Таныг сайн эцэг, эх болохыг илтгэх 7 шинж тэмдэг. Хэрэв та өөртөө эргэлзэж байсан бол үүнийг уншаад санаа амарч болно

1

Хүн болгон хүүхдэдээ үлгэр жишээ эцэг, эх байхыг хичээдэг. Хэн нэгэн чанга гараар хүүхдээ хүмүүжүүлнэ, нөгөө нь эсрэгээрээ буюу өөрийнх нь дураар өсгөж хүмүүжүүлэхийг хүснэ. Хүмүүжлийн арга барил ямар ч байж болно. Хамгийн гол нь эцэг, эх болгон хүүхдэдээ сайн сайхныг л хүсэж явдаг. Гэхдээ төгс, өөгүй хүүхэд хүмүүжүүлэх гэж зарим нэг нь хий хоосон шалгуурын араас хөөцөлдөх нь бий. Энэ тохиолдолд чухам хүүхдийг аз жаргалтай болгоход юу хэрэгтэйг тэд умартаж эхэлдэг.

Таныг сайн эцэг, эх болохыг гэрчлэх шинж тэмдгийг сэтгэл судлаачид тодорхойлж байна.

1. Хүүхэд таньтай таагүй зүйлсээ хуваалцдаг

Хүү эсвэл охин тань өөрийнхөө амжилтыг баяр хөөртэй хуваалцаж байгаа нь бахархмаар сайхан хэрэг. Гэхдээ тэд бас таньтай өөрийнхөө таагүй тохиолдлыг хуваалцахаас айж эмээдэггүй байх нь хамгаас илүү чухал. Өөрийнхөө бүтэлгүйтлийг хуваалцах, үүнийг нь тайван сонсож дэмжих хэн нэгэнтэй байх нь хүний зайлшгүй шаардлага юм. Амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг хүүхэд ухамсарлаж ойлгох ёстой, хийсэн алдаа, бүтэлгүйтлээсээ ичиж зовох шаардлага байхгүй гэдгийг тэдэнд ойлгуулж байх хэрэгтэй.

 

2. Та дүнгийн араас хөөцөлддөггүй

Нэг жишээ авья л даа, таны хүүхэд хичээл дээрээ муу дүн авчээ гэж бодъё. Энэ үед хүүхэд аав, ээж мэдчих вий гэсэн айдастай явах ёсгүй юм. Айдастай хүүхэд дүнгээ нууна, муу авсан хуудсаа урна, заримдаа бүр сандралд орж гэртээ хүртэл очихоос зугтааж зайлсхийдэг. Учир нь хүүхдүүд муу дүнгээс болж шийтгэл хүлээлгэнэ гэж тэд айдаг. Харин сайн эцэг, эхийн хувьд хүүхдэдээ сургуулиас авах дүн чухал, гэхдээ авах дүн бус харин авсан мэдлэг хамгаас илүү чухал гэдгийг сайтар ойлгуулдаг. Ийм хүмүүжлээр өсөж байгаа хүүхэд тухайн сэдвийг буюу муу дүн авсан хичээлээ ахин сайтар судалж үзсэнээр нөхцөл байдлыг сайжруулах боломжтой гэсэн ойлголттой болдог ажээ.

 

3. Танай гэр бүлийн гишүүд хувь хүний орон зайг бүгд хүндэлдэг

Хүүхэд эцэг, эхийнхээ унтлагын өрөөнд орохдоо заавал хаалгыг тогшиж зөвшөөрөл авах ёстой гэж бид боддог. Тэгсэн мөртлөө эцэг эхийн хувьд хүүхдийнхээ өрөөнд ямар ч зөвшөөрөлгүй шууд давхиж орох нь энүүхэнд. Гэр бүлийн дүрэм бүгдэд адил тэгш үйлчлэх ёстой. Хүүхдийн хувийн орон зайг хүндлээрэй, тэр танд яг л адилхан хариу үзүүлэх болно.

 

 

4. Та хүүхдээ шүүмжилдэггүй

Сайн эцэг, эх хүүхдээ шүүмжилдэггүй. Түүнийг тэнэг, бүдүүн эсвэл залхуу гэж хэлэхгүй. Энэ мэт буруу үнэлэлт нь хүүхдэд буруу ойлголт суулгадаг бөгөөд насанд хүрсэн хойно нь ч арилдаггүй муу үр дагавартай. Үгээ зөв сонгохыг хичээх хэрэгтэй, мөн чухам хүүхдийнхээ ямар үйлдэлд нь сэтгэл дундуур байгаагаа тодорхой хэлж ойлгуулаарай. Энэ үед хувь хүнийг доромжилсон үг хэлж огт болохгүй.

 

5. Та алдаагаа ойлгож уучлалт гуйдаг

Хүүхэд, том хүн гэлтгүй бид бүгд л алдаа гаргадаг. Ихэнх томчууд хүүхдэдээ зааж сургахаа л урьтал болгохоос бус тэднээс уучлалт гуйж байх ёстойгоо умартсан байдаг. Уучлалт гуйх тал дээр томчууд өөрсдийн үлгэр жишээгээ үзүүлж байх нь зүйтэй. Та дэмий зүйлд хий хоосон уурлаж хашхирсан бол хүүхдээсээ уучлалт гуйхаасаа ичих хэрэггүй. Өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч чаддаг хүн хүчтэй байдгийг бүү мартаарай.

 

6. Та хүүхдэдээ өөрийнхөө хүсэл сонирхлыг тулгадаггүй

Хүүхэд өөртөө л таалагдаж байгаа зүйлээ хийх ёстойгоос бус танд таалагдсан зүйлийг заавал хийх ёсгүй. Аав нь багадаа хөлбөмбөг тоглодог байсан, үүний адил хүү нь бас тоглох дуртай бол сайн л хэрэг. Гэхдээ таны хүүд бүжиг, дуу хөгжим илүү сонирхолтой байж болохыг үгүйсгэж болохгүй. Хүүхдийнхээ авьяасыг нээж илрүүлэхийг хичээ. Өөрийнхөө биелүүлж чадаагүй зорилгыг хүүхдэд нялзаах гэсний огт хэрэггүй.

Сайн эцэг, эх хүүхдийн өөрийгөө хөгжүүлэх хүсэл зорилгыг нь бүрэн дэмждэг, ингэснээр хүүхэд аз жаргалтай хүн болж төлөвшдөг байна. Мөн хүүхдэд тань том болоод өөрийн дуртай ажил төрлөө эрхлэх бүрэн боломж нь нээгддэг ажээ.

 

7. Та хүүхдийнхээ үгэнд итгэдэг

Эцэг эхийн хурлын үеэр ангийн багш хүүхдийн хүмүүжлийн талаар гомдол хэлдэг нөхцөл байдал түгээмэл тохиолддог. Асуудлыг нэг бүрчлэн судалж, нягталж үзээгүй эцэг, эх гэртээ ирж бөөн хэрүүл уруул үүсгэнэ. Хүүхдээ шууд загнахаасаа өмнө хамгийн түрүүнд үйл явдал түүний өнцгөөс яаж өрнөснийг сайтар асуух хэрэгтэй. Магадгүй таны хүүхдийн буруу огт байхгүй ч байж болно, бүр эсрэгээрээ үл ойлголцлыг шийдэхийн тулд түүнд таны тусламж хэрэгтэй байгааг ч үгүйсгэхгүй.

Гэр бүлийн эрүүл харилцааг дэмжихийн тулд ямар зарчим баримтлах ёстой гэж та бодож байна? Танай гэр бүлд ямар нэгэн соёл, дүрэм, ёс байдаг уу?

17
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *