Дэлхийн өнцөг булан бүрд оршин суугаа улс үндэстнүүд бие биетэйгээ хэрхэн мэндчилдэг вэ?

2

Өдөр бүр л бид хэн нэгэнтэй мэндчилж, мэндлэх шаардлага тулгарч байдаг билээ. Харин мэндчилгээг соёл иргэншил бүр өөр өөрийн уламжлал, өвөрмөц байдлаар хийж байдаг аж. Манай сайт уншигч танд хамгийн өвөрмөц мэндчилгээ хийдэг үндэстнүүдийг танилцуулж байна.

1. Төвдүүд хэлээ гаргаж мэндчилдэг

Бусад соёл иргэншилд хэлээ гаргах нь зохисгүй үйлдэл мэт үздэг боловч Төвдөд хэлээ гаргах нь хүндлэлийн илрэл болдог ажээ. Үүний учир нь 9-р зууны үед Төвдийн эзэн хаан Лангдарма гэгч xэрцгийгээрээ алдартай, онцгой хар өнгийн хэлтэй нэгэн хаан байсан аж. Харин хойд нас гэж байдаг гэдэгт итгэдэг Төвдийн ард түмэн xэрцгий эзэн хаан эргэн ирээгүй, би түүний хойд дүр биш гэдгээ батлахаар хэлээ гаргаж харуулдаг байснаас үүдэлтэй энэхүү уламжлал тогтсон байна. Харин өдгөө тэрхүү уламжлал нь нэгэн төрлийн мэндчилгээ болон уламжлагдан иржээ.

 

2. Арабын хойгийнхоны нүүдэлчин маягийн мэндчилгээ

Арабын хойгийн нүүдэлчин ард түмэн нэгэнтэйгээ хамраа шүргэлцүүлж, гар барилцдаг байна. Гэхдээ энэхүү мэндчилгээг зөвхөн эрчүүд хийдэг бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд хацар дээр нь үнсэж мэндчилдэг ажээ.

 

3. Филиппинчүүд гарнаас адис авч мэндчилдэг

Филиппин соёлд настай хүмүүсээ эрхэмлэн дээдлэх, хүндлэх учиртай хэмээн заасан байдаг тул өөрөөсөө ахмад хүмүүстэй мэндчилэхдээ тэд гарнаас нь адис авч мэндчилдэг байна. Хэрэв өөрөөсөө ахмад хүнтэй ингэж мэндчилэхгүй бол бүдүүлэг хэрэгт тооцогддог гэнэ.

Энэ мэндчилгээ нь кoлончлолын эрин үеэс өмнө үед хамаарагдах эртний уламжлал хэдий ч өдгөө энэхүү мэндчилгээг хийх нь улам бүр багассаар байгаа ажээ.

 

4. Энэтхэг мэндчилгээ

Орчин цагт бөхийж мэндчилэх явдал нь энгийн нэгэн биеийн хэлэмж мэт харагддаг болсон ч тэдний уламжлалт шашинд энэ үйлдэл нь өмнөө буй хүний доторх тэнгэрлэг байдлыг хүндэтгэж байгаагийн илрэл болдог аж. Түүнчлэн зүгээр нэг бөхийх бус гарын алгаа хавсарч цээжин тус газартаа барьж хүндэтгэл үзүүлдэг байна. Энэ төрлийн хүндэтгэлийн хэлбэр зүүн болон өмнөд азийн орнуудад түгээмэл байдаг.

Энэтхэгчүүдийн хийдэг бас нэгэн мэндчилгээ нь “Чаранаспраша” буюу хөлөнд нь хүрч мэндчилэх явдал юм. Энэ мэндчилгээг ихэвчлэн ахмад настнуудтай уулзах үедээ хийдэг ажээ.

 

5. Хятад, Япон соёлын хүндэтгэлээ илэрхийлэх байдал

Өнөөгийн хятад ард түмэн гар барьж мэндлэх явдал түгээмэл болсон хэдий ч тэдний соёлд өөрөөсөө ахмад хүмүүстэй илүү хүндэтгэлтэй мэндчилэх өөрийн гэсэн заншил бий. Тэд өөрөөсөө ахмад хүмүүст хүндэтгэж байгаагаа илэрхийлж бөхийж мэндэлдэг. Тухайлбал, хятад, япон соёлд өөртэйгөө нас, албан тушаал ойролцоо хүмүүстэй толгой дохих хэмжээнд мэндлэх бол өөрөөсөө албан тушаал дээгүүр нэгэнтэй мэндлэхдээ 30 хэмээр урагш бөхийж мэндэлдэг аж. Харин хэн нэгнээс өршөөл эрэх тохиолдолд л 45 хэм хүртэл бөхийдөг байна. Түүнчлэн бишрэн шүтдэг хэн нэгэндээ шаланд духаа хүргэж мөргөж хүндлэх нь ч бас бий ажээ.

 

6. Исламын шашинтнуудын Салаам хэмээх мэндчилгээ

Мусульман шашинтнууд Ас-саламу алайкум буюу амар амгалан байгаасай хэмээн мэндчилдэг. Ингэхдээ тэд гар барилцаж, тэврэлдэж, хацар дээрээ үнсэлцэх нь ч бий. Гэхдээ хэн нэгэнтэй анх удаа уулзаж байх үедээ хэн нэгний хувийн орон зайд маш хүндэтгэлтэй хандаж биед нь хүрэхээс эрс татгалздаг байна.

 

7. Замбичуудын гараа барих мэндчилгээ

Замби улсад гар барьж мэндчилэх явдал түгээмэл байдаг ч хэн нэгний биед хүрэлгүй өөрийн гараа хавсран барьж мэндчилэх уламжлал ч бас байдаг ажээ. Тэд өөрөөсөө өндөр настай хэн нэгэнтэй мэндлэх үедээ гараа хавсарч цээжин тус газраа барьдаг бол өөртэйгээ нас чацуу хүнтэй мэндлэх үедээ хөл эсвэл хэвлий тус газраа гараа хавсарч мэндэлдэг.

 

8. Шинэ Зеландын “Хонги” гэх мэндчилгээ

Шинэ Зеландын Маори индиан овгийнхон дух, хамраа нөгөө хүнийхээ дух хамартай нийлүүлж, гар барьж мэндчилдэг аж. Өдгөө тэд энэхүү мэндчилгээгээ чухал ач холбогдолтой баяр ёслолын үеэр л хийж байна.

 

9. Тайландын “Уай” хэмээх мэндчилгээ

Тайланд дахь буддын болон хиндуйзмын нөлөөгөөр тэд энэтхэгчүүд шиг гараа хавсарч мөргөх мэт мэндчилгээ хийдэг аж. Тайландчууд энэхүү мэндчилгээгээ ‘Уай’ хэмээн нэрлэдэг бөгөөд харилцаж буй хүнээ хэр хүндэлж байгааг харгалзан хавсарсан гараа дээш өргөн мэндчилдэг байна. Хэдийгээр энэ нь тэдний уламжлалт зан үйл хэдий ч гадны хэн нэгнээр энэ мэндчилгээг хийлгэхийг төдийлөн хүсдэггүй ажээ.

 

10. Францчуудын үнсэх мэндчилгээ

Франц орон даяар хацар дээр үнсэж мэндчилэх хэлбэр түгсэн байдаг. Гэхдээ аль бүс нутгийн хүн гэдгээсээ хамааран бага зэргийн ялгаа үүссэн байдаг аж. Тухайлбал, Парис хотын уугуул хүмүүс хацар дээр 2 удаа үнсэж мэндчилдэг бол өөр бүс нутгийнхан 3 эсвэл 4 үнсэх гэх мэт хоорондоо бага зэргийн ялгаатай байдаг. Түүнчлэн тухайн хүн ажил мэргэжил, нас хүйсээс хамаарч үнсэхгүй мэндчилэх тохиолдол ч бий. Үүний нэг илрэл нь франц эрчүүд төдийлөн үнсэж мэндчилдэггүй.

 

11. Туркын гар үнсэж мэндчилэх мэндчилгээ

Турк бол барууны соёлд хамгийн ихээр автсан Ази тивийн орон билээ. Энэ ч утгаараа тэд энгийнээр гар барьж мэндлэх явдал нэн түгээмэл байна. Харин өндөр настнууд, үндэсний соёлоо хадгалах үзэлтэй хүмүүсийн хувьд хүндэтгэж байгаа хүнийхээ баруун гарыг үнсэж мэндчилдэг ажээ. Түүнчлэн тэд исламын шашинтай тул Ас-саламу алайкум буюу амар амгалан байгаасай хэмээн ерөөж мэндчилэх нь ч бий.

 

12. Гренландийн куник мэндчилгээ

Дэлхий даяар эскомос үнсэлт гэдгээрээ алдаршсан энэхүү мэндчилгээг Гренландийн уугуул иргэд куник гэж нэрлэдэг ажээ. Энэхүү мэндчилгээ нь зөвхөн Гренландийн арал төдийгүй Канад, Аляскын нутагт ч түгээмэл байдаг. Тэд мэндчилэхдээ хамрын үзүүрээ хоорондоо нийлүүлж мэндчилдэг бөгөөд энэ нь хайр энхрийлэл, дотно элгэмсэг байдлаа илэрхийлж байгаагийн нэгэн илрэл гэж үздэг байна. Иймээс танихгүй хэн нэгэнтэй ингэж мэндчилдэггүй аж.

Та хүмүүстэй яаж мэндчилдэг вэ?

13
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *