
Испаний нийслэл Мадрид хотоос баруун тийш 20 милийн зайд орших Брунете хэмээх жижигхэн хотод хотын гудамжны цэвэр цэмцгэр байдлыг хадгалах тал дээр тус хотын удирдлагууд нэгэн ухаалаг аргыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Хотын гудамжийг бохирдуулдаг нэг томоохон хүчин зүйл бол нохойн ялгадас байдаг. Гэвч тус хотын консул хотын гудамжийг цэвэрлэх үндсэн төсвийг батлаагүй учир МакКанн нэртэй зар сурталчилгааны агентлаг үнэ төлбөргүйгээр бүхнийг хийхээр шийджээ. Долоо хоногийн турш олон арван сайн дурынхан гудамжаар эргүүл хийж, гудамжинд нохойгоо бие засуулаад ялгадсыг нь цэвэрлэлгүй орхисон эздийг тогтоож авсны дараа тухайн хүнтэй яриа үүсгэж, нохойных нь нэр, үүлдрийг мэдэж авсан байна. Нохойны нэр үүлдрийг мэдэж авснаар эздийг нь хэн болохыг гэрийн тэжээвэр амьтдын бүртгэгдсэн сангаас олж болох боломжтой болж байгаа аж. Дараа нь ялгадсыг хайрцганд хийн “Гээгдсэн зүйл” гэсэн хаягтайгаар эздэд нь илгээдэг байна. Энэхүү компанит ажил нь Латин-Америкийн зар сурталчилгааны фестивалиас Сол де Плата шагналыг хүртжээ.








