Нохой яагаад эзнийхээ нүүр, хөлийг долоодог вэ? (болон нохойтой холбоотой өөр бусад 11 сонирхолтой баримт)

2

Нохой хайрлаж тэжээдэг хүмүүс тэдний зарим нэг үйлдлүүдийг хараад ихэд гайхдаг: нойрондоо сарвуу нь чичирнэ, толгойгоо хажуу тийш нь гилжийлгэнэ, усанд орсныхоо дараа гэрээр нэг давхина. Энэ бүх үйлдлүүд нь өөрийн гэсэн тайлбартай юм. Нохой өөрийнхөөрөө хүмүүстэй харилцаж хайраа илэрхийлдэг, заримдаа сэтгэл тавгүй байгаагаа ч хэлэхийг оролддог байна.

Амьтдын ертөнцийг ойлгохын тулд ихийг сонирхож судлах хэрэгтэй. Энэ удаагийн нийтлэлд бид хүн төрөлхтний хамгийн үнэнч анд нөхрийн тухай баримтуудыг танилцуулахаар бэлдлээ. Бид нохойны хэлийг хэрхэн зөв ойлгож сурах вэ?

1. Сүүлнийхээ араас хөөж эргэлдэх

Уг үйлдэл үндсэн гурван шалтгаанаар тайлбарлагдах бөгөөд тоолгүй орхиж огт болохгүй зүйл. Нэгдүгээрт, нохой уйдахаараа өөрийгөө ингэж зугаацуулдаг. Хоёрдугаарт, биеийг нь загатнуулж байгаа шимэгч хорхойтой болсон байж болзошгүй. Хамгийн сүүлд нь, хэрвээ нохой сүүлнийхээ араас хөөж эргэлдээд байвал, магадгүй сэтгэл санаа нь тавгүй байж болно. Өөрөөр хэлбэл эрх чөлөө нь хязгаарлагдсанаас болж стресстэх, мөн хагацалтай холбоотой сэтгэл гутрал, эсвэл өмнөх ямар нэгэн сэтгэлийн шархтай холбоотой байж болох ажээ.

 

2. Эзнийхээ нүүр, хөлийг долоох

Эзнээ хайрлаж байгаа хайраа илэрхийлэх хамгийн түгээмэл арга. Нохойны долоолт гэдгийг “нохойн үнсэлт” гэж ярьдгийг та мэдэх биз ээ. Хэрвээ нохой таны хөлийг долоож байгаа бол тэр таны арьсны үнэр, амтыг мэдрэхийг хүсэж байгаа юм. Таны биеийн байдлыг ч хөлийн үнэр, амтаар дамжуулан мэдэрдэг гэдэг. Заримдаа эзнийхээ анхаарлыг татахын тулд ч долоох тохиолдол бий.

 

3. Толгойгоо хажуу тийш нь гилжийлгэх

Магадгүй энэ хөдөлгөөн хамгийн өхөөрдмөөр нь байх. Нохой биднийг сайн ойлгохын тулд толгойгоо гилжийлгэдэг. Зарим нэг мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, амьтад толгойгоо гилжийлгэснээр бусад дуу авиа, үгийг илүү тодорхой сонсдог гэнэ. Харин зарим эрдэмтдийн батлан хэлж байгаагаар бол нохойны хоншоор биднийг бүтнээр харахад саад болдог гэсэн байна. Тиймээс тэд толгойгоо гилжийлгэн харах өнцгөө сайжруулж байгаа ажээ.

 

4. Бөмбөгөөр тоглох үнэхээр дуртай

Эзэнтэйгээ цагийг хамт өнгөрөөх, ялангуяа тоглох нь нохойны хувьд маш чухал. Энэ нь түүний хувьд зөвхөн зугаа цэнгэл биш, харин эзэндээ “бэлэг” бэлэглэх арга бөгөөд үүгээрээ эзнээ баярлуулж байгаа юм.

 

5. Тоглоомоо сэгсрэх

Нохой – чонын холын төрөл. Зэрлэг араатны төрөл тул тэдний үйл хөдлөл, ааш араншингийн генийг өвлөсөн л байж таарна. Тэд тоглоомоо өөрийн олз гэж ойлгодог, тийм учраас ангийн төрөлх зан нь хөдөлж хүчтэй сэгсэрдэг. Харин зарим нэг гэрийн тэжээвэр нохойны хувьд энэ нь тоглоом төдий болон үлджээ.

 

6. Хоншоороо маажих

Нохой урд хоёр хөлөөрөө хоншоороо мааждаг нь биед мэдрэгдэх тавгүй байдал эсвэл харшлаас үүдэлтэй загатнааг арилгах гэдэг. Хэрвээ урд хоёр хөлөөрөө нүдээ даран нууж байгаа бол эзэндээ үнэнч гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. Нохойны нийгмийн харилцаа нь дарангуйлах байдлаар явагддаг. Энэ нь ихэнхдээ харааны харилцаагаар явагддаг тул нүдээ дарж эзэндээ хүлцэнгүй байдлаа илэрхийлэх ажээ.

 

7. Усанд орсны дараа гэрээр нэг давхидаг

Нохой санамсаргүй хэт их хөдөлгөөний ачаалал (үүнийг англиар FRAPs гэнэ) авсан үед буюу усанд орж гарч ирсний дараа гэрээр гэрлийн хурдаар давхидаг. Усанд орох – ихэнх нохойны хувьд стресс болно, тийм учраас тэд өөрийгөө эрх чөлөөтэй гэдгээ мэдрэхийн тулд өрөө хооронд галзуу юм шиг л давхидаг байна. Энэ нь нохойны үсийг хурдан хатахад туслахаас гадна өөрийн төрөлх үнэрээ сэргээхэд нь тустай. Нохой шампунийн үнэрт тийм ч их дуртай биш гэдгийг нохой тэжээж байгаа хүмүүс мэдэж байхад илүүдэхгүй болов уу.

 

8. Унтахаасаа өмнө байрандаа эргэлдэх

Хүн төрөлхтөн нохойг олон зуун жилийн тэртээгээс гаршуулсан хэдий ч тэдний зэрлэг өвөг дээдсийн ааш араншингаас зарим нэг нь тэдэнд хадгалагдаж үлджээ. Унтахаасаа өмнө байрандаа эргэлддэг нь нөхцөл байдлыг үнэлж байгаатай холбоотой, ямар нэгэн аюул занал байгаа эсэхийг тэд шалгах ажээ. Мэдээж гэрийн тэжээвэр нохой үүнийг өөрийн мэдэлгүй л хийж байгаа юм. Нөгөө талаасаа унтах хэвтэр нь тав тухтай эсэхийг бас шалгадаг байж болзошгүй.

 

9. Эзнийхээ хөлөн дээр суух эсвэл эзэндээ наалдах

Зэрлэг байгальд омгийн гишүүд бүгд бие биедээ наалдан бөөгнөрч унтацгаадаг. Гэрийн тэжээвэр амьтан ч гэсэн эзнийгээ омгийн ахлагч гэж үзэх тул эзэндээ онцгой дотно бөгөөд хүндэтгэлтэй ханддаг. Үүнээс гадна тэд өөрийн газар нутгийг тамгалан тэмдэглэж байгаа юм, энэ хэсэг газрыг тэд хэнтэй ч хуваалцахыг үл хүснэ. Зарим нэг мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, хэрвээ нохой эзнийхээ хөлөн дээр хэвтээд эзнээ байрнаас нь хөдөлгөх санаагүй байвал анхаарал халамж хүсэж байгааг илтгэнэ гэжээ. Тэд танд эрхлэхийг л хүсчээ.

 

10. Нойрондоо татаж чичрэх

Нохой бат бөх нойртой бөгөөд хурдан нойрны үед амархан шилждэг, энэ үед элдэв төрлийн зүүд зүүдэлж чичрэх шинж тэмдэг илэрнэ. Энэ үед биеийн булчин, хоншоор чичрэх тохиолдол бий. Энэ үед амьтныг сэрээхгүй байхыг зөвлөж байна. Яагаад гэвэл орон зайн баримжаагаа алдаж нэг хэсэгтээ сэтгэл санааны хувьд тавгүй болж мэдэх юм. Та бидэнд яг л тийм зүйл тохиолддогтой та санал нийлэх биз ээ.

 

11. Сүүлээ яг л сэнс шиг эргүүлнэ

Сүүлээ хөдөлгөхийг олон талаас тайлбарлаж болно. Ихэнх тохиолдолд тоглоход бэлэн үедээ сүүлээ хурдан хөдөлгөдөг. Сүүлээ сэнс шиг эргүүлэх бас нэгэн шалтгаан – таныг ирсэнд тэр үнэхээр их баярлаж байгаагаа илэрхийлж байна. Энэ амьтад эзэндээ маш үнэнч. Нохойны наснаас үл шалтгаалан тэд эзнээ хараад ихэд баярлаж хөөрдөг учраас сүүлээ хөдөлгөдөг ажээ.

 

12. Гэдсийг нь маажихад хойд хөл нь тийчигнэдэг

Хамаг учир “маажих рефлекс”-т байгаа юм. Маажих үед мэдрэлийн цэгүүд идэвхжиж бусад эд эрxтэнд нөлөөлж чичрэлтээр илэрдэг. Олон нохойнуудыг харж байхад тэд гэдсээ маажуулах үнэхээр дуртай нь илт.

Таны нохойны ямар үйлдэл, ааш араншин таныг гайхшруулдаг вэ? Тэр юу илэрхийлэх гээд байгааг та ойлгодог уу? Бидэнтэй хайртай амьтныхаа гэрэл зургийг заавал хуваалцаарай.

82
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *