Та бүхний өмнө өнгөрсөн болон одоо цагийн алдартай жүжигчид байна. Тэд өнөөдрийн “Оскар”-ын шагналтнууд юм. Гэхдээ нэг “ноо” бий – тэд дэлхийн кино салбарт хамгийн алдартай шагналыг хамаагүй хожуу авсанд тооцогддог.
Жүжигчний хувьд өөрийнхөө авьяас чадлыг бүрэн гаргасан дүр (ганцаар тогтохгүй) тэдэнд бүгдэд нь бий, гэхдээ ямар нэгэн шалтгааны улмаас тэд тухайн үед шагналын эзэн болж чадалгүй (бүр нэр дэвшиж ч байгаагүй тохиолдол бий) дараагийн ээлжийг хүлээхэд хүрч байжээ. Зарим нэгийнх нь хувьд олон жил хүлээхэд ч хүрсэн байдаг.
Дор нэр дурдсан жүжигчид “Оскар”-ыг чухам тухайн дүрээр авах ёстой байсныг бид үгүйсгээгүй юм шүү. Гэхдээ бидний санал болгох киноны дүрээр шагналын эзэн болох байсан гэдгийг та нэг их үгүйсгэхгүй болов уу. Магадгүй бүр өгөх ёстой байсан юм гэж та гар өргөж ч магадгүй.
Леонардо Ди Каприо
Оскарын шагналыг “The Revenant” киногоороо 2015 онд авсан, гэхдээ угтаа бол Мартин Скорсезегийн 2013 оны “The Wolf of Wall Street” кинонд бүх хүч чадлаа гаргасан жүжигчин.
Хоакин Феникс
Оскарыг “Joker” киноны (2019) дүрээр авсан, гэхдээ бидний бодлоор бол зууны эхэн үед “Gladiator” киноны (2000) туслах дүрээр авах ёстой байсан санагддаг. Тэрээр тухай үед өөдгүй муу Артур Флекийн дүрээс илүү тоглосон юм шүү.
Морган Фримен
Анхны Оскараа 2004 оны “Million Dollar Baby” киногоор авч байлаа. Гэхдээ тэр аль арван жилийн өмнө аугаа дэлгэцийн бүтээл болох “The Shawshank Redemption” киноны (1994) Рэдийн дүрээр авах ёстой байсан юм.
Уилл Смит
Бөөн шуугиан болж байж “King Richard” киноны (2021) дүрээрээ Оскар авч байсан удаатай. Угтаа бол хорин жилийн өмнө спортын төрлийн “Ali” киноны (2001) түүхэн бодит хүний дүрээр авах ёстой байсан юм.
Робин Уильямс
Цорын ганц Оскараа “Good Will Hunting” киноны (1997) дүрээр авсан юм. Гэхдээ “Dead Poets Society” киноны (1989) гол дүрээр авах ёстой байсан санагдана.
Дэниел Калуя
Оскарын шагналыг “Judas and the Black Messiah” киноны (2020) туслах дүрээр авсан түүхтэй. Гэхдээ “Get Out” хоррор киноны (2017) гол дүрээр авах ёстой байсан юм.
Жек Николсон
Анхны Оскарын шагналаа кино салбарт домог болсон “One Flew Over the Cuckoos Nest” (1975) киногоор авсан. Гэхдээ жилийн өмнө Жек найруулагч Роман Поланскийн гэмт хэрэг-детектив төрлийн “Chinatown” киноны (1974) дүрээр авах л ёстой байсан юм даа.
Аль Пачино
Одоохондоо цорын ганц Оскарын шагналаа “Scent of a Woman” киноны (1992) дүрээр аваад байгаа. Гэхдээ үүнээс өмнө уг шагналын эзэн болж болохоор байсан төдийгүй чухам аль дүрээрээ вэ гэдэг л асуулт гарахаар. Хамгийн явцуу хүрээнд ярихад л “The Godfather” (1972;1974), арай дэлгэрэнгүй авч үзье гэвэл “Serpico” (1973) эсвэл “Dog Day Afternoon” (1976) киноны дүрүүдийг дурдаж болно.
“Scarface” киноны (1983) дүрээр Оскарт бүр нэр ч дэвшээгүй болохыг хэлэх хэрэгтэй байх. Иймэрхүү хоёр ч жишээ доор бий.
Жефф Брижес
Анхны Оскарын шагналаа “Crazy Heart” киноны (2009) дүрээр авч байсан юм. Гэхдээ “The Big Lebowski” киногоороо (1998) нэгдүгээрт ядаж л нэр дэвших ёстой байсан, хоёрдугаарт шагналыг авах ёстой байж дээ.
Гэри Олдман
Анхны Оскараа “Darkest Hour” кинонд (2017) Уинстон Черчилийн дүрийг бүтээгээд авч байсан бол анх удаа “Tinker, Tailor, Soldier, Spy” киноны (2011) дүрээр нэр дэвшиж байсан удаатай. Гэхдээ 1990-ээд оны үеэс л түүнийг Оскарт нэр дэвшиж шагналын эзэн болох ёстой байсныг бид сайн мэднэ. Ядаж л Норма Стэнсфилдийн “Léon” киноны (1994) дүрээр.
Таны бодлоор өөр ямар жүжигчин анхны Оскарын шагналаа хамаагүй эрт авах ёстой байсан бэ? Өөрийнхөө хувилбаруудыг бичиж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.