Хоол хүнсээ хөргөгчинд хэрхэн зөв хадгалах вэ?

6

Анхны ахуйн хөрөгчийг 1913 онд бүтээж байжээ. Бодоход энэ хугацаанд бид хөргөгчийг зөв ашиглаж сурах хангалттай зай байсан мэт боловч хөргөгчинд хүнсээ хэрхэн зөв хадгалах талаар мэдэхгүй хүмүүс бидний дунд одоо ч байсаар байна.

Ихэнх хүмүүс хөргөгчийг хэрхэн ашигладаг бол? Ердөө л сул зайд нь хүнстэй саваа хийгээд л болоо. Хөргөгчинд хүнсээ аль болох удаан хадгалж болдог, энэ үед хүнс нь амт чанараа алддаггүй тийм л байх нь бидний зорилго.

Хөргөгч нь таны худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүний оршуулгын газар байж болохгүй юм. Идээгүй, хэрэглээгүй удсанаас хадгалах хугацаа нь дууссан зэрэг хүнсний бүтээгдэхүүн нь шууд л хогийн саванд хаягдаж хайран мөнгө дэмий үрэгддэг.

Хүнсний бүтээгдэхүүн хадгалах

Хүнсний бүтээгдэхүүн хөргөгчинд хадгалах нь өөрийн гэсэн дүрэмтэй ба эдгээр нь хөргөгч ашиглах заавар дээр бий.

Хөргөгчинд хадгалах дүрэм

1. Хөргөгчинд халуун зүйл хийж болохгүй.

2. Хүйтнээ алдахгүйн тулд хөрөгчийн хаалгыг сайн хаана.

3. Таны хөргөгч no frost системийнх байлаа ч ядаж жилдээ ганц удаа бүрэн салгаж (хөлдөөгчтэй цуг) гэсгээж цэвэрлэх хэрэгтэй.

4. Хөргөх явцад уур гарч цан үүсгэх хүнсийг тагтай болон хүнсний гялгараар баглаж хөргөгчинд хийнэ.

5. Хүнсээ үе үе шалгаж хугацаа нь дууссан, муудсан, иссэн хэсгийг нь гаргаж хаяна.

6. Үүний дараа хөргөгчөө цэвэрлэж хортой бактери, муухай үнэрийг арилгана.

 

Эмх цэгцтэй тайлбарлах нь

Хөргөгчийн дундаж хэм 0-ээс +8 хооронд хэлбэлзэх ба хөрөх явц нь дээрээс доош чиглэлтэй байна. Энэ нь хүнс хадгалахад анхаарах гол зарчим билээ.

Тиймээс жимс ногоо, сүүн бүтээгдэхүүн зэрэг хурдан муудах зүйлийг хөрөгчийн дээд хэсэгт хийдэггүй. Хамгийн дээд хэсэгт консерв, дарсан өргөст хэмх, жимсний чанамал зэргийг хийнэ.

Орчин үеийн ихэнх хөрөгчний хөлдөөгч нь доод талдаа байх учир хурдан муудах сүүн бүтээгдэхүүн, түүхий мах, загасыг түүний дээд тавиур дээр хадгална.

Хөрөгчний дунд хэсэгт “зөөлөн” хэмтэй буюу +3-аас +6 орчим байдаг. Энд бэлэн хоол, шинэ ногоо, өндөг, цөцгийн тос, бяслаг, хиам, зүссэн махан бүтээгдэхүүн, онгойлгож нээсэн консерв, амттан хадгална.

Гэрийн эзэгтэй нарын гаргадаг хамгийн дэлгэрсэн алдаа нь сүүгээ хаалганы тавиурт хадгалах явдал юм. Тэнд хамаг л лонхтой зүйлийг хадгалдаг учир энэ нь яг л зөв мэт санагдана. Гэтэл чухам энэ хэсэгт байх хүнс хамгийн хурдан мууддаг байна.

Хаалга  нь хөргөгчийн хамгийн эмзэг газар гэдэг. Хаалгыг байнга онгойлгож, хааж байх учир агаарын хэмийн хэлбэлзэл хамгийн их байдаг байна.

Тийм учраас энд хадгалахад хамгийн тэсвэртэй хэмээх хүнс болох ундаа, битүү савтай сүмс, эм зэргийг хадгална. Мөн ойрын 3-4 өдрийн дотор идэх бол өндөг хадгалж болдог.

 

Хүнсээ юунд хадгалах вэ?

Хөргөгчинд хүнсээ зөв хадгалах гэдэг нь тусгай уут саванд хийж, янз бүрийн хүнсний үнэр хоорондоо холилдохгүй, бусад хүнсэнд шингэхгүй, хүнсний дээд хэсэг хатаж хуурайшихгүй байлгах тухай ойлголт юм.

Та гаднаас хүнс аваад гэртээ орж ирээд задлахдаа эхлээд гялгар уутнаас нь салгах хэрэгтэй бөгөөд энэ нь зөвхөн тээвэрлэхэд л зориулсан баглаа юм.

Хүнсний тусгай уут ашиглан ногоо, жимсийг хөрөгчинд хадгалж болно. Бусад хүнсийг янз бүрийн тагтай саванд хийж хөргөгчинд хадгална.

Гэхдээ сав, боодлоо зөв сонгох хэрэгтэй. Хүнсний тусгай саванд бяслаг, салат, цөцгийн тос, шинэ жимс хадгална. Ийм хуванцар саванд ногоо, жимс ч бас хадгалдаг байна.

Шилэн савыг бүх л зүйлд ашиглаж болох бөгөөд сүүн бүтээгдэхүүнд энэ нь их чухал: сүү, тараг зэргийг задлаад шууд шилэн сав, лонхонд хийж байгаарай.

Мөн ийм саванд цөцгийн тос, тараг, задалсан консерв, бэлэн хоол хадгална. Хүнс худалдаж авахад нь цуг байсан баглаа боодолтой өндөг, цөцгийг хоёр хоног хадгалж болох ба мөн ургамлын тосыг хадгалдаг.

 

Зөвлөгөө

Хиам, зайдас зэргийг шинээр нь хадгалахын тулд хүнсний цаас, тугалган цаасанд боож хадгалдаг. Мөн зүссэн хиам, бяслаг, цөцгийн тос, бэлэн хоолыг хатаахгүйн тулд дээрх аргыг задгай саваа таглах байдлаар хэрэглэж болно.

Түүхий хүнсийг (ялангуяа мах, загас) гялгар уутанд, хуванцар саванд, шилэн саванд хадгална. Хөнгөн цагаан болон паалантай сав үүнд тохирохгүй. Металл сав нь хүнстэй, тэр дундаа түүхий хүнстэй хүрэлцэх үедээ хүчиллэг бодис үүсгэж хүнсийг хордуулж болзошгүй юм.

Ямар нэг баглаа боодолгүйгээр зөвхөн ногоо, жимсийг л хадгалж болно: гялгар уут болон хуванцар саванд жимс илүү хурдан “амьсгалж”, өөрийн илүүдэл чийгнээс болж мууддаг. Харин тэдгээрийг хадгалахын өмнө угаах нь буруу юм шүү. Ингэснээр та тэдгээрийг хамгаалах хамгаалалтын хальсыг нь үгүй болгож хадгалах хугацааг богиносгоно.

 

Хүнс хадгалах хугацаа

Хүнсний уут болгон дээр хадгалах хугацаа нь тэр болгон байдаггүй. Тиймээс та энэ талын мэдээллийг урьдчилж олж авсан байх хэрэгтэй бөгөөд үүнийг ашиглан өөрийн хүнсний хадгалах хугацаа, нөөцөө тооцно.

Адил төстэй хүнсний хадгалах хугацаа янз бүр байх нь их. Жишээ нь майонез (тостой учир) айлгүйгээр бүтэн сар хадгалж болох бол задалсан кетчуп нь долоо хоногийн дараа хорт бодис ялгаруулж эхэлдэг.

Ихэнх хүнсийг хөлдөөж болох ба энэ нь хадгалах хугацааг ихээхэн нэмэгдүүлнэ.  Хальстай өндгийг хөлдөөхгүй боловч шар цагаанаар нь ялгасны дараа хөлдөөж бүтэн жил хадгалж болно.

Мөн өтгөрүүлсэн сүүг хөлдөөхгүй бол янз бүрийн рулет-ороомог, зөөлөн боовыг хөлдөөгөөд гэсгээсний дараа шинэ мэт үнэр, амтаа хадгалж байдаг байна. Усан ногоо болон жимсийг (тарвас, төмс, редис), сүүн бүтээгдэхүүнийг хөлдөөж болохгүй.

Хөргөгчинд ямар хүнсийг ямар хугацаагаар хадгалах вэ:

  1. Түүхий мах – 3-5 хоног
  2. Татсан мах – 1-2 хоног
  3. Гахайн утсан мах, хиам – 7 хоног
  4. Бүтэн шувууны мах – 1-2 өдөр
  5. Загас – 3-4 өдөр
  6. Өндөг – 3 долоо хоног
  7. Хоормог – 5 өдөр
  8. Тос – 1 сар
  9. Сүү – 5 хоног
  10. Жимс – 1-2 өдөр
  11. Ногоо болон бусад жимс 1-3 долоо хоног, ногоо хадгалах хэсэгт

 

Хөргөгчинд хийх шаардлагагүй хүнс

Хөргөгч бол бүх л хүнсний гол аврал биш бөгөөд зарим нэг хүнсийг түүнд хадгалах шаардлагагүй, бүр хадгалах нь хориотой байдаг. Жишээ нь жимсний чанамал, давсалсан болон нөөшилсөн хүнс нь хөргөгчгүй байлаа ч тасалгааны хэмд сайнаараа хадгалагдаж байдаг. Харин шоколад болон зөөлөн чихэр нь хөргөгчинд удаан байхад цагаан давхаргатай болдог байна.

Хөргөгчинд хадгалах шаардлагагүй хүнсний жагсаалт:

  1. Халуун дулаан орны жимс
  2. Алим, усан үзэм, лийр
  3. Төмс
  4. Сармис, сонгино
  5. Хулуу
  6. Оливийн тос
  7. Зөгийн бал
  8. Халуун чанартай сүмс
27
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/07/11 at 09:47

    хүнд нөлөөлөх сайн юм олж харсангүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *