Дэлхийн улс орнууд хүүхдүүдийг 7 өөр арга барилаар хүмүүжүүлдэг. Энэ дундаас бидэнд авах зүйл ч бас байна

2

Хүүхэд хүмүүжүүлэх арга барил нь дэлхийн янз бүрийн оронд өөр өөр, бүр тэнгэр газар шиг ялгаатай байх нь тохиолдол бий бөгөөд энэ нь тухайн улс орны иргэдийн үзэл бодол, амьдралын хэм хэмжээнээс эхлээд тухайн улс орны газар зүйн байрлал, цаг агаар хүртэлх олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна.

1. Герман: ягштал баримтлах дүрэм болон халаасны мөнгө

agensir.it

Герман маягийн хүмүүжил гэдэг нь яг таг зохион байгуулалт, дэс дараатай байх явдал юм. Герман хүүхдүүд бараг нялхаасаа эхлээд л ягштал барих ёстой дүрэм баримтална: телевизор болон компьютерын өмнө өнгөрүүлэх цаг нь хатуу тогтсон хэмжээтэй байх, оройн 8 цагт унтах гэх мэт.

Хүүхдийг багаас нь бие даалгаж сургах ба гол анхаарлаа аливаа зүйлд өөрийн хүслээр сонголт хийж сургах гэхээс илүү хүүхэд өөрийн хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж чаддаг байхад хандуулна.

Хүүхэд 3 настайдаа цэцэрлэгт явж эхлэх ба тэнд уншиж бичиж сургах биш харин олон нийтийн газар биеэ зөв авч явах, тэнд баримтлах дүрэм зэрэгт сургах бөгөөд үүндээ янз бүрийн амьдралын тохиолдлыг ашиглаж сургах нь элбэг.

Хүүхдийг эмээ өвөөтэй нь орхих тухай ойлголт гэж үгүй: хүүхдийг ээж нь хаа явсан газраа авч явах ба ажилдаа явах үедээ хүүхдээ асрагчийн гарт үлдээдэг байна.

Хүүхдийн өрөө бол хуулийн дагуу тухайн хүүхдийн хувийн орон зай бөгөөд хүүхэд тэнд ихээхэн эрх дарх эдлэх боловч бусад өрөөнүүдэд эцэг эхийн тогтоосон дүрэм журмыг ягштал биелүүлэх ёстой.

Хүүхдэд бага байхаас нь эхлээд халаасны мөнгө өгч эхэлнэ: саяхан явуулсан судалгаагаар хүүхдийн халаасны мөнгө нь жилд дунджаар 1000 евро орчим болдог байна.

Гэхдээ энэ нь сургуулийн хүүхдүүд мөнгийг салхинд хийсгэдэг гэсэн үг биш харин тэднийг өөрийн гэсэн төсөв бий болгох, мөнгөө зов зохицуулж сурах, хадгаламжтай болоход нь сургах зорилготой юм.

 

2. Норвеги: 6 өдрийн турш амттан идэхгүй

Reddbarna/tnp.no

Норвегийн цаг агаараас шалтгаалан эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд ихээхэн анхаарал тавина. Жижигхэн хүүхдүүд зөвхөн эрүүл хүнс хэрэглэж байдаг нь гэрийн сүү, мах зэрэг бөгөөд амттай чихэрлэг зүйлийг зөвхөн долоо хоногийн бямба гаригт л идэж болно.

Норвеги хүүхдүүд ихэнхи цагийг гадаа гудамжинд өнгөрөөдөг төдийгүй хүүхдийн цэцэрлэг болон бусад сургалтанд биеийн чийрэгжилтэд оюун ухааны хичээлээс илүү анхаарал хандуулна. Эцэг эхчүүд хүүхдээ эрүүл чийрэг байлгаж, сайн дархлаатай болгохын тулд газарт болон усан дотор тоглох зэрэгт дэмжлэг үзүүлдэг байна.

 

3. Их Британи: хамгийн гол нь өөрийгөө үнэлэх явдал

ssgreatbritain.org

Хүүхдийн хамгийн жижиг амжилтыг ч магтаж урамшуулснаар хүүхдийг өөртөө итгэлтэй болоход нь тусална. Англичуудын үздэгээр чухам ийм л байдлаар өөртөө итгэлтэй, хэцүү цаг үед шийдвэр гаргах чадалтай хүн болгож хүмүүжүүлдэг гэнэ.

Бусдын хүүхдийг загнах юм уу янз бүрээр зааварлах явдал тэнд үгүй: хүүхдийн цэцэрлэгийн багш нар ч ер бусын тэвчээр гаргах учир гудамжинд яваа хүн хүний хүүхдэд ямар нэг заавар зөвлөгөө өгнө гэж байхгүй гэдэг нь ойлгомжтой хэрэг юм.

Хэрвээ жаахан хүүхэд янз бүрийн ааш зан гаргаж байвал хүүхдийн анхаарлыг өөр тийш чиглүүлэхийг хичээх ба харин арай том хүүхдүүдтэй “хүмүүжлийн “ янз бүрийн ярилцлага хийж, түүний хийж байгаа үйлдэл цаашдаа ямар үр дагаварт хүргэж болохыг ойлгуулна.

Хүүхэд өөрийн өрөөндөө жинхэнэ эзэн нь байх ба томчууд зөвшөөрөлгүйгээр тэдний өрөөнд орно гэж үгүй.

 

4. Япон: бүхнийг нь зөвшөөрөх үе байхад бас боолчлох үе гэж байна

cnn.com

Японы хүүхэд хүмүүжлийн систем гэдэг бол маш их зөрчилдөөнтэй аргуудаас бүтнэ. Эцэг эхчүүд хүүхдийг 5 нас хүртэл нь хаантай адил үзэж харилцах бол 6-15 нас хүртэл нь боолтой харьцаж байгаа мэт, харин 15 наснаас хойш адил тэгш эрхтэйгээр харьцдаг байна.

5 нас хүртлээ юу ч хийсэн бүрэн эрхтэй байсан хүүхдүүдийн орчлон 6 наснаас эхэлж огцом өөрчлөгдөн, эцэг эхийн үг бол хууль гэдгийг ойлгож эхэлнэ. Гэхдээ энэхүү байдлыг ямар нэг дарангуйллын бус замаар бий болгодог байна. Харин ямарваа нэг зөрчил гарвал эх нь хамгийн түрүүнд харилцаа холбоогоо хэвийн болгох эхний алхам хийдэг байна.

Сургуулийн хувьд хүүхдэд маш их хариуцлага оногдуулдаг төдийгүй үг дуугүй захирагдаж байхыг шаардана. Чухам энэ насанд нь л Япончуудын дэлхийн алдартай ажил хэрэгч, уйгагүй зүтгэлтэй, маш их сахилга баттай, олон нийтийн дүрэм журмыг, хуулийг ягштал биелүүлдэг тэр зан чанарыг сургаж эхэлдэг юм.

15 наснаас нь адил тэгш эрхтэй хандах ба энэ насанд хүрсэн хүнийг биеэ даасан хувь хүн гэж үзнэ.

 

5. Хятад: вундеркиндийг хүмүүжүүлэх нь

mercatornet.com

Хятад хүүхэд хүмүүжүүлэх арга барил нь ер бусын оюуны чадамжтай вундеркинд бий болгоход чиглэнэ. Хүүхэд хөхөө хөхөж эхэлж байх үед нь цэцэрлэгт өгөх ба тэнд бүх л зүйл хатуу тогтсон цагийн хуваарийн дагуу явагддаг.

Эцэг эхчүүд хүүхдээ янз бүрийн секц дугуйланд явуулах төдийгүй өөрсдөө ч хүүхдийг эрт хөгжүүлэх тухай арга барил судалдаг байна.

Хятад хүүхдүүд үргэлж л ямар нэг хэрэгтэй зүйл хийж, сурч байдаг нь тэдний оюун ухааныг хөгжүүлэх зорилготой юм.

Гэхдээ энд хүйсийн ялгаа гэж үгүй бөгөөд охидуудыг хадаас хадаж, боолт боолгож сургах, эрэгтэй хүүхдүүдийг гэр ахуйн янз бүрийн ажил хийж сургах нь хэвийн зүйл юм.

Цэцэрлэгт байх үеэс л хүүхдүүдийг үг сонсдог, томоотой байлгаж сургах ба ахмад хүний үг хүүхдэд заавал биелүүлэх хууль болно. Хоол идэх, тоглох, унтах зэрэг бүх л үйл хөдлөл нь цагийн хуваарийн дагуу байх ба хүүхэд энэ талаар ямар бодолтой байгаа нь хэнд ч хамаагүй. Хятад хүүхдүүд элдэв магтаалын үгийг тун цөөхөн сонсдог билээ.

 

6. Энэтхэг: сайхан сэтгэл, тэвчээр

scientologyreligion.ru

Энэтхэгт хүүхдэд сургах гол зүйл бол тэвчээр, орчин тойронтойгоо эв найртай зэрэгцэн оршин байх чадварт сургах явдал байдаг. Эцэг эхчүүд хүүхдийг бусад хүнтэй найрсаг харьцдаг болгох хүсэлтэй төдийгүй амьд амьтан, байгальд ч тэгж ханддаг болгохыг хичээнэ.

Мөн хүүхдийг багаас нь сэтгэл хөдлөлөө барьж сургах, уур уцаараа дарах зэрэгт сургадаг.

Сургууль дээр хүүхдийг чанга дуугаар загнах гэж байдаггүй бол эцэг эхчүүд нь гэртээ хичнээн ядарч ирсэн байлаа ч түүнийгээ буруу зүйл хийсэн байсан хүүхдүүддээ гаргах, дуугаа өндөрсгөнө гэж үгүй.

Тэвчээртэй, тайван байдлыг сургуульд байх цагаас эхлэн заах бөгөөд үүнийгээ йог болон бясалгалын янз бүрийн хичээлээр дамжуулан  заана.

Бүхнийг тэвчиж чаддаг байх, уур уцаараа барьж чаддаг байх, амьдралын баяр баясгаланг мэдэрч чаддаг байх зэрэг нь хүүхдийн өөрийн хөгжилд маш их нөөц хүч бий болгож өгдөг гэж үздэг байна.

Үр дүнд нь ямар хэмжээний мөнгөтэй гэдгээс үл хамаарсан аз жаргалтай хувь хүн бий болох ба харин Энэтхэг хүүхдүүд хичнээн ядуу байсан ч аз жаргалтай харагддаг билээ.

Энд хүүхдийн хүмүүжлийн гол үндэс суурь нь бат бөх гэр бүл бий болгоход бэлтгэх бөгөөд боловсрол, ажил төрлийн өсөн дээшлэх зам зэрэг нь хоёрдугаар зэргийн зүйл байна.

 

7. Франц: хамгийн гол нь – үгүй гэдэг үг

telegraph.co.uk

Франц хүүхдүүд эрт цэцэрлэгт орох ба учир нь ээж нар нь төрөөд хэдхэн сарын дараа ажилдаа орох гэж яардаг байна.

Ер нь франц эцэг эхчүүд өөртөө болон хүүхдэдээ зарцуулах цагийг яг таг хувааж хэвшсэн байдаг. Жишээ нь хүүхдийг их эрт унтуулах нь эцэг эхэд нь цугтаа хоёулхнаа байх цаг гаргах зорилготой юм.

Хүүхдийг ерөнхийдөө зөөлөн аргаар хүмүүжүүлэх боловч “үгүй” гэдэг үгийг итгэлтэй хэлж чаддаг болгоход ихээхэн анхаарал тавьдаг.

Олон цэцэг эхчүүд хүүхэд хөгжүүлэх янз бүрийн төвүүдэд хандаж хүүхдээ олон талын боловсролтой, хүмүүжилтэй болгоход анхаарал хандуулдаг байна. Мөн ээж нь ажил дээрээ байхад хүүхэд нь өдрийг өнгөрүүлэх боломжтой олон янзын дугуйлангийн сүлжээ хөгжсөн байдаг билээ.

Хүүхдийн шилжилтийн насанд нь эцэг эхчүүд хүүхдэдээ ихээхэн эрх чөлөө олгож байгаа мэт байдал бий болгон хүүхдийг бие дааж сургана. Өвөө эмээ нар нь ач зээтэйгээ зууралдаад байх нь энэ улсад ховор тохиолдох зүйл юм.

4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *