
Коронавирус (Covid-19) дэлхийг үргэлжлүүлэн эрхшээлдээ оруулсаар байна. Хятадын Хубей мужийн Ухань хотоос тархаад буй вирусын халдвараар ард иргэдээ өвчлүүлэхгүйн тулд олон улс, орнууд онц байдал зарлаж, яаралтай арга хэмжээг авч эхэллээ. Гэсэн хэдий ч, дэлхий нийт вирус хэрхэн хурдацтай тархах боломжтойг эхэндээ бүрэн судалж, тооцоолоогүйн улмаас зарим улс оронд аюул нүүрлээд байна.
Саяхан гэхэд Итали улсад коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо огцом өссөнтэй холбогдуулан онц байдал зарласныг “The Star” мэдээллэсэн. Хэдий тийм ч сүүлийн хэдхэн хоногт тус улсад вирус хурдацтай тархлаа.

Ердөө 3-хан өдрийн дотор Итали улсад 223 хүн вирусын халдвар авч, 7 хүн нас барсан тухай “The Guardian” мэдээллээ.
Уг нөхцөл байдалтай холбоотойгоор Ломбарди болон Венето гэх газруудад 15 хоногийн хорио цээр тогтоогоод байгаа бөгөөд Италийн холбогдох газрууд вирусын тархалт илүү хурдацтай өсөхөөс сэргийлж, тархалтыг даруй зогсоохоор арга хэмжээ авч байна. Харамсалтай нь цаг тутамд вирусын халдвар авсан хүмүүс шинээр бүртгэгдсээр байгааг “Washington Post” онцолжээ.

Үүнээс харахад Европ тивээс вирусын халдвар авсан хүний тоогоор Итали улс нэгдүгээрт бичигдэхээс гадна тус тивийн вирусын голомт болж хувираад байна. Дэлхийн хэмжээнд вирусын халдвар авсан хүний тоогоор Хятад болон Өмнөд Солонгосын дараа орж байгаа юм.
Дээрх хорио цээр тогтоосон газруудад ойролцоогоор 50,000 гаруй хүн амьдардаг бөгөөд тэднийг гэртээ байхыг шаардаж, олон хүн цугласан газар очихгүй байхыг анхааруулжээ. Түүнчлэн, сургууль болон бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг газрууд, тэр дундаа эмийн сан болон супермаркетууд үйл ажиллагаагаа зогсоосон байна.

Коронавирусын халдвар яах аргагүй дэлхийн нийтийн өмнө тулгараад байгаа том асуудал болж хувирлаа. Та гадуур гарахдаа амны хаалтыг тогтмол зөв хэрэглэж, гараа сайтар угаагаарай!







