Хиймэл оюун ухаан биднийг хааш нь хөтөлнө вэ: хиймэл оюун ухааны ирээдүйн талаарх 8 аймшигтай таамаг

2

Хиймэл оюун ухаан маш богино хугацаанд алдаршлаа. Бидний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болоод удаж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Жилийн өмнө гэхэд текст өгөгдлийн дагуу зураг зурдаг байсан хиймэл оюун ухаан зугаа төдий л зүйл байж. Харин өнөөдөр ажил олгогч ажилтнаа халж байна, өөрөөр хэлбэл амьд хүнийг хиймэл оюун ухаан орлох боллоо. SlashGear портал хиймэл оюун ухааны ирээдүйн хэтийн төлөвийг танилцуулжээ. Тэдний төсөөлөл бидний хувьд таагүй гарсан нь харамсалтай.

 

Улс төрийн шинж чанартай худал хуурмаг мэдээлэл

Хиймэл оюун ухааны орчин үеийн загвар нь ямар ч өгөгдөл ашиглан бодит дүр зураг эсвэл дуу хоолойг бий болгож чадна. Тун удахгүй хий хоосон зүйлээс видео бичлэг бүтээхийг ч үгүйсгэхгүй. Тийм учраас хиймэл оюун ухааныг худал хуурмаг мэдээлэл тараах, хүнийг гүтгэх зэрэг муу муухай зүйлд ашиглаж эхлэх магадлал тун өндөр байна. Энэ нь ердөө л цаг хугацааны асуудал. Сошиал сүлжээгээр рэп дуучин болсон Ромын Пап, мөн цагдаад баригдсан Дональд Трампын зургууд гарах болсон нь үүнийг гэрчилнэ. Уг зургууд нь егөөдлийн зорилгоор бүтээгдсэн, хэнийг ч хуурч мэхлэх зорилгогүй ч гэлээ хүмүүс сошиал сүлжээгээр бодит үйл явдал болсон юм шиг л бие биетэйгээ хуваалцаж байлаа. ChatGPT ботыг хов живээр оролдсон гэж шүүхэд өгөөд байгаа нь ч хоосонгүй – Австралийн нэгэн улс төрчийг хахууль авсан хэрэгт ChatGPT буруутгасан юм.

 

Цагдаа төвтэй төр засгийг бий болгоно

“Minority Report” кинонд далдыг хардаг тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхээс нь өмнө баривчилдаг. Бодит амьдрал дээр ийм зүйл гарвал аймшигтай, гэхдээ зарим нэг улс орнуудын хэв журам сахиулах байгууллагууд уг зорилгоор хиймэл оюун ухаан ашиглах асуудлыг судалж эхэлжээ. Нүүр царай таних систем зэрэг хүнийг мөрдөж мөшгөх аргыг хуульчлаад удаж байна. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар уг системийн цар хүрээг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх болжээ.

 

Нийгмийн тэгш бус байдлыг хурцатгана

2014 онд Amazon шинэ ажилтан авах зорилгоор хиймэл оюун ухаан ашиглаж үзсэн: уг программ ажилд горилогчдын хүсэлтийг шүүж хамгийн шилдэг горилогчийг сонгох ёстой байв. Жилийн дараа гэхэд компани хиймэл оюун ухаан ажил горилогчдоос эрчүүдийг илүү дээгүүр үнэлж байгааг ойлгожээ. Ажилд орох хүсэлтэд “эмэгтэй” эсвэл охидын коллеж гэсэн нэр л орсон байвал доогуур үнэлгээ өгч автоматаар хасагдаж байсан гэдэг. Хиймэл оюун ухааныг хүний бэлдсэн статистик дээр үндэслэж боловсруулдаг, тийм учраас үүнд түүнийг буруутгаад байх шаардлагагүй. Энэ мэт хиймэл оюун ухаан хүссэн хүсээгүй бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөх болжээ.

 

Муу зөвлөгөө

Орчин үеийн хиймэл оюун ухааны хамгийн хүнд асуудлыг “хий хоосон зүйл харах” гэж ойлгож болох юм – худал хуурмаг мэдээлэл өгөх. Заримдаа үнэхээр гэм хоргүй мэдээлэл өгнө: жишээ нь, ChatGPT аливаа нэг үүрэн утсыг бодит байдал дээр байхгүй горимтой гэж мэдээлсэн байгаа юм. Гэмгүй мэдээллээс гадна хор уршигтай мэдээлэл ч өгөх тохиолдол гарна. Уг зөвлөгөөг хүн дагавал засах аргагүй хор хохирол амсахаар. Хайлтын системээс хүнд эмийн хэрэглэх хэмжээний талаар буруу мэдээлэл өглөө гэж бодъё. Мөн хоолны буруу дэглэм, үүгээр ч зогсохгүй амиа хорлох сэдэл төрүүлмээр зөвлөгөө өгөхийг ч үгүйсгэхгүй.

 

Биржийн зах зээлийн сүйрэл

Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр биржийн зах зээл дээр автоматжуулсан ботуудыг ихээр гаргах боллоо: өөрийн хийсэн тооцоолол, зах зээлийн хөдөлгөөнийг үндэслэн хувьцааг худалдаж авч, зарна. Гэхдээ энэ төрлийн ботуудыг хиймэл оюун ухаантай харьцуулахад дэндүү гэнэн бөгөөд “тэнэг” гэмээр, тэдний санааг амархан ойлгож болохоор. Харин дэвшилтэт хиймэл оюун ухаан илүү “төвөгтэй” тул тэдний гаргах шийдвэрийг урьдчилан таамаглах аргагүй. Трейдерүүд олноор дэвшилтэт хиймэл оюун ухаан ашиглаад эхэлбэл биржийн зах зээл дээр үймээн самуун дэгдэж болзошгүй. Технологи л болсон хойно зөв буруу статистикаас болж худал тооцоолол гаргахыг үгүйсгэхгүй, тухайлбал ямар ч асуудалгүй газар зөнгөөрөө явж байгаа компанийн хувьцааг навс унагаж ч мэднэ.

 

Хайлтын системийн уналт

Дэлхийн томоохон IT компаниуд хиймэл оюун ухаан дээр суурилсан өрсөлдөөнд эргэлт буцалтгүй орлоо. Үүний хажуугаар хиймэл оюун ухаан медиа бизнест сөрөг нөлөө үзүүлж болзошгүй дүр зураг харагдах болжээ. Зар сурталчилгаагаар мөнгө босгодог сайтууд хэрэглэгчийн хандалтын тоогоор мөнгө олдог: хэрвээ хиймэл оюун ухаан тухайн цахим хуудасны агуулгыг урьдчилан хэлээд өгөх юм бол хэрэглэгч тухайн хуудас руу орох ямар ч шаардлагагүй болно. Энэ утгаараа хандалтын тоо буурч орлого багасах нь дамжиггүй.

 

Дэлхийн дулаарлыг хурдасгана

Хүн төрөлхтөн орших, эс оршихуйн өмнө зогсож байна. Дэлхийн дулаарал бодит асуудал, нүүрстөрөгчийн хаягдлыг эрс багасгахад маш бага хугацаа бидэнд үлдээд байгаа юм. Хиймэл оюун ухааны аналитик боломж асуудлыг шийдэх үр дүнтэй арга гаргаж ирж чадна, гэхдээ хиймэл оюун ухаан маш их эрчим хүч ашигладгийг бид огт мартаж болохгүй. Хиймэл оюун ухаан хэдий хэр хүчтэй байна төдий чинээ эрчим хүч ашиглана – энэ нь биднийг гол асуудал руу эргэлт буцалтгүй авчирч байгаа хэрэг.

Энэ асуудлын талаарх таны үзэл бодол бидэнд маш сонирхолтой байна. Та юу гэж бодож байна?

5
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *