Цусан дахь сахарын хэмжээ нь хүн бүрийн шалгуулах ёстой элемент. Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс анхаарах хэрэгтэй юм.
Цусан дахь сахарын хэмжээ өндөр (гипергликемия) байх нь мэдрэл, судас, дотоод эрхтнүүдийг гэмтээх аюултай. Ийм байдалд хүргэхгүйн тулд сахарын хэмжээг тогтмол хянах, өөрөөр хэлбэл, анхны шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг сайтар ажиглахыг зөвлөж байна.
Цусан дахь сахарын хэмжээ заримдаа байх ёстой хэмжээнээсээ их байх тохиолдол бий. Гэхдээ шууд чихрийн шижинтэй гэсэн онош тавьж болохгүй. Энэ үеийг чихрийн шижний өмнөх үе гэж нэрлэх бөгөөд ямар нэгэн онцгой шинж тэмдэг илэрдэггүй.
Зөв хооллолтын дэглэм барьж, идэвхтэй хөдөлгөөнтэй байхад жингээ хянахын зэрэгцээ цусан дахь сахарын хэмжээг ч хянаж тогтворжуулж хүндрүүлэхгүй байж болдог.
Цусан дахь сахарын хэмжээ нэмэгдсэн нь дараах шинж тэмдгээр илэрч болно:
- Ядрах мэдрэмж;
- Нүд бүрэлзэх;
- Толгой өвдөх;
- Ойр ойрхон шээх;
- Ам хатах;
- Цангах;
- Анхаарал муудах;
- Өлсөх мэдрэмж төрөх;
- Хэвлийгээр өвдөх;
- Хүзүү, суга, үе мөч орчмын арьс харлах;
- Үрэвсэлд өртөмтгий болох бөгөөд эдгэрэлт удаашрах;
- Шарх удаан эдгэх, идээлэх, мөөгөнцөртөх;
- Арьсны мэдрэг чанар буурснаар өвчин мэдрэх.
Цусан дахь сахарын түвшний өөрчлөлт нь хоол хүнс, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй байж болох талтай. Тиймээс энэ тал дээр анхаарал хандуулж өөрчлөхийг хичээгээрэй.
Чихрийн шижнээр өвчлөх дараах түгээмэл шалтгаанууд байж болно:
- Нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэх;
- Халдварт өвчнөөр өвдөх;
- Стресс;
- Амьдралын идэвхгүй хэв маяг;
- Илүүдэл жин, тэр дундаа хэвлий орчмын таргалалт;
- Удамшил;
- 45-аас дээш нас.
Хэрвээ дээр дурдсан шинж тэмдгүүдийн аль нэг нь ажиглагдвал мэргэжлийн эмчид заавал үзүүлээрэй. Ялангуяа, таны ойр дотны хүмүүсээс чихрийн шижингээр шаналж байгаа бол тоохгүй орхиж огт болохгүй шүү. Танд эрүүл энхийг хүсье.