
Шотландын зохиолч, эмч Артур Конан Дойл /Arthur Conan Doyle/-ын бүтээсэн мөрдөгч Шерлок Холмс /Sherlock Holmes/-ыг мэдэхгүй хүн гэж үгүй. Домогт мөрдөгчийн тухай анхны хэвлэл 1887 онд гарснаас хойш түүний тухай олон арван бүтээлүүд төрөн гарсан билээ. Шерлок Холмсын түүхийг өгүүлсэн хамгийн сүүлийн үеийн бүтээл ОХУ-д хийгдэж байгаа ба телевизийн цуврал хэлбэрээр бүтээгдэж байгаа энэ кинонд мөрдөгчийн дүрийг Оросын жүжигчин Игорь Петренко, Шерлок Холмсын найз, туслах доктор Ватсоны дүрийг жүжигчин Андрей Панин бүтээсэн байна. Энэ кино нь жүжигчин Андрей Панины хувьд түүний сүүлчийн бүтээл байжээ. Учир нь тэрээр өнгөрөгч 3-р сарын 7-нд гэртээ гэнэтийн үхлээр өөд болсон юм. Гэхдээ Андрей Панин дүрийнхээ ихэнх хэсгийг бүтээсэн байсан бөгөөд түүний дуу хоолойг дуурайх багахан хэсгийг өөр жүжигчдийн тусламжтайгаар бүтээсэн байна. Дараах зургууд нь “Шерлок Холмс” киноны зураг авалтыг хийсэн мөрдөгчийн гэрийн доторх тохижилтыг харуулсан зурагнууд юм. Мөрдөгч болон доктор нарын амьдарч байсан гэрийн тохижилтыг зураач, чимэглээч нар маш нарийн, чимхлүүр хөдөлмөр зарцуулан хийж гүйцэтгэсэн байна.




























