
Сайтууд дээр тийм кино гарах нь үзээрэй л гэж их тавигддагаас бус тэнд очиж үзээрэй гэж ер бичдэггүй. Хүмүүс кино үзэх өөр өөрийн сонирхолтой: зарим нэг нь торрентеээс татаж аваад гэртээ тухлах дуртай бол зарим нэг нь IMAX-ийн тусгай танхимд үзэх дуртай, харин зарим нь том кино танхимд үзэх дуртай байдаг.
Харин дэлхийн зарим хотуудад зөвхөн кино үзээд зогсохгүй алжаал тайлах газрууд байдаг байна. Тэдгээрээс та бүхэнд танилцуулъя.
Archipelago Cinema
Тайландын Куду арал дээр байрлах “Архипелаг кино” нэртэй кинотеатр тав тухаараа гайхагдана. Германы архитекторч Оле Шерен 2012 онд төлөвлөж усан дээрх задгай анхны кинотеатр бий болжээ. Тусгайлсан завин дээр суурилуулсан кресло эсвэл орон дээр тээвэрлэж усан дэлгэцтэй кино театрт хүргэнэ. Кино театрын дуу нь эргэн тойронд байгаа хадан чулуунууд дээр ойж дуулддаг байна.
Cinespia
2002 оноос эхлэн Лос-Анжелес хотод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Hollywood Forever Cemetery Холливудын оршуулгын газар байрласан кино театр юм. Зөвхөн найз нартайгаа кино үзэхгүй, эргэн тойрон кино одуудын сүнс эргэлдэх болно гэдгийг мартаж болохгүй. Кино үзэхдээ өөрийн дэр, хучлага зэргээ авчирч зөвхөн оройг бус шөнийг өнгөрөөж болох аж. Унтаж байхад тань хуучны од тантай найзлах ч юм билүү.
Electric Cinema
Лондонгийн эртний кино театр саяхан хүндхэн үеийг туулж өнгөрүүлээд байгаа. Анх 1910 онд нээгдэж үзэгчдийн тоо эрс буурсны улмаас 1993 онд үүдээ барих болжээ. Аз болоход 2001 онд шинээр өнгө төрхөө олсон кино театр дахин нээгдэж үзэгчдээр дүүрч кино театрын эзэд бизнесээ өргөжүүлэх хэмжээнд хүрчээ. Арьсан кресло, буйдан нь бусад кино театруудаас ялгагдах гол онцлог. Хуучны кино театрын хананд үлдсэн түүх үзэгчдийн анхаарлыг татдаг нь дамжиггүй.
Hot Tube Cinema
Лондон хотын энэ кино театрт нэг газраа суугаад кино үзнэ гэж байхгүй – усан массажны ваннууд нь нэгээс нөгөөд шилжинэ. Энэ кино теарт кино гэдэг бол зугаа цэнгэлийнх нь нэг хэсэг, жакузид хэвтэнгээ киногоо үзсэний дараа бүжиглэж болно, концерт үзэж болно, өөр ямар ч шоу болж болно. Нэг ваннд 5-6 хүн багтана, өөрийн гэсэн үйлчлэгчээрээ хоол ундаа зөөлгөж үйлчлүүлнэ. Жакузи-кинотеатр үзэгчдэд маш их таалагдсан тул Нью-Йорк, Ибиц зэрэг хотуудад нээгдээд байгаа юм.
Kennedy School Theater
Орост сургууль, цэцэрлэгийн байрыг банк, дэлгүүр, төрийн байгууллага болгодог бол Америкчууд хаягдаж эзэнгүй болсон сургуулийг тордож тухтай зочид буудал болгон авдаг бололтой. Энэ зочид буудлын алдартай булан бол сургуулийн тавилга, эртний тавилга, кресло зэрэг хотын өнцөг булан бүрээс цуглуулж бий болгосон кинотеатр юм. Нэг ёсондоо Америкийн тавилгын түүхийг эндээс олж харж болох юм.
Lumiere Hall
Москва хот ч мөн өөрийн гэсэн онцлог кинотеартай юм шүү. Уг кино театр нь поли-дэлгэцүүдээс бүрдэх бөгөөд тусгайлан 20 дэлгэц үзэгчийг тал бүрээс нь бүрхээд л авах шиг болно. Үзэгч хэд хэдэн рекреацийн хооронд шилжиж болохоос гадна өөрт тохирсон өнцгөөс киног үзэж боломжтой. Бас нэг сонирхолтой хэсэг бол үзэгч өөрөө кино архив ухаж өөрийн киног бүтээх боломжийг олгожээ.
O’Farrell Theatre
Сан-Франциско хотын захад байрлах энэ буйдхан кино театр бусад энэ төрлийн кино театруудыг бодвол хамгийн азтай нь. Хуучин авто засварын суурин дээр босгосон энэ театр хажуудаа стрип-клубтэй порно кино театр. Уг порно кино театраар Хантер Томпсон (үйлчилгээний газруудаар орж үнэлгээ өгч хэвлэл мэдээллээр нийтлүүлдэг сэтгүүлч) үйлчлүүлж нэрийг нь өндөрт гаргажээ.
Paragon Cineplex
Өнгөц харахад Тайландын нэгэн худалдааны төвийн дээд давхарт байгаа мультикомплекс шиг харагдах байх. Уг кино театрыг үзэгчид нь “гялалзах” хэмээдэг нь зүгээр ч нэг хэрэг биш. 16 танхим нь ультра дэлгэцтэй, моторт креслотой, үнэгүй ундаа, эрдэнэ шиш, зууштай, VIP өрөөнд бас үнэгүй хөлийн массажтай. Зарим танхим нь буйдан-ортой та дуртай байрлалд киногоо үзэж болно, муу кино байвал унтсан ч хамаагүй.
Pula Arena
Хорватын Пулед баригдсан эртний ромын үеийн зургаан том амфитеатрын нэг. Өдий үе хүртэл хадгалагдаж үлдсэнээс гадна барьсан зориулалтаар нь хойч үе нь ашигласаар байна. Барилга байгууламжийн нас 2 мянга хол давсан хэдий ч өнөөдрийг хүртэл концерт, лекц, спортын тэмцээн хүртэл олныг хамруулсан шоу зохион байгуулсаар л. Кино танхим болгохоо ч мартсангүй, сүүлийн жилүүдэд Хорватын кино наадмын гол танхим болж байгаа юм.
Sala Montjuic
Соёл урлагийн олон арга хэмжээгээрээ алдартай Барселона Sala Montjuic наадмаар олны сонирхолыг татаж байна. Сүүлийн үеийн кино гаргадаг энэхүү кино театр нь хуучны цэргийн ордон цамхаг юм. Байгууламжийн хана маш өндөр. Урт олсон гүүрээр явсны эцэст үзэгчид ордон цамхагийн ханан дээр гарах киногоо шимтэн үзнэ.
Sol Cinema
Өмнөд Ульсэд байрлах энэ кино театр өөрийгөө дэлхийн хамгийн жижиг хэмээн зарласан. Богино хэмжээний кино гаргадаг нүүдлийн кино театрт 6 том хүн, 10 хүүхэд багтана. Кино театрын бүх л зүйл бий, тасалбар түгээх касс, эрдэнэ шиш зарах булан, жижиг улаан хивс. Хамгийн сонирхолтой нь түүний нэрэнд байгаа юм – нарны гэрлээр бүх үйл ажиллагаагаа явуулах тул хүмүүс киногоо үзээд байгальд ээлтэй байсандаа сэтгэл хангалуун гэртээ харина.
Sun Pictures Cinema
1916 онд анх нээгдсэн Австралийн кино театр удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Задгай газрын хамгийн удаан ажилласан театрт зүй ёсоор тооцогдох бөгөөд модоор барьж төмрөөр бүрсэн кино театрын үзэгчдийн суудлын оронд наран шарлагын газрын дэвсгэр дэвссэн байх ажээ.







