Энэтхэг хурим – зүгээр нэг ёслол төдий зүйл биш ажээ, уламжлалт ёсыг чандлан даган хосууд шинэ амьдралаа эхлүүлэх тэр сайхан агшин юм. Эд баялгаа гайхуулж тансаг байх нь хуримын салшгүй нэг хэсэг. Энэхүү мэдээллээс та Энэтхэг хуримын ёс, гоо сайхан болон хуримын ёслолын эргэн тойронд болох үйл явдлыг олж мэдэх болно.
Юуны түрүүнд Энэтхэг хурим гүн утга учир агуулж буйг мэдэх хэрэгтэй. Индусуудын хувьд нэгэн сүсэг бишрэл бий: хуримын ёслолоор эхнэр нөхөр хоёр дараагийн долоон үеийн амьдралаа холбож байгаа гэж итгэдэг тул ёслолыг маш өндөр зэрэглэлд зохион байгуулахыг хичээнэ.
Энэтхэг хурим гурван үе шаттай: хуримаас өмнөх ёслол, хуримын ёслол болон хуримын дараах ёслолын арга хэмжээ. Ингээд хурим 4-5 хоног үргэлжилнэ.
Сүй тавих (Тилак) ёслол бол хуримын ёслолын арга хэмжээний анхны чухал эхлэл. Хурим болохоос нэг сарын өмнө зохион байгуулна. Энэ ёслолд зөвхөн эрчүүд оролцох бөгөөд сүйт бүсгүйн эцэг сүйт залуугийн гэрт очиж охиныхоо нөхөр болгоход татгалзах зүйлгүй гэж хэлнэ. Ингээд ирээдүйн хүргэн болгохоор хүлээн авсан хэмээн үзэж сүйт залуугийн духан дээр улаан тэмдэг тавина. Талууд харилцан бэлэг солилцох ажээ.
Үргэлжлээд эмэгтэйчүүдийн баяр эхэлнэ – Сангит ёслол.
Сүйт бүсгүйн бүх эмэгтэй хамаатан саднуудыг урьж цугтаа дуулж хуурдан баярлана.
Бинди – нөхөрт гарсныг гэрчилж сүйт бүсгүйн духан дээр улаан тэмдэг тавина.
Сухагин – сүйт бүсгүйн гэрт болох бас нэгэн ёслолын арга хэмжээний үеэр нөхрөөсөө өмнө нас барсан эхнэрүүдэд зориулсан ном уншдаг ажээ. Нөхрөөсөө өмнө нас барсан эхнэрийг сухагин гэдэг байна.
Нөхөрт гарч байгаа бүсгүйг сухагин болохыг ерөөдөг. Энэтхэгт эхнэр нь нөхрийнхөө ирээдүйг тодорхойлдог хэмээн үздэг. Эхнэр нь нөхрийнхөө эрүүл мэнд, сэтгэл хангалуун байлгах нөхцлийг хангах үүрэгтэй. Эхнэр хүн нөхөртөө муу хандах, сэтгэл дундуур байгаагаа харуулж нөхрийнхөө сэтгэлийг зовоож болохгүй.
Хэрвээ нөхөр нь өвчнөөр эхнэрээсээ өмнө нас барвал эхнэр хүн бүх гоёл чимэглэлээ авч эвдэн хаях бөгөөд үхэн үхтлээ гашуудал зарлан цагаан сари өмсөж явна. Бэлэвсэн эхнэрүүдэд хүйтэн хэрцгий ханддаг гэж хэлж болно, тэднийг ямар нэг арга хэмжээнд хэн ч урихгүй, нийгмийн байр суурь – хамгийн доод түвшинд тооцогдоно.
Менди – хуримын ёслолоос өмнө сүйт бүсгүйн гэрт болох бас нэгэн ёслол. Хны-гаар бүсгүйн бие дээр хээ угалз зурах ёслол бөгөөд сүйт бүсгүй нөхрийнхөө гэрт очоод менди зураг арилтал юу ч хийхгүй байх ёстой.
Энэ ёслолоос хойш хурим болтол сүйт бүсгүй гэрээсээ гарахгүй.
Хуримын өдөр эсвэл өмнөх өдөр Халди ёслол болно. Сүйт залуу болон бүсгүйн нүүр, гар, хөлөнд нь куркума түрхэж гялалзсан өнгөтэй болгоно.
Сүйт хархүү болон бүсгүйн гоёл
Сүйт бүсгүйн үс засалтад маш их анхаарал хандуулна. Уламжлалт ёсоороо үсийг нь сүлжиж үнэт эдлэл, цэцгээр гоёж үнэртэн түрхэнэ. Задгай үстэй олон нийтийн газар явахыг хориглодог. Зөвхөн насанд хүрээгүй охидууд л үсээ задгай тавьж болно.
Нэгэн чухал гоёл бол баруун хамарны нүхэнд зүүх чимэглэл буюу Натх бөгж. Духан дээр тавьсан улаан тэмдэглэгээний адил бүсгүйг нөхөрт гарсныг гэрчлэх гоёл ажээ.
Бугуйвч, эмээг, хүнд хүзүүний зүүлт – бүгд уламжлалын дагуу.
Сүйт бүсгүйн хуримын хувцас улаан өнгөтэй байна, гэхдээ цэнхэр, ногоон, ягаан … байж болно. Хар, цагаан өнгийг хориглоно. Хар өнгө мууг ёрлодог, цагаан өнгө эмгэнэлийг илэрхийлдэг ажээ.
Сүйт хархүүгийн хувцас мөн гоёмсог байна. Нарийн өмд, алтан утсаар чимэглэсэн урт хантааз, ээтэн хошуутай туфли болон чалмагаар гангарна. Хосууд гоо үзэсгэлэнгээрээ ирсэн зочдыг алмайруулах ёстой, хараад байхад алмайруулж чаддаг бололтой.
Хуримын ёслол
Хуримын өдөр сүйт хархүү хайртай бүсгүйн гэрт очно. Уламжлал ёсоор морь эсвэл заан унаж явах ёстой ч орчин үед машинаар явдаг болжээ.
Сүйт хархүүг хайртай бүсгүйн гэрт очиход бүсгүйн ээж угтан авч хуримын ёслол болох газар хүртэл дагуулан явж хайртай бүсгүй дээр нь хүргэж өгнө.
Энэ цаг мөч – хамгийн чухал мөч бөгөөд хурим хийж байгаа айл болгон үүнийг төгс хийхийг хүсдэг.
Сүйт бүсгүй гайхамшигтай үзэсгэлэнтэй харагдах нь мэдээж. Ямар их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан нь ойлгомжтой.
Уламжлал бол уламжлал, харин хүн хүнээрээ үлдэнэ. Энэтхэг сүйт залуу, бүсгүй хоёр хэдэн өдрөөр үргэлжлэх хуримын ёслолоос болж багагүй ядардаг нь илт.
Сүйт бүсгүй олны өмнө гарч ирэхдээ цэцгээр хийсэн гирлянд барин гарч ирнэ. Хосууд харилцан гирляндаа солилцож эхнэр нөхөр болсноо харилцан илэрхийлнэ.
Гэр бүл гэдэг ариун зүйл тул хагацаж болохгүй, үүний бэлэг тэмдэг болгон хосуудын хувцасыг нийлүүлж зангидах бөгөөд хуримын дараа зангилааг тайлахгүйгээр хувцасаа тайлж хадгалдаг байна.
Бас нэгэн уламжлалт ёслол –Лажа Хома. Сүйт бүсгүй ах дүүгийнхээ гар дээр будааны үр цацахад будааны үрийн тал сүйт хархүүгийн алган дээр очдог. Сүйт бүсгүй алган дээр үлдсэн үрээ галд өргөж нөхөртөө аз жаргалтай, урт удаан насыг бурхнаас хүсдэг ажээ.
Гал голомтоо бадрааж буй хосууд бас нэгэн гал тахих ёслол үйлдэж асаасан галаа нар зөв гурвантаа тойрно.
Хуримын ёслолын төгсгөлийн үе шат – киноварийн нунтгийг сүйт залуу хайртай бүсгүйн духанд түрхэж эхнэрээ болгон авсныг илэрхийлнэ.
Эдгээр ёслолын дараа хуримын тансаг найр эхлэх бөгөөд залуу хосууд бие биенээ амттанаар дайлж хайр халамжаа гаргана. Энэтхэг хуримын найрын зоог дээд зэргийн тансаг байдаг.
Сүйт бүсгүй төрсөн гэр, ахан дүүстэйгээ салах ёс хийгээд нөхрийнхөө гэр рүү явна.
Нөхрийнхөө гэрт ирж хадмуудтайгаа уулзана. Нөхрийнхөө гэрт хөл тавихдаа улаан өнгийн будганд хөлөө дүрж цагаан даавуун дээр аз жаргалыг билэгдэн улаан мөр гарган явдаг уламжлалтай.
Энэтхэгийн хуримын ёслол ийн хэдэн өдөр баяр хөөрөөр дүүрэн өнгөрдөг байна.
Зочин
2015/10/24 at 20:32
laitai ain
Зочин
2015/10/28 at 17:58
amidral deer shaal ondoo ene baychuudiih dundaj bolon yduus ingej nair hiij uzeegvi