Лос Анжелес дахь Калифорний их сургуульд явуулсан шинэхэн судалгаагаар бясалгалаар хичээллэх нь тархины хамгийн чухал эд болох мэдрэлийн эсээр баялаг саарал эдийг хамгаалдаг гэдгийг тогтоожээ. XX зууны дунд үед тархи хөгширч байгаагийн шинж тэмдэг хэмжээ болон жингийн хувьд багасч байгаагаар илэрдэг болохыг тогтоосон. Урьдны судалгаануудаар бясалгал хийдэг хүмүүсийн тархины цагаан эд дэх хөгшрөлттэй холбоотой доройтол бага байдгийг тогтоож байсан.
Наслалт болон тархины саарал эдийн хоорондох хамаарлыг судлахын тулд бясалгал хийдэг 50 хүн, бясалгал огт хийдэггүй 50 хүнийг судалгаанд хамруулжээ. 24-77 насны хүмүүсээс бүрдсэн бүлэг тус бүрд 28 эрэгтэй, 22 эмэгтэй багтсан байв. Бясалгагчдын бүлгийнхний дунд дунджаар 20 жилийн бясалгалын туршлагатай хүмүүс байснаас хамгийн олон жилийн туршлагатай нь 46 жилийн турш бясалгалаар хичээллэсэн хүн байжээ.
Судалгааны багийнхан оролцогчдын тархийг өндөр нарийвчлалтай соронзон резонансын зураглалын технологи ашиглан шинжилсэн ба наслалтын тоо нэмэгдэх хэрээр саарал эдийн хэмжээ багассан байгааг тогтоосон ч бясалгал хийдэг хүмүүсийн хувьд энэ нь бага байгааг олж илрүүлжээ.
Тус сургуулиас 2012 онд явуулсан судалгаагаар удаан хугацаагаар бясалгагчдын тархины нугалаа үрчлээ нэмэгдсэн байдгийг тогтоосон ба судлаачдын өгүүлснээр энэ нь мэдээллийг илүү хурдан боловсруулах боломжийг олгодог гэнэ.