
Шивээсэнд дурлагч гэдгээрээ алдартай Лидиа Рейес нэгэн цагт дэлхийн хамгийн олон шивээстэй эмэгтэй болох шахсан ч 2017 оноос хуучин шивээснүүдээ эхнээс нь арилгаж эхэлжээ.
Шивээс бүрт дурсамж хадгалагддаг

Испанийн Барселона хотод мэндэлсэн Лидиа Рейес өөрийн биеийг урлагийн бүтээл болгож, 270 гаруй шивээс шивүүлсэн нэгэн. Тэрээр Мариа Хосе Кристернагийн эзэмшдэг биеийнхээ 96 хувийг бүхэлд нь шивээсээр дүүргэсэн амжилтыг эвдэхээр зорьж байжээ.
Анх 15 жилийн өмнөөс шивээс хийлгэж эхэлсэн тэрээр энэ урлагт донтсoн гэхэд хилсдэхгүй. Улмаар тэрээр 7 хоногт 2-3 удаа тогтмол шивээс хийлгэх болсон гэдэг. Хэдийгээр шивээсчин ийм богино хугацаанд их шивээс хийлгэх нь хортой хэмээн анхааруулж байсан ч тэрбээр үл тоон хийлгэсээр байсан аж.

Бага насандаа үеийнхэндээ гадуурхагдаж, бүдүүн хэмээн цоллогдож явсан хожим түүнийг өөртөө өөрчлөлт гаргаж, хөдөлмөрлөх хүчийг хайрласан хэмээн тэрээр үздэг. Тэрээр амьдралдаа тохиосон сэтгэлд тодхон дурсамж бүхнээ шивээс болгон бие дээрээ шивүүлдэг байсны дотор ээжийнхээ болон найзынхаа дурсгалд зориулсан шивээс зэрэг багтдаг аж.

Өөрийн хувьд гоо үзэсгэлэн гэж үздэг тэр зүйл рүүгээ тэмүүлсээр буй тэрээр сүүлийн үед хэлээ хоёр хувааж, могойны хэл мэт болгож, нүднийхээ цагаан хэсгийг ягаан болгон өөрчлүүлжээ. Түүнчлэн чихээ эльфийн чих мэт хэлбэртэй болгохоор ч төлөвлөж байгаа гэжээ.

Түүний өвөрмөц гадаад төрх мэдээж бусдын анхаарлыг ихээр татдаг. Иймээс ч түүнийг олон телевизийн шоу хөтөлбөрүүд урьж зочноор оруулдаг бөгөөд үүнийгээ дагаад түүнийг цахим сүлжээнд дагагчдын тоо ч эрс нэмэгджээ.
Удаан хугацааны туршид тэрээр хүмүүсээс сөрөг сэтгэгдэл авч, таагүй хандлагыг мэдэрч явсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр бүгдэд дасаж, бусдад “Бусад хүмүүсийг тоох хэрэггүй, тэдний хэлж буй үг, хийж буй үйлдэл чамд нөлөө үзүүлэхгүй” хэмээн уриалах болжээ.

Харин түүний гэр бүлийнхэн түүний өөрийн сонголтуудыг хүлээн зөвшөөрч, дэмждэг аж. Мөн түүний том охин 13 насандаа анхны шивээсээ хийлгэхээр зориг шулуудаж байсан гэдэг.

2017 онд тэрээр нүүрэн дээрх шивээснүүдээ арилгуулахаар шийдэж, өөрийн жинхэнэ төрхийг ахин харахыг хүссэн гэдэг. Хэдийгээр нүүрэн дээрх шивээсээ арилгасан ч тэрээр шивээс сонирхохоо болиогүй ажээ.

Тэрээр нүүрэн дээрээ хийлгэж байсан хамгийн анхны шивээс болох “Барби” гэх үгийг арилгуулаагүй бөгөөд 2017 оноос хойш Барселона хотын ойролцоох Сан Бой гэх дагуул дүүрэгт 15 хоног тутамд нэг удаагийн шивээс арилгах лазер засалд орж байгаа аж.

Тэрээр шивээсээ хэрхэн арилгаж байгаа талаарх зургаа одоо ч Инстаграм хуудсаараа дамжуулан дагагчиддаа хуваалцдаг бөгөөд тун удахгүй илүү загварлаг шивээсийг нүүрэн дээрээ хийлгэнэ гэж бодож байгаа хэмээжээ. Түүнчлэн биеийнхээ 99 хувийг шивээсээр гоёж, дэлхийн хамгийн их шивээстэй эмэгтэй болохоор төлөвлөсөн хэвээр байгаа гэжээ.







