Amazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безосын экс-эхнэрийн тухай 11 баримт. Тэрээр өнгөрсөн 6 сарын хугацаанд 4 тэрбум ам.долларыг сайн үйлсэд хандивлажээ

0

Маккензи Скотт нь Amazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безосын гэргий байсан юм. Энэ бүсгүй зохиолч бөгөөд филантроп (сайн үйлсэд хандив өргөдөг хүн). Тэрээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 22 дугаарт бичигддэг. Гэхдээ энэ их эд хөрөнгө 50 настай эмэгтэйн толгойг эргүүлсэнгүй: тэр маш даруухан амьдардаг бөгөөд олон нийтээс хувийн амьдралаа нууцлахыг хичээдэг нэгэн. Эд хөрөнгийнхөө ихэнх хувийг сайн үйлсэд зориулдаг, энэ үйлдэл нь түүнийг дэлхийн хамгийн өгөөмөр хүн хэмээх болжээ.

Сайхан сэтгэлтэй хүчтэй эмэгтэйчүүдээр бид бүгд бахархана, тийм ч учраас Маккензи Скоттын амьдралаас тантай хуваалцахаар энэхүү нийтлэлээ бэлдлээ.

  • Маккензи Сан-Францискод гэрийн эзэгтэй болон санхүүгийн төлөвлөлтийн мэргэжилтний гэр бүлд төрсөн ч түүний зүрх сэтгэл уран зохиолд татагдаж байсан юм. Охин ичгэвтэр, ганцаараа суун орооцолдсон түүх зохиох дуртай нэгэн байжээ.
  • Пристонийн их сургуульд англи хэлний ангид элсэн орж 1992 онд онц дүнтэйгээр төгссөн байна.
  • Маккензи америкийн алдартай зохиолч Тони Моррисоны шавь. Түүний багш утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэж байсан хүн юм. Багшийнх нь хэлж байгаагаар Маккензи хамгийн шилдэг сурагчдын нэг байжээ. Магадгүй энэ л шалтгааны улмаас Моррисон шавиа уран зохиолын хамгийн алдартай агент Аманд Урбан-тай танилцуулсан биз ээ. Уг агент Донна Тартт, Харуки Муразами зэрэг алдартнуудтай хамтран ажилладаг нэгэн юм.
  • 1992 онд Маккензи дипломоо аваад элдэв төлбөр тооцоогоо хийхийн эрхэнд D. E. Shaw & Co гэх хөрөнгө оруулалтын санд ажилд оржээ. Ажилд орох ярилцлагыг Безос авсан байдаг юм. Тэр хоёрын өрөө зэргэлдээ тул Жеффийн үлгэрийн мэт сонсогдох инээмсэглэлийг байнга сонсдог байснаа Маккензи дурсан ярьсан байдаг. Бүсгүй анхны алхмаа хийж Жеффийг өдрийн хоолонд урьсан тэр цагаас хойш 3 сарын дараа тэд сүй тавьсан. Харин 3 сарын дараа хосууд гэрлэцгээжээ. Тэр үед Маккензи 23, харин Жефф 30-тай залуу байв.
© Matthew Staver/Bloomberg
  • 1994 онд тэд ажлаа орхиж улсаа хөндлөн гулд туулан Сиэтлийг зорьжээ. Вашингтон муж хүртэлх замыг Маккензи жолооны ард өнгөрүүлсэн бол Жефф онлайн номын дэлгүүр болох Amazon-ы бизнес төлөвлөгөөг бодон явсан байдаг. Чухам Маккензи хүргэлтийнхэнтэй анхны гэрээ хэлэлцэл хийж чек зурж байжээ. Компани өсөж дэвжихийн хэрээр Безосын гэргий ажлаас хөндийрч гэр орондоо анхаарч, номоо бичих ажилд шамдан орж байлаа.
  • Анхны алдартай зохиол болох “The Testing of Luther Albright” номоо Маккензи 2005 онд бичиж дуусгажээ. Энэ бүтээлд бүхэл бүтэн 10 жил зарцуулж бас “их ч нулимс” дуслуулжээ. Зохиолч бүсгүй ажил, гэр бүлээ зэрэг авч явсан, та бидний мэдэхээр тэр гурван хүү төрүүлснээс гадна Хятадаас нэг охин өргөж авчээ. Энэ их ажлын хажуугаар нөхрийнхөө бизнест бас туслах хэрэгтэй болно. Түүний хөдөлмөрийг ч үнэлж, жилийн дараа Америкийн шилдэг номын шагнал хүртсэн байна. Харин 2013 онд “Traps” гэх нэртэй хоёр дахь номоо хэвлүүлжээ.
  • 2014 онд Маккензи Bystander Revolution гэдэг нэртэй дээрэлхэлттэй/“bullying” (хамт олны дундаас хэн нэгэн нөгөөгөө дарамтлах маягаар мөшгөж мөрдөх явдал) тэмцэх сайн дурын байгууллагаа үүсгэн байгуулсан байна. Сайн дурын байгууллагын гол зорилго нь багш, эцэг эхчүүдэд сургалт явуулах, ийм дарамтад орсон хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхэд оршино. Жүжигчин Лили Коллинз уг байгууллагын элч төлөөлөгч болжээ.
© Jerod Harris / Stringer / Getty Images
  • 2019 онд хосууд 25 жил хамтран амьдарсны дараа салж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрээр Маккензи Amazon-ы хувьцааны 4% буюу 35,6 тэрбум ам.долларыг авчээ. Тэдний салалт түүхэн дэх хамгийн үнэтэй салалтанд тооцогдсон юм.
  • Салалт Маккензийг дэлхийн хамгийн баян гурван эмэгтэйчүүдийн нэг болгожээ. Хоёрдугаарт Walmart-ийн үүсгэн байгуулагчийн охин Элис Уолтон, харин нэгдүгээрт, LʼOreal–ийн өв залгамжлагч Франсуаза Беттанкур-Майерс бичигддэг.
  • Тэрээр “Бэлэглэлийн амлалт”-д гарын үсэг зурж эд хөрөнгийнхөө тал хувийг (багаар тооцоход) сайн үйлсэд зориулахаа амлажээ. Маккензийн өөрийн нээлттэй захидалдаа “эд баялгийнхаа ихэнх хувийг уг эд баялгийг бий болгоход тусалсан нийгэмд зориулах”-аар сэтгэл шулуудсан гэж бичжээ. “Сейф хоосортол” бүгдийг сайн үйлсэд зарцуулахаар энэ эмэгтэй шийдсэн нь тодорхой. Азаар олон жилийн дараа “сейф хоосрох” биз ээ.
  • Сүүлийн 6 сарын хугацаанд гэхэд л Маккензи 4,2 тэрбум орчим ам.долларыг сайн үйлсэд хандивлаад байна. Энэ мөнгийг 384 байгууллага хүлээн авчээ: алдартай биш сургалтын байгууллагууд, бага орлоготой айл өрхүүдэд тусалдаг тусламжийн сангууд, хүйсийн ялгаварлан гадуурхах явдалтай тэмцдэг байгууллагууд, байгаль орчныг хамгаалах байгууллагууд.
© ZUMAPRESS.com / MEGA / Mega Agency / East News

Маккензи Скотт жил хүрэхгүй хугацаанд сайн үйлсэд их хэмжээний хандив өргөжээ. Та энэ эмэгтэйн тухай урьд нь сонсож байсан уу? Түүний номыг уншсан уу?

1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *