9 сарын 10-нд шинэ загварын iPhone танилцуулагдах бололтой.

0

9 сарын 10-нд шинэ загварын iPhone танилцуулагдах бололтой.Шинэ загварын iPhone 9 сарын 10-нд танилцуулагдах өндөр магадлалтай байгаа талаар AllThingsD мэдээлжээ. Тус сайт нь Apple фирмтэй олон жилийн турш нягт холбоотой байж хамгийн бодит мэдээ, таамаглалыг хүргэдэг юм. Энэ жил зөвхөн нэг төдий биш хоёр шинэ iPhone танилцуулагдах магадлалтай байгаа бололтой. Үүний нэг нь iPhone 5S, нөгөөх нь iPhone 5C гэж нэрлэгдээд буй. Дэлгэрэнгүй дээр дарж цааш уншина уу.

 

iPhone 5C буюу хямд өртөгтэй iPhone

Хямд өртөгтэй iPhone худалдаанд гаргах нь Apple-ын хувьд чухал ач холбогдолтой. Учир нь улам бүр өссөөр байгаа смартфоны зах зээлд хямд өртөгтэй Android утасны борлуулалт их хийгдэж байгаа юм. Apple-ын хувьд 1-2 жил болсон хуучин загваруудаа шинэ загвараасаа 100-200$ хямд үнээр санал болгодог. Гэсэн хэдий ч энэ нь төдийлөн амжилттай биш байгаа бөгөөд смартфоны томоохон зах зээлүүд болох Хятад, Энэтхэгийн зах зээлд Android утаснуудад байр сууриа алдсаар байгаа билээ. Тийм ч учраас хямд өртөгтэй хэдий ч хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт, эд ангийг агуулсан iPhone гаргах нь Apple-ын хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд үүнд 2 жил гаран бэлтгэсний эцэст энэ жил гаргах нь бололтой. Apple-тай холбоотой мэдээлэл нийтлэдэг сайтуудаар хямд өртөгтэй iPhone-ын зургууд аль хэдийн тархаад эхлэсэн бөгөөд албан ёсоор батлагдаагүй хэдий ч тун магадлалтай байгаа юм. Apple хэдийгээр шинэ гарах бүтээгдэхүүнийхээ талаар мэдээллийг ихээхэн нууцладаг хэдий ч одоо үед ингэх нь улам бүр хэцүү болоод байгаа билээ. Анх iPhone 4-ыг танилцуулахаас хэдхэн сарын өмнө Apple-ын ажилтан бааранд туршилтын загвараа орхиж гарсанаар нийтэд ил болж байсан. Харин iPhone 5-ын загвар албан ёсоор танилцуулагдахаасаа 1 сар гаруйн өмнө тодорхой болж байсан юм. Үйлдвэрлэлийн явцад алдагдсан байж болох гадар гэр (case) нүүрний шил (digitizer)-ний зургууд iPhone 5C нь хуванцар их биетэй байх болно гэдгийг батлаж байна. Эдгээр зургууд нь график рендер төдий бус бодит фото зураг байгаа нь бас ихээхэн найдлага төрүүлээд байна.

iPhone 5S

Дараагийн загварын iPhone нь ямархуу харагдах талаар одоогоор тодорхой болсон мэдээлэл үгүй байна. Магадгүй iPhone 5-ын загвар дээр нэмэлтүүд оруулсанаар гаргаж магадгүй бололтой. Учир нь шинэ iPhone нь 6 гэсэн нэрээр биш 5S байх болно гэсэн таамаглал ихээр яригдаж байна. Хэдийгээр албан ёсны мэдээ бус, Apple-аас зөвхөн 9 сарын 10-нд (мөн л таамаглал) танилцуулах арга хэмжээн дээр батлагдах хэдий ч харьцангуй магадлалтай байгаа юм. Хэрэв цоо шинэ загвараар гаргах байсан бол ганц нэг таамаглал, алдагдсан зургууд өдийд нийтлэгдсэн байх нь гарцаагүй. Харин нэгэн шинэ нэмэлттэй байх нь тун ч магад байна. Энэ нь Home button-той цуг байрлах хурууны хээ уншигч. Хэдэн жилийн өмнөөс яригдаж байгаа нэмэлт үйлдэл гэдгийг зарим хүмүүс санаж байгаа байх. Тухайн үед зөвхөн таамаглал төдий байсан бол өнгөрсөн жил хурууны хээ уншигч жижиг төхөөрөмж зохион бүтээгч AuthenTec компаний ихэнхи хувийг Apple худалдан авсанаар илүү бодитой болсон гэж хэлж болно. iPhone 5S нь өнгөрсөн 6 сард болсон WWDC арга хэмжээний үеэр танилцуулагдах байсан боловч зөвхөн хурууны хээ уншигчаас болоод хойшлосон гэсэн цуу бас тархаад амжсан байгаа. Apple хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт, өрсөлдөгчдөөсөө ялгарсан нэмэлтүүдийг өөрийн бүтээгдэхүүндээ оруулж өгдөгөөрөө ялгарч, илүүрхэж байдаг шүү дээ. Тэгвэл бид хурууны хээгээрээ утсаа нээх хугацаа тун ойртоод буй бололтой. Смартфондоо хувийн болон албан ажлын бүхий л мэдээллээ хадгалж байдаг өнөө үед энэ бол яах аргагүй хэрэгтэй зүйл мөн. Ялангуяа банкны гүйлгээг смартфоноор хийдэг болсон тул зөвхөн пасскод буюу кодоор түгжих нь тийм ч найдвартай хамгаалалт биш болоод байгаа шүү дээ. Мөн энэ нэмэлт утсан дээр хэрэгжих юм бол апп хөгжүүлэгчид, үйлчилгээний газруудад төлбөр тооцооны цоо шинэ хэлбэрийг үүсгэх боломжийг олгох боломжтой юм. Аливаа төлбөр тооцооны баталгаажуулалтыг зөвхөн тухайн хэрэглэгчийн хурууны хээгээр баталгаажуулсанаар ямар ч кодоос илүү найдвартай байх нь гарцаагүй шүү дээ.

Хурууны хээ уншигчтай байх нь гарцаагүй болсон талаар бас нэгэн баримт байгаа нь iOS 7 beta 4 дотроос уншигчтай холбоотой кодыг хөгжүүлэгч Hamza Sood олсон байна.

Ямартай ч сарын дараа болох арга хэмжээний үеэр тодорхой болох тул бидний хувьд хүлээх л үлдлээ. Шинэ iPad энэ удаа танилцуулагдах эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд 10 юм уу 11 сард тусдаа арга хэмжээ байгуулан танилцуулагдаж магадгүй бололтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *