Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн амттай 10 амттаны жор

1

Үндэсний хоол нь аль ч улс орны соёл, уламжлалын салшгүй нэг хэсэг мөн. Аялж буй тухайн орныхоо хоолыг амсалгүй өнгөрнө гэдэг утгагүй хэрэг биш гэж үү? Шинэлэг, ер бусын хоолыг туршиж үзэхийг хүсдэг хүмүүст зориулж дараах дэлхийн хамгийн амттай амттануудын жорыг цуглуулан хүргэж байна.

Кокос, сүүтэй барфи – Энэтхэг

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн амттай 10 амттаны жор 1

Орц:

  • Цөцгийн тос (гэссэн) – 50 гр
  • Хуурай сүү – 100 гр
  • Сахарын пүдр – 2 хоолны халбага
  • Цөцгий (тослог) – 1 цайны халбага
  • Молоко – 150 гр
  • Кокос – 100 гр
  • Төрөл бүрийн самар – 100 гр

Бэлтгэх арга:

  1. Эхлээд сүүн барфи хийцгээе: гүн саванд хуурай сүү, зөөлрүүлсэн цөцгийн тос, сахарын пүдрээ нэмнэ.
  2. Самраа блендерт хийж жижиглээрэй. Дараа нь самраа цөцгийтэйгөө хамт сүүн холимогтоо нэмнэ.
  3. Бүгдийг сайтар хутгаад “зуурмагаа” хөргөгчинд 10 минут хөргөнө.
  4. Кокосон барфи хийхийн тулд молокогоо кокостойгоо холино. Сайтар хутгана. Дараа нь холимгоо хөргөгчинд хагас цаг байлгана. Кокос молоконд зөөлрөх ёстой.
  5. 10 минутын дараа сүүн холимгоороо ижил хэмжээтэй бөмбөлөг хийнэ. Дараа нь дөрвөлжин хэлбэрт оруулна. Холимог яг баримлын шавар шиг байх учир ямар ч хэлбэрт оруулж болно.
  6. Кокостой холимгоороо жижигхэн бөмбөлөг хийгээд үлдэгдэл кокосондоо өнхрүүлнэ.
  7. Тавган дээр сүүн болон кокосон барфигаа тавиад самраар чимэглээрэй.

Хатаасан жимс – Орос

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн амттай 10 амттаны жор 2

Орц:

  • Чавга – 1 кг
  • Элсэн чихэр – 1/2 аяга

Бэлтгэх арга:

  1. Чавгаа угаагаад, хатаагаад, дундуур нь хувааж ясыг нь авна. Чавгаа пергаментэн цаас дэвссэн листэн дээр тавьж 170-180 градус (чавганы хэмжээнээс шалтгаалж) хүртэл урьдчилж халаасан шарах шүүгээнд хийж 20 минут болгоно.
  2. Чавгаа шарах шүүгээнээс гаргаад бага зэрэг хөргөнө. Нэгэн төрлийн холимог болтол блендерт хийж нухашлана. Дээр нь элсэн чихэр нэмнэ. Сайтар хутгана.
  3. Листэн дээрээ пергамент тавиад нухашласан чавгаа халбагаар нэгэн жигд, ойролцоогоор 5 мм-ийн зузаантай тараана. 60-70 градус хүртэл халаасан шарах шүүгээнд жимсээ хатаж, гөлгөр болтол нь 6-8 цаг болгоно.
  4. Хатаасан жимсээ пергаментэн цааснаас салгаад нарийн зүсэж орооно. Удаан хугацаагаар хадгалахыг хүсвэл шилэн саванд хийгээд сайтар таглаарай. Эсвэл хурдхан шиг цайтайгаа холиод идээрэй.

Лемингтон бялуу – Австрали

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн амттай 10 амттаны жор 3

Орц:

Жигнэмэгт:

  • Өндөг – 3 ширхэг
  • Элсэн чихэр – 150 гр
  • Цөцгийн тос – 20 гр
  • Гурил – 150 гр
  • Хөөлгөгч – 1 хоолны халбага
  • Төмсний цардуул – 60 гр

Крем:

  • Цөцгийн тос (өрөөний температурт гэсгээсэн) – 100 гр
  • Хар шоколад – 100 гр
  • Элсэн чихэр – 50 гр
  • Сүү – 250 мл
  • Кокос – 200 гр

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаана. Өндгөө хөвсгөр болтол нь хөөсрүүлнэ. Дараа нь элсэн чихэр нэмж элсэн чихрээ бүрэн хайлтал нь цохиорой.
  2. Тосон дээрээ 3 хоолны халбага буцалсан халуун ус хийгээд өндөг дээрээ нэмнэ. үргэлжлүүлэн цохино.
  3. Бэлэн болсон өндгөн холимогтоо шигшсэн гурил, цардуул, хөөлгөгч нэмнэ. Халбагаар доороос дээш чиглэлтэйгээр болгоомжтой хутгана. Зуурмаг хөвсгөр байдлаа алдаж болохгүй.
  4. Бэлэн болсон зуурмагаа хүнсний цаас дэвссэн дөрвөлжин хэвэнд хийнэ. Жигнэмгээ шарах шүүгээнд 30 минут жигнэнэ.
  5. Модон савхаар болсон эсэхийг нь тогтмол шалгах хэрэгтэй.
  6. Бэлэн болсон жигнэмгээ хөргөнө. Дараа нь дөрвөлжин хэрчинэ.
  7. Крем бэлтгэхийн тулд эхлээд устай саван дээр сав байрлуулаад дотор нь шоколад, цөцгийн тосоо хийж хайлуулна. Модон халбагаар хутгаарай.
  8. Сүүгээ элсэн чихэртэй холиод бага зэрэг халаана. Дараа нь хайлуулсан шоколадан дээрээ нэмээд устай сав дээрээс авч гал дээр тавина.
  9. Холимгоо өтгөртөл нь хутгана.
  10. Бэлэн болсон кремээ том тавганд хийгээд бага зэрэг хөргөнө. Өөр тавганд кокос хийж тавина.
  11. Жигнэмгээ шоколадандаа дүрээд дараа нь бүх талаас нь кокосоор бүрнэ. Хоёр жигнэмгийн хооронд цохисон цөцгий хавчуулж болно.
  12. Идэхийн өмнө багадаа 3 цаг амраагаарай.

Чихэрлэг ороомог – Вьетнам

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн амттай 10 амттаны жор 4

Орц:

  • Будааны цаас – 4 хуудас
  • Гадил – 2 ширхэг
  • Лийр – 2 ширхэг
  • Самар (дурын) – ойролцоогоор 100 гр
  • Зөгийн бал – 2 хоолны халбага
  • Бяслаг (жимстэй зохьцохуйц зөөлөн бол сайн) – 150 гр

Бэлтгэх арга:

  1. Хальсыг нь авсан жимснүүдээ шоо дөрвөлжин зүсээд жижиглэсэн бяслагаа дээр нь нэмээрэй. Дээр нь зөгийн бал нэмээд хутгана.
  2. Ширээн дээр хэд хэдэн салфетка дэлгэж тавина. Саванд хүйтэн ус хийгээрэй. Будааны цаасаа усандаа 1 минут байлгана (эсвэл хайрцаг дээрх зааврын дагуу хийж болно).
  3. Цаасаа салфеткан дээрээ тавиад хэдэн хором хүлээгээрэй. Хоёр минутын дараа цаас биежих болох болно.
  4. Цаасан дээрээ шанзаа тавиад өөрийн хүссэнээр ороож тавиарай.

Жич: төрөл бүрийн шанзыг өөрийн хүссэнээр хийж болно.

Зайрмагтай моти бөмбөлөг – Япон

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн амттай 10 амттаны жор 5

Орц:

  • Элсэн чихэр – 4 хоолны халбага
  • Будааны гурил – 3 хоолны халбага
  • Ус – 6 хоолны халбага
  • Зайрмаг – 150 гр
  • Хүнсний будаг (хүсвэл)

Бэлтгэх арга:

  1. Зуурмагаа бэлтгэцгээе. Элсэн чихэртэй гурилан дээрээ 5 хоолны халбага ус нэмнэ.
  2. Холино. Сунамтгай, нэгэн төрлийн зуурмаг болно. Хэрэв хүнсний будаг нэмэхийг хүсвэл – одоо яг цаг нь!
  3. Нойтон цаасан алчуур дээр нь тавьж богино долгионы зууханд яг 2 минут болгоорой. Дараа нь гаргаж ирээд 1 халбага ус нэмж хутгаад мөн л дээр нь чийгтэй алчуур тавьж богино долгионы зууханд дахин нэг минут болгоно.
  4. Зуурмагаа хутгангаа хөргөөрэй. Зуурмаг бүлээн байхдаа хэлбэрт сайн ордог. Хөрөхөөрөө уян чанараа алддаг учир түргэн хэлбэрт оруулаарай. Гамбанз дээрээ хүнсний цаас дэвсээд дээр нь гурил цацна. Гараа ч бас гурилд дүрээрэй. Зуурмагаасаа багахан хэмжээтэй аваад гурил цацаж хавтгай хэлбэрт оруулна.
  5. Мотигийн хэмжээ шанзны хэмжээнээс шалтгаална. Ерөнхийдөө зуурмаг нимгэн байх тусмаа сайн. Зуурмагаа татаж эсвэл хурууны өндгөөрөө тогшиж хэлбэрт оруулаарай.
  6. Хавтгай зуурмагныхаа голд зайрмагаа тавина. Ирмэгийг нь чимхэнэ.
  7. Тавган дээр гурил асгаад мотигоо өнхрүүлнэ. Амттан бэлэн боллоо! (Энэхүү амттаныг хөргөгчинд хадгалбал илүү удаан хадгалагдах боловч дахин дахин хөлдөөж болохгүйг анхаараарай. Хэрэв гэрт чинь зочин ирэх гэж байгаа бол хөргөгчөөс 20-30 минутын өмнө гаргаж тавиарай. Энэ хугацаанд моти хангалттай зөөлөрсөн байх болно.)

Альфахорес жигнэмэг – Аргентин

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн амттай 10 амттаны жор 6

Орц:

Зуурмагт:

  • Гурил – 2,5 аяга
  • Цардуул – 1 аяга
  • Маргарин – 200 гр
  • Өндөгний шар – 3 ширхэг
  • Ром дарс – 3-4 хоолны халбага
  • Хөөлгөгч – 2 цайны халбага
  • Элсэн чихэр – 100 гр

Шанзанд:

  • 1 лаазтай молоко

Чимэглэлд:

  • Сахарын пүдр – 1 аяга
  • Жижиглэсэн самар

Бэлтгэх арга:

  1. Маргаринаа элсэн чихэртэйгээ холино. Дээр нь ром дарс (заавал биш) өндөгний шар нэмнэ. Сайтар хутгана. Цардуулаа нэмээд, шигшсэн гурилаа хөөлгөгчтэйгөө нэмнэ.
  2. Гарт наалдахгүй зуурмаг болох ёстой.
  3. Зуурмагаа ойролцоогоор 0,4-0,5 мм зузаантай болтол илдэнэ. 8 см-ийн диаметртэй дугуй дүрснүүд зүсэж авна.
  4. 150 градус хүртэл халаасан шарах шүүгээнд 15-20 минут жигнэнэ. Жигнэмэг борлож болохгүйг анхаараарай. Жигнэмэг хөрснийхөө дараа маш хэврэг болдог.
  5. Шарах шүүгээнээсээ гаргаад хөргөөрэй.
  6. Нэг жигнэмэг дээр молоко нимгэн түрхээд дээр нь өөр нэг жигнэмэг тавина. Жигнэмгийн хажуу талыг молокогоор бүрнэ.
  7. Дараа нь жигнэмгийн хажуу талыг самраар бүрнэ (кокосоор бүрж болно). Дээр нь сахарын пүдр цацаарай.

Банш – Чех

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн амттай 10 амттаны жор 7

Орц:

  • Тахианы өндөг – 1 ширхэг
  • Амуу будаа – 1 хоолны халбага
  • Гурил – 100 гр
  • Цөцгийн тос – 20 гр
  • Нимбэгний хальс
  • Элсэн чихэр – 3 хоолны халбага
  • Аарц – 250 гр
  • Гүзээлзгэнэ – 150 гр

Сүмсэнд:

  • Сүү – 250 мл
  • Өндөгний шар – 1 ширхэг
  • Цардуул – 1 хоолны халбага
  • Элсэн чихэр – 2 хоолны халбага
  • Ванилийн сахар – 8 гр

Бэлтгэх арга:

  1. Аарцан дээрээ өндөг нэмж цохиод зөөлрүүлсэн цөцгийн тос нэмнэ. Хутгана.
  2. Гурилаа давс, элсэн чихэр, амуу будаа, нимбэгний хальстай холино.
  3. Бүх хуурай орцоо аарцан дээрээ нэмээд зуурмаг бэлтгэнэ. Тугалган цаасанд ороогоод хөргөгчинд 1 цаг амраана.
  4. Зуурмаг амрах зуур сүмсээ бэлтгэцгээе. 50 мл сүүнд цардуул нэмээд сайтар хутгана. Өндөгний шар нэмнэ. Хутгуураар сайтар хутгаад дээр нь үлдсэн сүү, бүх элсэн чихрээ нэмнэ.
  5. Дунд зэргийн гал дээр тавиад тасралтгүй хутгана. Буцалгалгүйгээр өндөгний шарыг болгоорой.
  6. Аарцтай зуурмагаа 6-8 хэсэгт хуваагаад тус бүрийг нь хавтгай болгож дунд нь хэрчсэн эсвэл бүтэн гүзээлзгэнэ тавина.
  7. Гүзээлзгэнээ орооно. Ингээд бүх зуурмагтаа гүзээлзгэнэ хийж ороогоорой.
  8. Буцалж буй усанд хийгээд 1-2 минут чанаад галыг нь унтраагаад усандаа 10 минут байлгаарай.
  9. Идэхдээ дээр нь ванилийн сүмсээ асгаарай.

Сикарни – Непал

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн амттай 10 амттаны жор 8

Орц:

  • Тараг – 500 гр
  • Элсэн чихэр – 1/4 аяга
  • Сүү (бүйлснийх илүү тохирно) – 1/2 аяга
  • Самрын цуглуулга
  • Кардамон – 2 халбага
  • Анар, хатаасан гадил, гүргэмийг чимэглэлд хэрэглэнэ

Бэлтгэх арга:

  1. Таргаа маарлан даавуунд хийгээд хонуулаарай. Ингэж шар усыг нь гаргаж авна.
  2. Таргаа саванд хийгээд дээр нь жижиглэсэн самар, кардамон, элсэн чихэр нэмнэ. Хутгана. Сүгээ болгоомжтой нэмнэ.
  3. Хутгуураар хөвсгөр болтол нь болгоомжтой цохино.
  4. Холимгоо аяганд хийгээд гүргэм, гадил, анарын үрээр чимэглээрэй.

Трес Лечес (гурван сүү) – Коста-Рика

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн амттай 10 амттаны жор 9

Орц:

Бялуунд:

  • Гурил – 1 1/2 аяга
  • Элсэн чихэр – 1 аяга
  • Сүү – 1/2 аяга
  • Өндөг – 4 ширхэг
  • Хөөлгөгч – 1 хоолны халбага
  • Синамон – 2 цайны халбага
  • Давс – 1/2 цайны халбага

Бялуунд шингээх сүүн холимогт:

  • Сүү – 250 гр
  • Хуурай сүү – 100 гр
  • Молоко – 400 гр
  • Сүү – 1 1/4 аяга

Бэлтгэх арга:

  1. Шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаана. Хэвээ тослоод гурил цацна.
  2. Өндөгний шарыг цагаанаас нь салгана. Гурил, хөөлгөгч, давс, синамоноо шигшинэ.
  3. Өндөгний шар дээрээ 4 хоолны халбага элсэн чихэр нэмээд хөөсөртөл нь цохино.
  4. Өөр саванд өндөгний цагааныг цохино. Тасралтгүй цохингоо дээр нь үлдсэн элсэн чихрээ бага багаар нэмнэ.
  5. Өндөгний цагаан дээрээ өндөгний шараа нэмээд болгоомжтой холино. Дараа нь гурилан холимог, сүү хоёроо ээлжлэн гурав хувааж хийнэ.
  6. Зуурмагаа хэвэндээ хийгээд ойролцоогоор 40 минут жигнэнэ. Бэлэн болсон бялууны дээд хэсэгт хүрэхэд пүрш шиг байх ёстой. Сараалжин дээр тавьж сайтар хөргөнө.
  7. Бялуунд шингээх сүүн холимог бэлтгэхдээ бүх орцоо холино.
  8. Бялуугаа тавган дээр тавиарай. Дээр нь сүүн холимгоо асгаж шингээнэ. Жимсээр чимэглэж болно.

Семифредо – Итали

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн амттай 10 амттаны жор 10

Орц:

  • 35%-ийн цөцгий – 500 мл
  • Өндөг – 5 ширхэг
  • Элсэн чихэр – 150 гр
  • Ванилийн сахар
  • Шинэхэн бөөрөлзгөнө – 1 аяга (ямар ч жимс байж болно, хөлдөөсөн ч байж болно)

Бэлтгэх арга:

  1. Өндөгний цагааныг шараас нь салгаад хөөсөртөл нь цохино. Өндөгний шарыг элсэн чихэртэйгээ хольж цохино.
  2. Цөцгийгөө хөөсөртөл нь цохино. Өндөгний шартай холино. Ваниль нэмнэ.
  3. Хутгуураар өндөгний цагааныг өндөгний шар дээр нэмнэ. Холимогтоо жимсээ нэмнэ.
  4. Холимгоо силикон хэвэнд цутгана.
  5. Хөргөгчинд 5-6 цаг байлгана.
  6. Идэхийн өмнө өрөөний температурт 15 минут байлгаарай.
9
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Хулан 'Э

    2016/05/14 at 14:13

    Ss pls

  2. Зочин

    2016/05/14 at 16:37

    Танай жорууд таалагддаг шүүүүүүүүүүүүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *