Гэр бүлээ цуцлуулсан эртэй хэрхэн гэр бүл зохиох вэ?

1

Статистик судалгаагаар одоо цагт гурван гэр бүлийн нэг нь салж сарниж байна. Тиймээс салсан эрчүүдийн тоо нэмэгдсээр. Ихэнх эмэгтэйчүүд ийм эрчүүдтэй харьцаа тогтоохыг хүсдэггүй. Тэдний энэ болгоомжлол нь тухайн эрд ямар нэг болохгүй зүйл байгаа, сайн сайхан эмэгтэйчүүд зүгээр ч нэг салаагүй гэсэн бодол дээр үндэслэнэ. Энэ удаа ийм эрчүүдтэй харилцаа тогтоох нь зөв эсэх, гэр бүл болж болох талаар ярилцъя.

Хэрхэн гэр бүл болох вэ?

Өмнө нь гэр бүлтэй байсан хүнтэй танилцсаны дараа олон эмэгтэйчүүд түүнтэй ямар харилцаа тогтоох вэ гэж боддог байна. Ийм харилцаа тогтоож, цаашдаа гэр бүл болж аз жаргалтай байхын тулд хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

Гэр бүл янз бүрийн шалтгаанаас болж салж сарнидаг. Жишээ нь хэн нэг нь өөрийн үүргээ үл биелүүлэх: өөр хүнтэй янз бүрийн дотно харилцаа тогтоох, архи уудаг байх эсвэл ажиллах хүсэлгүй гэх мэт. Зан ааш үл таарах, амьдралын зорилго нь өөр, нэг нэгнийгээ сонирхохоо больсон, ахуйн шалтгаанаар гарах хэрүүл зэрэг нь гэр бүл салах зарим шалтгаан юм. Тиймээс өмнө нь гэр бүл болоод салж байсан хүний тухай урьдчилан янз бүрийн дүгнэлт гаргах хэрэггүй.

Салсан эртэй хэрхэн харилцаа тогтоох вэ?

1. Та хамгийн түрүүнд эелдэг байдлаар яагаад гэр бүл нь салж сарнисан учрыг нь мэдэж авч түүний оронд өөрийгөө тавиад үзэх хэрэгтэй. Хэрвээ шалтгаан нь тухайн эрд байгаа бол тэрээр гэр бүл салсны буруутанг өөрөөсөө бусад хүн болгоныг л нэрлэх болно. Бурууг бусдад тохох гэдэг бол ихээхэн эвгүй дохио юм шүү. Та өөрөө сонгох хэрэгтэй болох ба тухайн хүнийг байгаагаар нь хүлээн авч засаж хүмүүжүүлэхгүйгээр харилцаа тогтоох эсвэл бүх л харилцаагаа эртхэн зогсоох гэсэн сонголт бий.

Боломж байвал найз нөхөд, ойрын хүмүүсээс нь тухайн эрийн гэр бүл салсны шалтгаан нь архидалт, түрэмгий харгис зан чанар, урвалт, хүүхэдтэй болох дургүй, гэр бүлээ тэжээх хүсэлгүй зэрэг шалтгаан байсан эсэхийг нь асууж мэд. Хэрвээ ийм бол тухайн хүнтэй харилцаагаа тасалсан нь дээр биз ээ. Өөртэй нь тэгж хандахгүй гэж олон эмэгтэйчүүдийн бодох бодол нь тэнэг явдал юм шүү.

 

2. Танд тухайн хүн урьд нь гэр бүлтэй байсан гэдэг бодол ямар хэцүү, эвгүй байлаа ч та өнгөрснийг өөрчилж чадахгүй гэдгээ мартаж болохгүй. Тухайн эр чинь ч гэсэн энэ бүхнийг мартах гэж хүсэж байсан ч ялгаагүй. Хэрвээ таны хайрлаж байгаа энэ эр урьд нь өөр эмэгтэйг хайрлаж байсан, сайхан байсан гэсэн бодол хэцүү байдаг бол ямар ч харилцаа эхлүүлээгүй нь дээр.

Салсан эхнэр нь шинэ гэр бүл үүсгэсэн бол тэр эмэгтэйд эр хүний янз бүрийн туслалцаа хэрэгтэй болох нь тодорхой. Чухам таныг л хорлох гэж хуучин нөхөртэйгөө холбогдож байна гэж бүү бодоорой. Тэр эмэгтэй иймэрхүү зүйлд хуучин нөхөртөө хандаж, тусламж авч сурсан учраас л тэр юм шүү.

Ухаалаг эрчүүд салсан эхнэртэйгээ энгийн хэвийн харилцаа тогтоосон байдаг билээ. Ийм нөхцөлд баярлах хэрэгтэй болохоос үүнийг таслах гэж оролдож болохгүй. Таны зүгээс хийж болох цорын ганц зөв алхам бол түүнийг ойлгож, түүний өнгөрсөн амьдралыг хүлээж авах явдал юм.

 

3. Бүх л эмэгтэйчүүд, тэр тусмаа эх хүн гэр бүл салсны дараа өөртөө гэхээс илүү үр хүүхдэдээ шинэ эцэг хайдаг. Түүний хүүхдийг хайрлаж, өөрийнх шиг асрах тийм л хүн түүнд хэрэгтэй. Салсан нөхрийн хувьд ч гэсэн адил: хэрвээ эмэгтэй нь түүний хүүхдүүдийг хүлээж авахгүй, дургүй бол хань болох хүн биш. Ийм нөхцөлд ямар ч тулган шаардалт, уур уцаар тухайн эрийг үр хүүхдээс нь, өмнөх амьдралаас нь салгаж чадахгүй, хүүхэдтэйгээ уулзах, харьцахыг нь багасгаж чадахгүй билээ.

Болж өгвөл тэдгээр хүүхдүүдтэй хэвийн харилцаа тогтоож, амьдралд нь идэвхтэй нөлөө үзүүлэхийг хичээх хэрэгтэй. Хүүхдүүдтэй цугтаа кино үзэж, мөхөөлдөс авч өгч, харилцан итгэлцсэн харилцаа тогтоох хэрэгтэй. Ээжтэй нь өрсөлдөх биш харин хүүхдийн хувьд ойрын, хүндлэлтэй хүн нь байхыг хичээ.

Хэрвээ эмэгтэйд нөхрийнх нь өмнөх амьдралаас гарсан хүүхдүүд дургүйг нь хүргэдэг бол тэр эмэгтэй тухайн эрийг хайрлахгүй байгаа хэрэг гэж сэтгэл судлаачид үздэг байна. Өөрийн хайртай эрийн үр хүүхдэд зөөлөн дулаан харьцаж чадахгүй байх нь ирээдүйд ихээхэн бэрхшээл бий болох нөхцөл юм.

 

4. Таны хувьд таны хайртай хүний хуучин эхнэр нь “үл бүтэх амьтан байсан“ гэж бодох нь таатай хэрэг. Гэхдээ ингэж хий хоосон зүйлд итгэлгүй эрүүлээр сэтгэ: тэр эр энэ эмэгтэйг шүтэж бишрэн, хайраа өгч байсан бол одоо хог шавартай хутгах хэрэг үү? Ийм явдал тантай ч тохиолдох магадлал өндөр бөгөөд тэр эр өөр эмэгтэйд таныг “үл бүтэх амьтан байсан“ гэж ирээдүйд ярьж болох юм.

Таны хайртай эр таныг хуучин эхнэртэйгээ харьцуулж, таны давуу талын тухай яриа гаргаж байвал анхааралтай бай. Иймэрхүү харьцуулалт хийж байгаа нь хуучин эхнэртээ ямар нэг юм батлахыг оролдож байгаа нэгэн оролдлого болохоос таньтай илүү гүн харилцаа тогтоох гэсэн оролдлого биш байх магадлал өндөр. Янз бүрийн гомдол, тунирхалын тухай яриаг нь тасалж, таны хүчээр өөрийгөө зөвтгөхийг нь зогсоо.

 

Зөвлөгөө

Таны ханийн өмнөх амьдралын тухай мэдээлэл хичнээн чухал байсан ч та болон таны эр шинэ харилцаандаа ихээхэн өөрөөр хандах болно гэдгийг сана. Магадгүй та хоёрын харилцаа тухайн эрд шинэ, өөрийн мэдээгүй талыг нь нээж өгч болох юм. Тиймээс “мөрдөн байцаалтын ажиллагаа” явуулалгүй харилцаанаасаа таашаал авахыг л хичээгээрэй.

Гэр бүл болох гэдэг нь сонирхолтой боловч маш хүнд хүчир ажил юм шүү. Ийм харилцаанд орсон бол зарим зүйлд буулт хийж сурах, өөр зүйлд шийдэмгий байх гээд янз бүрийн зан чанар шаардах болно. Өөрт таалагдахгүй эвгүй байгаа зүйлийн тухай ил тод ярьж, өөр хүний нөхцөлд дасаж зохицох нь хүнд зориг хүч өгдөг. Энэ талаараа салсан эртэй гэр бүл болох нь бусад жирийн гэр бүл болохтой яг адил билээ.

Эр хүний хувьд хоёр дахь удаагаа гэр бүл зохиох нь өмнөхөөсөө илүү бат бөх байх магадлал өндөртэй байдаг.

6
ГоёГоё
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *