Японы сургуулиуд балчир настнуудаа амьдралын ухаанд сургахыг урьтал болгож ажилладаг. Барууны орнууд, тухайлбал жилийн 180 хоногийн сургалтын тогтолцоотой АНУ-тай харьцуулбал Япон нь жилийн 210 хоногийн сургалтын тогтолцоотойгоос гадна дэлхийн хамгийн үр дүнтэй сургалттай орон гэж нэрлэгдэх хэд хэдэн шалтгаан бий. Манай сайт уншигч танд Японы боловсролын салбар яагаад бусад орнуудаас илүү онцгойрдог тухай 6 шалтгааныг хүргэхээр бэлдлээ.
1. 4-р анги хүртэл хүүхдүүдээс шалгалт авдаггүй
Сонирхолтой сонсогдож болох ч тэд хүүхдүүдээс 4-р анги хүртэл шалгалт авдаггүй бөгөөд энэ нь мэдлэгээс илүү зан төлөв, чиг хандлагыг зөв тавих нь чухал гэж үзэх үзэлтэй холбоотой. Тэд энэ хугацаанд өгөөмөр, бусдыг ойлгодог, энэрэнгүй хүн болж төлөвшдөг. Түүнчлэн бага наснаас нь эхлэн хүүхдэд бусдыг хүндлэх, байгаль болон амьтантай хүнлэг харьцах талаар зааж сургадаг байна.
2. Хүүхдүүд сургуулиа өөрсдөө цэвэрлэдэг
Дэлхийн ихэнх орнуудад сургуулийг цэвэрлэгч, үйлчлэгч нар л цэвэрлэдэг бол Японд сурагчид өөрсдөө цэвэрлэдэг ажээ. Сурагчид анги, хоолны газар, угаалгын өрөө гээд бүхий л зүйлсийн цэвэр цэмцгэр байдалд анхаарлаа хандуулах үүрэгтэй байдаг.
Япончууд үүнийгээ сурагчид анги танхим, сургуулийн орчноо хамтдаа цэвэрлэх нь багийн ажиллагаанд төлөвшүүлэх ач холбогдолтой гэж үздэг. Мөн үүгээр дамжуулан хүүхдүүд өөрийн болон бусдын хийж буй ажлыг хүндэтгэж үзэх хүмүүжилд суралцах давуу талтай.
3. Сурагчид ангидаа багштайгаа хамт хооллодог
Бусад орнуудад багш нь сурагчтайгаа хамт хооллож байвал энэ нь ёс зүйгээс хэтэрсэн зүйл гэж үзэх хандлага их байдаг ч Японд байдал эсрэгээрээ байдаг аж. Хамтдаа хооллох үедээ багш сурагчид үр өгөөжтэй яриа өрнүүлж, хоорондын холбоогоо илүү эерэг болгох сайн талтай байна.
Түүнчлэн Японы сургуулиуд сурагчиддаа эрүүл, тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх тухай зааж сургадаг. Иймээс ч бүх шатны сургуулийн хоолны газруудад мэргэжлийн тогооч ажиллахаас гадна эрүүл мэндийн мэргэжилтний бэлдсэн стандарт бүхий хоолны цэсээр үйлчилдэг ажээ.
4. Хичээлийнхээ дараа сурагчид нь дадлага хийдэг
Японд сурагчид хичээлийнхээ дараа дадлага ажил хийх нь түгээмэл байдаг. Ингэснээр сурагчид хичээлийн 6 цагаар олж авсан мэдлэгээсээ гадна өөр нэмэлт зүйлсийг сурч мэдэж, дараагийн шатны боловсролыг эзэмшихэд нь түлхэц болдог ажээ. Ийнхүү дэлхийн бусад орнуудад амралтын өдрүүд гэж хүлээж авдаг өдрүүдийг Японы сурагчид дадлага хийж, шинэ зүйл сурч мэдэхэд зарцуулдаг.
5. Заавал үзэх хичээлээс гадна сурагчид Япон уран бичлэг/каллиграф болон яруу найраг судладаг
Япончуудын Шодо хэмээн нэрлэдэг уран бичлэгийн техникийг сурагчид канжи үсэг буюу хятад ханзыг япон хэлд тохируулан хэрэглэх бичиглэлд тулгуурлан суралцдаг байна.
Түүнчлэн хайку буюу цөөн үгнээс бүтсэн, маш гүн гүнзгий утга агуулгатай яруу найргийн нэгэн төрлийг хүүхдэд зааж сургадаг байна. Хайку нь олон зуун жилийн түүхтэй, оюун ухаан, сэтгэл санаа, гоо зүйн нарийн авцалдааг гаргадаг уламжлалт утга зохиолын нэгэн төрөл юм.
6. Сурагчид бүгд ижил дүрэмт хувцас өмсдөг
Дүрэмт хувцас өмсөх нь сурагчдын амьдралын ялгаа, нийгмийн давхаргын тэгш бус байдлыг үгүй хийж, нэгэн баг болж хамтдаа ажиллах, сурах орчин нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой байдаг. Түүнчлэн нэгэн төрлийн хувцас өмсөх нь сурагчдын анхаарлыг сурах үйл явцад нь төвлөрүүлж, загварын чиг хандлага хөөхөөс сэргийлж байх үүрэгтэй.
Бонус: Японы сургуулиуд нэргүй өнгө ашигладаг
Сургуулиуд будаг дээр нэрийг бичиж, шууд өнгө заахаас илүүтэйгээр аливаа өнгө яаж үүсч, бий болдог тухай мэдлэг олгох замаар өнгө ялгуулж сургадаг байна. Тэд улаан, шар, хөх гурван өнгийн нийлбэрээс ямар өнгө гардаг тухай өнгөний тогтолцоог ийнхүү хөгжилтэй бөгөөд үр өгөөжтэй байдлаар хүүхдэд ойлгуулдаг ажээ.
Манай улсын хувьд боловсролын тогтолцоо ямар байна гэж та үздэг вэ? Манай оронд ямар боловсролын тогтолцоо хамгийн үр дүнтэй гэж та боддог вэ?
Bruhhh
2021/04/15 at 23:36
Mnai mngl ornd c de neeh oligtoi ym zhgu ireduid n hrggu ym zdg tgd bs danda dungiin tulu srn lol