Хэрвээ танд “аюултай” өвчний шинж тэмдгүүд илэрсэн бол айх хэрэггүй, биеэ хэт их чагнах нь өөрөө өвчин юм

3

Өөрийнхөө эрүүл мэндэд онцгой анхаардаг хүмүүс бий. Гэхдээ анхаарах гэдэг нь зөвхөн зөв хооллож, зөв биеийн ачаалал авах тухай биш харин биеэ хэт чагнасан, өөрөөсөө аюултай өвчний шинж хайсан тэр зүйлийг хэлж байгаа юм.

Өвчирхөх эмгэг нь орчин цагт ихээхэн дэлгэрсэн бэрхшээл болоод байна. Түүнийг нь интернет бүр ч дэмжин дэлгэрүүлж байгаа ба өөрийнхөө бие ямар нэг байдлаар эвгүй байвал тухайн шинж тэмдгээ бичээд л хайхад тийм шинж тэмдэг илрэх олон өвчний нэрс цувраад гарч ирнэ. Ийм жагсаалтаас зарим хүн өөртөө маш хүнд өвчин туссан гэсэн мэдээлэл байнга олж хардаг болдог байна.

Энэ удаа ихээхэн хүнд өвчний шинж тэмдгүүд гэж хүмүүсийн ойлгодог шинж тэмдгүүдийн жагсаалтыг гаргалаа. Хамгийн сонирхолтой нь ихэнх тохиолдолд эдгээр нь биеийн эрүүл мэндэд ямар ч аюултай хор хохирол болохооргүй зүйлс байна.

1. Цээжин дотор өвдөх

Зүрх бол хүний хамгийн чухал эрхтний нэг. Тиймээс цээжин дотор өвдөх нь олон хүнийг айлгаж, янз бүрийн аюултай өвчний тухай бодоход хүргэнэ.

Харин эрүүл хүний хувьд цээжин дотор өвдөх нь ихэнх тохиолдолд хавиргатай, түүнтэй ойролцоох мэдрэлийн судал дарагдсантай холбоотой байдаг гэнэ. Зарим нэгний хувьд энэ нь архагшсан байдаг боловч огцом хөдлөх, хэт ачаалал авах үед иймэрхүү мэдрэмж төрж, удалгүй алга болдог. Мөн сэтгэл зүйн янз бүрийн хүнд нөхцөлд орох нь бас цээжний орчинд өвчин үүсгэх нь цөөнгүй. Хэрвээ та урд нь зүрхтэй холбоотой ямар нэг зовиур мэдэрч байгаагүй бол, өндөр даралтгүй, судасны ямар нэг өвчингүй бол танд зүрхний шигдээс болсон байх нь юу л бол. Хэрэв энэ зовиур амьсгаа авах, тонгойх зэрэгт янз бүрийн байдлаар мэдрэгдэх боловч даралт, зүрхний цохилтонд нөлөөлөхгүй бол энэ нь зүрхний ямар нэг өвчин биш. Ийм үед тайвширч, биеэ суллах нь дээрх эвгүй мэдрэмжийг арилгах нэг сайн арга юм.

 

2. Шилбэний арын булчин өвдөх, хөл хүндрэх

Судасны бүдүүрэл өвчтэй хүмүүсийн хувьд энэхүү таагүй мэдрэмж их тохиолддог билээ. Гэхдээ энэ нь маш их дэлгэрсэн шинж тэмдэг бөгөөд харахад л венийн судас бүдүүрч, од маягийн хөхөрсөн толбо бий болж, арьсны байдал өөрчлөгдөж эхэлдэг.

Эрүүл хүний хөл ч гэсэн өвдөж хүндрэх ба заримдаа хавантах нь бий. Гэхдээ түгшүүр зарлахын оронд хөлийн ийм зовиурын өөр шалтгаан байж болох эсэх тухай бодох хэрэгтэй. Жишээ нь хэт их ачаалал авах ажлыг удаан хугацаагаар хөл дээрээ зогсон хийсэн, таарахгүй эвгүй хувцас, гутал, байрлал зэрэг байж болно.

Хэрвээ энэ эвгүй мэдрэмж цөөхөн илэрч гардаг, хүнд ачаалалтай өдрийн дараа л мэдрэгддэг бол энэ нь хүнд өвчтэй холбоотой байх магадлал маш бага юм. Дараагийн өдөр нь хөл зүв зүгээр, ямар ч өвчингүй болж энэ байдлаар хэдэн долоо хоног, сар хэвийн байвал яаран эмчид үзүүлэх шаардлага үгүй биз ээ.

 

3. Гэнэт толгой эргэх

Толгой эргэх гэдэг зовиурыг хүн болгон мэдэх бөгөөд эрүүл хүнд ч гэсэн тохиолддог зүйл. Харин өөрийгөө хэт хянадаг, чагнадаг хүмүүст энэ нь аюултай зүйл мэт санагддаг. Тэнцвэр алдагдаж, орчин тойрноо гүйцэд мэдрэхгүй байх нь даралт ихсэх, цус харвахын шинж байдаг болохоор тэр.

Гэхдээ хөлийн шилбэ өвдөх, цээжин дотор өвдөхтэй адил толгой эргэх нь ихээхэн түгээмэл зовиур бөгөөд зөвхөн энэ шинжээр ямар нэг дүгнэлт хийж болохгүй юм. Стресс зэрэг зүйлээс болж даавар ихээр ялгаран үүнээс шалтгаалж бие сулран, ядарч байгаа мэт санагдах, толгой эргэх, бие ерөнхийдөө муу байгаа мэт байдал бий болдог байна.

Мөн хэт халуунаас болж толгой эргэх ба заримдаа тээврийн хэрэгсэлд явж байхад тэнцвэрийн үйл ажиллагаа сулрах зэрэг шалтгаантай байж болно. Толгойгоо огцом эргүүлэх, цамцны зах, зангиа хоолой хэт барьсан нөхцөлд ч бас үүсдэг зовиур юм. Хэрвээ та хүзүүний артерийн судсыг хэт барьсан цамцны зах, зангиа зүүсэн бол даралт багасах учир танд дээрх мэдрэмж бий болдог байна.

Ер нь ганц нэг удаа толгой эргэх нь маш олон янзын шалтгаантай байж болно. Хэрвээ толгой эргээд өөр эвгүй, хачин шинж тэмдгүүд илрэхгүй л бол сандрах хэрэг үгүй юм.

 

4. Хоолой өвдөх, дуу өөрчлөгдөх

Өчигдөр л зүгээр байсан боловч өглөө босоход хоолой өвдөж, сөөсөн байх нь бий. Гэтэл өөр ханиад томууны шинж (нус гоожих, халуурах гэх мэт) үгүй.

Та яаран өөрийгөө айхтар өвдлөө гэж бүү сандар. Ийм байдлын голлох шалтгаан нь бактери болон вирус байдаг билээ.Хоолойн янз бүрийн өвчин нь элдэв ханиад томууны шинжийг агуулахгүй байж болно. Магадгүй өдрийн турш байдал муудаж, хоолой илүү ихээр өвдөн, хоолой улам бүр сөөх боловч биеийн халуун хэвийн хэмжээндээ тогтмол байж болно.

Ийм нөхцөлд хоолойн хорт хавдар туссан байна гэж өөрийгөө айлгах хэрэг огт үгүй юм. Эмчид үзүүлж эм тариа авч хэрэглэх нь таныг удалгүй хэвийн байдалд оруулах бөгөөд ямар нэг аймшигт өвчний талаар бодож санаагаа зовоох шаардлагагүй шүү.

 

5. Биеийн халуун хэвийн хэмжээнээс их болон бага байх

Бид багаасаа л хүний биеийн халууны хэм 36,6 хэм байдаг гэж ойлгосон байдаг. Гэхдээ яг таны хувьд ямар хэмтэй байх нь хэвийн хэмжээ вэ гэдэг талаар та мэдэхгүй байгаа болов уу. Ихэнх хүн зөвхөн өвдсөн үедээ л биеийн халуунаа хэмжих ба энэ нь жилд нэг, хоёр удаа л тохиолдох зүйл. Харин эрүүл үедээ ингэж хэмжиж үздэггүй.

Хүний биеийн халууны хэвийн хэмжээ нь 36,1-37,2 хүртэл хэлбэлзэнэ. Дунджаар 36,6 байдаг боловч зарим эрүүл хүний биеийн тогтмол халууны хэм 36,9, заримдаа 37 байх нь ч тохиолддог байна. Хэрвээ та биеийн халуунаа үзтэл тэр нь таны байх ёстой гэж ойлгож байгаа хэмжээнээс их эсвэл бага байвал айж сандрах хэрэггүй. Хэрвээ танд ямар нэг зовиур мэдрэгдэхгүй бол чухам тэр хэм чинь таны хэвийн хэмжээ байж болно.

Таны хэвийн халуун ямар байдгийг тодорхой мэдэж авахын тулд 10 өдрийн турш, өдөрт 3 удаа хэмжээд үз. Үр дүнг нь бичиж ав. Дундаж үзүүлэлт нь таны хэвийн хэмжээ байх билээ. Харин халууны өөрчлөлт нь дээш болон доош 0,5-1,5 хэм хүрвэл анхаарах хэрэгтэй.

 

6. Тунгалгийн зангилаа томрох

Тунгалгийн зангилааны хэмжээ өөрчлөгдөх нь олон хүнийг айдаст автуулдаг бөгөөд энэ хавдрын өвчний үед илрэн гардаг нэг шинж тэмдэг билээ. Гэхдээ энэ нь бас тун энгийн гэмээр өвчлөлийн үед ч бас илэрдэг зүйл. Хамгийн жирийн ханиадны үеэр ч тунгалгийн зангилаа томрох нь бий. Ийм нөхцөлд тухайн хэсгийн эд эрхтэн нь илүү идэвхтэй ажиллан вирустэй тэмцэх эд эс ялгаруулж байгаагийн шинж юм.

Сандрахын оронд тунгалгийн зангилааг хэдэн өдрийн дараа гараар барьж үзэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд халдварыг дарсаны дараа хэвийн хэмжээндээ очсон байдаг.

Зарим хүмүүс өөрийнх нь тунгалгийн зангилаа бусдаас илүү том харагдаж байгаа, мэдрэгдэж байгаа тухай ярьж айж сандардаг. Гэтэл энэ нь ч бас ямар нэг өвчний шинж тэмдэг биш байж болно – хүн болгоны тунгалгийн зангилаа өөр байж болох бөгөөд жин болон бусад биеийн онцлогоос шалтгаалан өөр өөр харагдах боломжтой юм.

 

7. Сарын тэмдэг саатах

Сарын тэмдэг сард нэг удаа ирдэг гэсэн ойлголт нь зөв. Гэхдээ үүнийг олон эмэгтэйчүүд, тэр тусмаа нас залуу эмэгтэйчүүд дэндүү шууд утгаар нь ойлгох нь их. Сард нэг удаа гэдэг нь яг л сар болгоны нэг өдөр тохионо гэсэн үг огт биш. Сарын тэмдгийн мөчлөг хэлбэлзэж, өөрчлөгдөж болох ба 21-45 хоног байна.

Энэхүү мөчлөгийн хугацаанд таны огт тоож анзаарахгүй байгаа шалтгаанууд болох ажил дээрх стресс, амралт, хоол хүнсний хамгийн бага зэргийн өөрчлөлт ч нөлөөлж болзошгүй юм. Жирэмснээс хамгаалах янз бүрийн эм тариа хэрэглэж байгаа эмэгтэйчүүдийн хувьд  мөн сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөж болох бөгөөд энэ нь хэвийн үзэгдэл.

Тиймээс сарын тэмдэг бодож байсан хугацаанаас тань бага зэрэг наана, цаана ирэхэд айх гайхах зүйл үгүй. Харин мөчлөгийн хэмжээ хэт урт эсвэл богино болбол анхаарч, санаа тавих хэрэгтэй юм шүү.

 

8. Зүрхний цохилт ихсэх

Тайван байх үедээ бид зүрхний цохилтоо барагтаа л анзаардаггүй. Гэхдээ зарим хүн үүнийг мэдэрч, бүр цохилтыг нь сонсох нь бий бөгөөд энэ нь ихээхэн эвгүй бодол төрүүлдэг байна. Зүрхний цохилтын хэмжээгээ үзээд энэ тоо нь хэвийн хэмжээнээс их байгааг хараад эмчид үзүүлэхээр яарна.

Гэтэл зүрхний цохилт ихсэх нь ихэнх тохиолдолд хэвийн зүйл юм. Бид хүүхэд байхаасаа зүрхний цохилтын хэвийн хэмжээ нь минутад 60 цохилт гэж ойлгож ирсэн боловч яг үнэндээ энэ хэмжээ нь илүү их буюу 60-100 байна.

Зүрхний цохилтын тоо нь олон зүйлээс шалтгаалдаг: хоол хүнс, амьдралын хэв маяг, стресийн түвшин гэх мэт. Тиймээс та зүрхний цохилтоо хэмжихэд 60-аас дээш байвал шалтгааныг нь өөрийн дадал хэвшлээс хай. Тамхи татах, биеийн ачаалал үгүй, илүүдэл жин, эрүүл мэндийнхээ төлөө үргэлж зовох нь одоогоор өвчин биш боловч таны зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэх нэг нөхцөл юм. Эсвэл бүх зүйл хэвийн, таны зүрхний цохилтын хэвийн хэмжээ нь минутад 60 биш харин 75 байж болно.

 

9. Арьсан дээрх элдэв толбо-пигмент

Арьсны хорт хавдар нь бусад олон хорт хавдрын адил өөртөө хэт анхаарал тавьдаг хүмүүсийн хамгийн том айдсын нэг юм. Тиймээс тэд хацар, духан дээр ямар нэг толбо бий болсон байхыг хараад ихээхэн сандарч, шаналж эхэлдэг байна. Гэтэл арьсан дээрх ийм толбо нь ихэнх тохиолдолд ямар нэг хор нөлөөгүй билээ.

Зуны цагт наранд шарагдсаны улмаас арьсан дээр хар толбо бий болдог. Наранд их хэмжээгээр шарагдах нь яах аргагүй муу нөлөөтэй боловч үхлийн аюул үгүй. Өөр олон шалтгаан байж болно: стресс, витамины дутагдал, жирэмслэлт болон бусад байдлаас болж дааврын тэнцвэр алдагдах гэх мэт.

Хэрвээ жижигхэн толбо нь ямар нэг өвчингүй, томрохгүй, байгаагаасаа өөрөөр таныг зовоохгүй бол бүх зүйл хэвийн байна гэсэн үг. Янз бүрийн шалтгаанаар толбо-пигмент бүх л хүнд үүсч болно.

Эрүүл мэнддээ анхаарч, биеэ анзаарч явах нь сайн зүйл. Гэхдээ стресс, биеэ хэт чагнах, өвчнөөс айх зэрэг нь таны эрүүл мэндэд яавч сайн зүйл биш. Хэрвээ танд ямар нэг өвчний шинж илэрч байгаа санагдвал онлайнаар өөртөө “шинжилгээ” хийлгүй шууд л эмчид хандах нь зөв юм. Та ингэж өөрийн мэдрэлээ “хэмнэх” ба эмчилгээ хэрэгтэй бол тэр нь ч түргэн эхлэх болно. Харин та интернетээр харж байгаад өөртөө онош тавьдаг уу?

9
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *