Загварын тайзан дээр шуугиан тарьж, уг салбар зөвхөн залуучуудад зориулагдаагүй гэдгийг баталсан 86 настай Хятад өвгөний түүх

0

Ван Дэшунийг Хятадын хамгийн халуухан өвөө гэх болжээ. Учир нь тэрээр 2015 онд Бээжинд зохион байгуулагдсан Хятадын загварын долоо хоногоор өөрийн өөгүй тэгш бие галбираа гайхуулсан юм. Хамгийн хачирхалтай нь, 86 настай өвгөн гаргасан амжилтаараа хязгаарлагдахгүй, цааш явахаар шийджээ.

Трамвайн кондуктороос загварын тайз хүртэл

© Imaginechina Limited / Alamy Stock Photo

Ван Дэшун 1936 онд төрсөн. Түүний аав тогооч, ээж нь гэрийн эзэгтэй байсан бөгөөд 9 хүүхдийн нэг нь байв. 14 настайгаасаа трамвайн кондуктор хийх болжээ. Залуудаа жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй байсан ба ажлынхаа хажуугаар жүжигчний урлаг, хөдөлгөөний эвсэлтэй болохоор үнэгүй хичээлд суух болсон гэдэг.

1980-аад оны эхээр Ван Хятадын зүүн хойд хэсэгт байрлах Чанчунь хотын загварын үзүүлбэрт анх удаа оролцож үзжээ. Үүнээс өмнө хотын томоохон их дэлгүүрт орж ирээд: “Надад хамгийн гоё хувцсыг өгөөдөх, би шоу зохион байгуулъя” гэсэн гэдэг. Ванын одоо дурсан ярьж байгаагаар бол тухайн үед хятадуудад загварын ямар ч мэдрэмж байсангүй, тэд зөвхөн хар, цагаан, саарал бас хөx өнгийн хувцас л өмсдөг байв. Дэшун: “Би жирийн хүмүүсийн загварын төсөөллийг эвдэхийг хүссэн юм. Бид ярилцаад усны хувцасны шоу зохион байгуулахаар болсон л доо. Загвар өмсөгчид эхлээд зохимжгүй гэж татгалзаж байснаа дараа нь зөвшөөрсөн юм” гэж залуу үеэ дурсан ярьсан байна.

 

Театрын жүжигчин бас сонсголгүй хүүхдүүдийн сургуулийн сайн дурын ажилтан

© Liberum13 Creative Lab / YouTube

Ван Дэшун 20 жилийн турш театрын амжилттай жүжигчин явжээ. 40 настайдаа тайзан дээр ухаан алдаж унасан ба дараа нь хэд хэдэн удаа ийм зүйл тохиолдов. Тэрээр бүтээж байгаа дүрийнхээ сэтгэл хөдлөлийг хэтэрхий их гүн хүлээж авдаг байсан болохоор ийм байдалд хүрсэн байна. Эмч нар түүнд мэдрэлийн ядаргаа гэх оношийг тавьж цаашид жүжигчний мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллавал эрүүл мэндэд муу үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулжээ. Тэр театрын ажлаа орхиод сонсголгүй хүүхдүүдийн сургуульд сайн дурын ажил хийж болсон байна. Ван дохионы хэлд суралцаж хүүхдүүдэд сонирхолтой түүх ярьж өгдөг байжээ.

 

Пантомим урлаг болон өөрийн бие галбирыг “төгөлдөржүүлсэн” нь

© TEDx Talks TEDx Talks / YouTube

Хэсэг хугацааны дараа пантомимын урлагт хүч сорих болсноо зарлав. Ваны авьяас чадлыг олон хүн өндрөөр үнэлэх болсон тул түүнийг Хятадын олон хотуудад урилгаар тоглуулах болжээ. 50 настайдаа Роденийн баримлын үзэсгэлэнд оролцох завшаан тохиов. Дэшунь түүнийг бүтээлийг бахдан үзээд ойлгосон нэг чухал зүйл: түүний бие хаа Роденийн баримал шиг өөгүй төгс харагдахгүй байгааг ухаарчээ. “Энэ бол гэнэт л толгойнд орж ирсэн бодол” гэж Ван дурсан ярьсан байна.

Тэр бэлтгэл хийх болж, тэшүүрээр гулгаж эхлэв бас усанд сэлж сурчээ. Ингээд 1993 онд Бээжинд анхны амьд баримлын шоунд оролцсон юм. Ванын шоуг хэтэрхий эмзэг гэж үзсэн тул олон нийтэд үзүүлбэр үзүүлэхийг нь хориглосон ч тэрээр хувийн арга хэмжээнүүдэд урилгаар үзүүлбэрээ үзүүлсээр байв.

 

Ван Дэшун – амжилттай кино жүжигчин

© The Forbidden Kingdom / Relativity Media and co-producers, © Wan mei you duo mei / Beijing Shen Brothers Film & TV Culture Media and co-producers

2003 онд тэр кинонд тоглож эхэлжээ. Түүний тоглосон анхны кино “Warriors of Heaven and Earth”. Ван Дэшунийн тоглосон хамгийн алдартай бүтээлүүдээс дурдвал: “The Forbidden Kingdom” (2008), “What Women Want” (2011) болон “Dong” (2015). Удалгүй цуврал кинонд тоглох болсон юм. Гэхдээ 2015 онд түүний амьдралын чухал бөгөөд сонирхолтой хэсэх эхлэх нь тэр.

 

Санамсаргүй тохиолдол бүхнийг шийдэж 79 настай Дэшун өвөө загварын тайзыг эзэгнэв

© Imaginechina Limited / Alamy Stock Photo

Хятадын дизайнер Ху Шегуан зохион байгуулахаар төлөвлөж байсан өөрийн шоуны QQ үзэл баримтлалын талаар дижей бүсгүйтэй ярилцаж байж л дээ. Энэ үеэр бүсгүйн гар туас дуугарахад түүний аав Дэшуний гэрэл зураг утасны дэлгэц дээр гарч ирсэн байна. Бүсгүйг аавтайгаа утсаар ярьж дууссаны дараа Ху Шегуан өөрийн шоуг хэн нээхийг мэдэж байна гэж хэлсэн гэдэг. Дизайнерын сонголт ч зөв байжээ – хипстер маягийн сахалтай, урт буурал үстэй 79 настай булчинлаг өвгөн тайзан дээр ердөө 30-хан секунд алхсан ч жинхэнэ шуугиан тарьсан юм. Тэрээр амьдралынхаа 60 жилийг энэ л өдөрт зориулсан гэмээр, өвгөн ч өөрөө тэгж хэлсэн байдаг.

 

Амьдралын ухаан бас зөвхөн урагш тэмүүлэх хүсэл эрмэлзэл

East News

Тус үзүүлбэрийн дараа Ванаас зогсоо зайгүй сурвалжлага авахыг хүссэн сэтгүүлчид бүчих болсон ба түүнээс амьдралын талаарх үзэл бодол, мөн залуу төрхөө өдий болтол яаж хадгалж чадсан тухай мэдэхийг хүсэх болжээ. Түүний өгөх хариулт: “Өөрийгөө хөгширсөн үү, үгүй юу гэдгийг ойлгох нэг арга бий –  ямар нэгэн шинэ зүйл эхлүүлж зүрхлэх үү гэж өөрөөсөө асуух. Байгаль эх насыг тодорхойлдог, гэхдээ та өөрөө сэтгэлийн насыг тодорхойлно”. Мөн тэрээр үргэлжлүүлэн: “Надад ямар ч төлөвлөгөө байдаггүй. Миний санаанд орж ирсэн болгоныг л би хийж ирсэн, би зөвхөн урагшаа л алхахыг хүсдэг” гэжээ.

© Chong fan 20 sui / CJ Entertainment and co-producers

Ван Дэшун аливаа нэг шинэ зүйлд байнга нээлттэй явж иржээ, тэр насаар өөрийгөө халхалсангүй. Өөрөөр хэлбэл, 44 настайдаа англи хэл үзсэн, 65 настайдаа морь унаж сурсан, 75 настайдаа мотоциклоор салхи татуулан давхиж сурчээ. Түүний хэлснээр: “Өвгөн хүн байж яаж ийм гоё биетэй байж чаддаг юм бэ гэж хүмүүс их гайхдаг. Энүүхэндээ гэхэд би 30 жилийн турш ганц ч удаа бэлтгэлээ алгасаж байгаагүй юм шүү” гэжээ. Өөрөөр хэлбэл тэр өдөр болгон 3 цагийг бэлтгэлийн танхимд өнгөрөөж байсан байна.

© Al Jazeera English / YouTube

Загвар өмсөгч өвөө өөрийгөө хоол хүнсээр сойдоггүй гэнэ: “Би хоолны тусгай хөтөлбөр гаргадаггүй, хүссэнээ л иддэг”. Ван Дэшун өдгөө 86 настай. Аз жаргалтай гэр бүлийн амьдралаар амьдарч байна. Эхнэртэй, хоёр хүүхдийн эцэг, ганц ач охинтой. Сэтгэлдээ удаан тээсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд 2021 онд тэрээр нисгэгчийн гэрчилгээ авчээ. Одоо түүнд бас нэг мөрөөдөл бий – шүхрээр үсрэх. Түүний хэлж байгаагаар бол хүн өөрийнхөө амьдралыг хэдэн ч удаа өөрчилж болно, хүссэнээрээ өөрчлөх боломжтой, хамгийн гол нь – өөртөө зорилго тавь.

Ван Дэшун – өөрөөрөө байх тухай буруу ойлголтыг эвдэж чадсан цөөн хүмүүсийн нэг юм.

6
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *