавирүсийн нийт эсрэгбиеийн титрээр вакцины дараа дархлаа үүссэнийг үнэлэх нь учир дутагдалтай. Хамгаалах хэмжээний эсрэгбие үүссэнийг баримжаалах босго хэмжээг өнөөдөртөө хэн ч санал болгоогүй байна. RBD-ийн эсвэл ядаж л S уургийн эсрэг үүсэн эсрэгбиеийн титрийг вакцин хийлгэхийг өмнөх титртэй нь харьцуулж байж л шингэний дархлааны урвалыг үнэлнэ. Тэгээд ч эсрэгбиеийн титр нь хувь хүний онцлог, вакцин хийлгэснээс хойш өнгөрсөн хугацаанаас хамаарч өөр өөр байна. Цаана нь бас эсийн дархлаа гэж бий. Эмнэлгийн тусгай заалт байхгүй бол эсрэгбие тодорхойлуулах ямар ч шаардлага байхгүй шүү дээ”.

 

4. “COVID-19-ийн эсрэг вакцин халдварын шалтгаан болдог” – ҮГҮЙ

Дархлаажуулалтад ашиглаж эхэлсэн болон одоо ч хөгжүүлэлтийнхээ шатанд явж буй, амьд вирус агуулсан вакцин ч ийм байх боломжгүй. Харин одоогоор гарч буй хамгийн түгээмэл нөлөөлөл нь тарьсан газарт өвдөх ажээ. Зарим хүний хувьд толгой өвдөх, халуурах, ходоод гэдэс эвгүйрхэх шинж илэрч байгаа бол зарим хүнд тарилга хийсэн газар бага зэрэг хавдах гэхчлэн шинж тэмдэг нийтлэг тохиолдож байгаа бөгөөд энэ нь тухайн хүний дархлааны систем халдварын эсрэг ажиллаж байгаагийн илрэл хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Мөн энэ мэт шинж тэмдэг л бүх л төрлийн вакцин хийлгэхэд гардаг хариу урвал гэдгийг Бриджпорт дахь Сент-Винсентийн Анагаах ухааны төвийн Халдварт өвчний тасгийн дарга Иванависиене тодотгожээ. Тухайлбал, томуугийн вакцин хийлгэлээ гэдэг нь томуу тусаж байгаа гэсэн үг биш.

 

5. “Хэрэв вакцин хийлгэсэн бол амны хаалт зүүхгүй байж болно” – ҮГҮЙ

Хэдийгээр вакцин хийлгэсэн ч ойрын ирээдүйд хүмүүс амны хаалт зүүх хэрэгцээтэй хэвээр байх нь. Учир нь COVID-19-ийн эсрэг вакцин тухай хүнийг халдвар авахаас сэргийлэх нь цааш халдвар тараагч болохгүй гэдэг нь одоогоор судлагдаагүй буюу нотлогдоогүй байгааг АНУ-ын Хүнс болон эмийн агентлагийн Pfizer вакцины талаарх дүгнэлтэд бичжээ.

Вирусийн эсрэг ихэнх вакцин тухай хүний халдвар тараах дамжуулах нөхцөлийг бууруулдаг. Гэхдээ одоохондоо Pfizer-BioNTech-ийн COVID-19-ийн эсрэг вакцин энэ дамжуулалтыг бууруулах эсэхийг шинжлэх ухааны нийгэмлэг хараахан тогтоогоогүй байна. Жишээ болгоход, томуугийн вакцин нь бүх хүнийг ханиад томуу тусахаас сэргийлж чадахгүй ч тухайн хүнийг томуугаар хүнд өвдөх, үхэх эрсдэлээс хамгаалдагтай адил. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэсэн ч халдвар дамжуулж болох тул амны хаалт зүүх нь чухал хэвээр байна.

 

6. COVID-19-ийн вакцин хийлгэсний дараа шинжилгээ өгвөл ЭЕРЭГ гарах уу? – ҮГҮЙ

ДЭМБ-ын зөвшөөрсөн болон клиник туршилтад явж байгаа аль ч вакцин хийлгэхэд ЭЕРЭГ гарна гэсэн үг биш буюу тэгж чадахгүй. Харин дархлаа тогтож байгаатай холбоотойгоор эсрэг биеийн шинжилгээгээр ЭЕРЭГ гарах боломжтой. Вакцин нь эсрэг биеийн шинжилгээнд ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа үргэлжилж байна.

 

 

 

7. COVID-19-өөр өвчлөөд эдгэсэн ч гэсэн вакцин хийлгэх хэрэгтэй юу? – ТИЙМ

Хэдийгээр та COVID-19-ийн халдвар өмнө нь аваад эмчлүүлсэн ч тус вирусийн эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй. Учир нь эдгэрсэн хүмүүс дахин хэр удаан хугацаанд халдвар авахгүй байх боломжтойг эрдэмтэд хараахан тогтоогоогүй байна. Хэдийгээр халдвар аваад эдгэсэн ч дахин вирусээр халдварлах боломжтой байгаа учраас тэр. Хэрэв та нөхөн сэргээх плазм эмчилгээ хийлгэсэн болон моноклональ эсрэг биет танд үүссэн бол 90 хоног хүлээгээд вакцин хийлгэж болно. Энэ тухай эмчтэйгээ зөвлөх боломжтой. Эрдэмтэд энэ чиглэлээр судалсаар байгаа бөгөөд шинэ мэдээллийг тухай бүрд нь хүргэсээр байна. ЭНД-ээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 

8. COVID-19 вакцин миний ДНХ-ийг өөрчлөх үү? – ҮГҮЙ

COVID-19 вирусийн эсрэг вакцин ямар ч байдлаар таны ДНХ-ийг өөрчлөх болон нөлөөлөх боломжгүй. Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа вакцин нь хоёр төрөл байна. Энэ нь mRNA болон вирусийн вектор агуулсан вакцин юм. Pfizer-BioNTech болон Moderna вакцинууд нь mRNA аргаар гаргаж авсан буюу дархлааны хариу урвалыг өдөөх уургийг хэрхэн яаж хийхийг эсэд заадаг гэж болно.

Энэ төрлийн вакцин нь бидний ДНХ агуулагдаж буй эсийн цөмд огт нэвтэрдэггүй буюу нэвтрэх ямар ч боломжгүй. Тиймээс ДНХ-д ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэхгүй. Johnson & Johnson’s Janssen COVID-19-ийн эсрэг вакцин нь вирусийн вектор агуулсан вакцин юм. Энэ нь сулруулсан буюу хоргүй вирусийн хувилбарыг ашиглан эсүүдэд мөн хамгаалах аргыг заадаг гэсэн үг. Ингэхдээ генетикийн материалыг ашигладаг ба энэ нь хүний ДНХ-д нөлөөлөх болон хуримтлал үүсгэхгүй. Эдгээр вакцинуудын үр дүнд бидний дархлааны систем COVID-19 вирус биед орж ирэхэд цаашид хэрхэн өөрийгөө хамгаалах аргыг сурч авдаг.

 

9. Хэрэв би жирэмслэхээр төлөвлөж байгаа бол COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэх нь аюулгүй юу? – ТИЙМ

Хэрэв та одоо болон ирээдүйд жирэмслэхээр төлөвлөж байгаа бол коронавирусийн эсрэг вакциныг хийлгэх боломжтой. Уг вирусийн эсрэг вакцин нь жирэмслэлт болон ихэст ямар нэгэн нөлөө үзүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Мөн жирэмслэлтийн явцад гаж нөлөө үзүүлдэг гэсэн нотолгоо ч байхгүй юм. Коронавирусийн гаж нөлөөг эрдэмтэд судалсаар байгаа бөгөөд цаашид ч олон жил судалгаа үргэлжилнэ.

 

10. COVID-19-ийн эсрэг вакцинаас халдвар авах уу? – ҮГҮЙ

Коронавирусийн амьд вирусээр таныг тариагүй учраас вакцин хийлгээд халдвар авахгүй. COVID-19-ийн эсрэг хэд хэдэн төрлийн вакцин ашиглагдаж байгаа бөгөөд тэдгээр нь бүгд хүний биеийн дархлааны системд уг вирусийн эсрэг хэрхэн тэмцэхийг заах нэг л ижил үүрэгтэй.

Энэхүү үйл явц нь халуурах зэргээр шинж тэмдэг үзүүлэх боломжтой бөгөөд нь тэр нь дархлаа тогтож буйн илрэл буюу хэвийн үзэгдэл.

COVID-19-ийн эсрэг дархлаа тогтоход вакцин хийлгэснээс хойш цөөн хэдэн долоо хоног шаардлагатай. Харин ийнхүү дархлаа бүрэн тогтоогүй үед халдвар авах боломжтой.

Энэ мэт хуурамч мэдээллүүд бидний эргэн тойронд түгэн тархсаар байна. Factcheck.mn сайтын өнгөрсөн онд нягталж шалган худал болохыг нь тогтоосон бүх хуурмч мэдээллээс үзвэл 10 орчим хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдсэн. Харин үлдсэн 90 орчим хувь буюу дийлэнх хэсэг нь жирийн иргэдийн өөр хоорондоо түгээсэн хуурамч мэдээллүүд байжээ. Энэ нь цахим орчинд өөр хоорондоо мэдээлэл солилцож буй та бид өөрсдөө хуурамч мэдээллийн гол түгээгчид нь болж байгаа гэсэн үг юм. Тиймээс уншсан мэдээлэл бүрдээ шууд итгэлгүй, шүүн тунгааж бодсоны эцэст итгэх, улмаар цааш түгээх эсэхээ шийдэж байх нь энэ цаг үеийн залуусын заавал эзэмшсэн байх чадварын нэг болоод байна.

Та бүхэнд вакцинтай холбоотой өөр төрлийн санаа зовнисон асуулт байгаа бол өөрийн саналаа комментоор бичиж үлдээгээрэй. Мөн энэхүү мэдээллийг ойр дотнынхон болон бусад найзууддаа түгээж олон нийтийн дундах ташаа ойлголтод залруулга хийгээрэй.

3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *