
Залуу вундеркиндүүдээс хэн нь ч ажил мэргэжлээрээ дэлхийн хэмжээний алдартай болж чадаагүй төдийгүй гэр бүлтэй болсон нь ч цөөхөн гэдгийг та мэдэх үү? Чадвартай байх мөн од болох – хоёр өөр зүйл. Хүүхэд өөрөө од болохыг хүсэхгүй бол бүр ч хэцүү, даанч тэд гэнэн цагаан сэтгэлээрээ томчуудад итгэдэг нь харамсалтай. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө сохорсон эцэг эхчүүд хүүхдийнхээ хувь тавиланг сүйтгэсэн түүх нэг бишээр яригдана. Та бүхэндээ бодит түүхүүдээс танилцуулахаар бэлдлээ.
Ева Ионеску – эpотик гэрэл зургийн модел

Хүүхэд байхын л, бүр өсвөр насных ч биш шүү, 11 настай Ева ээжийнхээ үгэнд орж “Playboy” сэтгүүлд нvцгэн зургаа авхуулдаг байжээ. Тодруулж хэлбэл, гэрэл зурагчин ээж нь өөрөө охиныхоо гэрэл зургийг дардаг буюу охиныхоо хөдөлмөрийг “шулдаг” байсан гэж хэлэхэд буруудахгүй. Эpотик өнгө аястай гэрэл зургууд олны анхаарлыг татаж эхэлжээ. Засаг төр нэг юм ухаан орж – энэ чинь одоо юу болоод байна гээд зохих ёсны арга хэмжээг авсан байна. Гэрэл зурагчин эмэгтэйн ээж байх эрхийг хассан бол Ева ээжийгээ өөрт нь яаж хандаж байсныг ойлгосны дараа сэтгэл санаагаар унаж, сэтгэл гутралд оржээ. Тэр хэвийн байдалдаа орох гэж их удсан гэжээ. Арга ч үгүй байх аа.

Бубу охин буюу Алана Томпсон

Булцгар, өхөөрдмөөр охин хөөрхөн охидын тэмцээний шүүгчдийн зүрх сэтгэлийг амархан эзэмдэж чаддаг байжээ. Тэмцээнд оролцдог байсан охин өөрийн нэрээр шоу хийдэг болтлоо өсөж дэвжсэн юм. Тэр үед ээж нь охиндоо хүчээр энергийн ундаа уулгадаг байсныг, мөн өдөрт гурван удаа хагартал нь хоол идэхийг шаарддаг байсныг хэн ч гадарлаагүй нь харамсалтай. Охин энэ бүхнийг тоглоом гэж бодох зуур ээж нь охиноороо мөнгө хийсээр л байж. “Булцгар” Бубу жингийн илүүдэлтэй өсвөр насны охин болох тэр үед бүх зүйл дууссан юм. Гэр бүл нь тарж бутарч, Алана ч юу ч хийж чадахгүй, хэнд ч хэрэггүй нэгэн болж хоцорчээ.

Бяцхан Геркулес – Ричард Сандрак

Эцэг нь хүүгээ дэлхийн хүчтэн болгохыг хүсдэг байсан ба яаж бэлдэхээ ч сайн мэддэг нэгэн байв. Ричард 2 настайдаа аавынхаа зааврыг баяр хөөртэй нь аргагүй дагадаг, бэлтгэлээ ч дуртай нь аргагүй хийдэг байв. 8 настай болсны дараа алдар нэр нь цуурайтаж эхэлсэн юм – булчинлаг хүү үнэхээр хүнд-атлетчин гэж хэлж болохоор. Аавын шахалт хэрээс хэтэрч гэр бүлийн xүчирхийлэл үйлдсэн хэргээр шоpонд суужээ. Залуу Ричард зөрүүд, xүчирхийлэгч аавынхаа “ачаар” бага нас гэх зүйлийг мэдрэлгүй өнгөрөөснөө ухаарч спортыг үүрд орхисон юм.

Ижил хүйстэн Бьерн Андерсен

Эмээ нь бяцхан хүүдээ алдартай жүжигчин болох боломж байхад төгөлдөр хуураа орхи гэж хэлжээ. Хүү найруулагч Лукино Висконти дээр очиход “Morte A Venezia” кинондоо ижил хүйстэн залуугийн дүр өгсөн байна. Зүгээр ч нэг өгөөгүй, бүр хүүг өөрчилж хувиргасан гэж хэлж болохоор. Өөрөөр хэлбэл хүүгийн бэлгийн чиг баримжааг өөрчлөх дөхсөн байна. Бьерн залуу насаа өөрөө өөртэйгээ бас хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй тэмцэж өнгөрөөсөн ба том болсон хойноо л тэнцвэртэй байдлаа олж чаджээ. Тэр алдсан он жилүүддээ ихэд харамсдаг юм.

Жүжигчин Линдси Лохан

Охиныг гурван настай байхаас л жүжигчин болгож хөдөлмөрийг нь өөрийн зөвшөөрөлгүй ашиглаж эхэлсэн гэдэг. Азаар, байгалиас заяасан авьяастай юм даа. Жишээ нь, “The Parent Trap” уран сайхны киноны гол дүр. Өсвөр насан дээрээ ирээд “Mean Girls”-д тоглосны дараа уруудаж эхэлсэн дээ. Жүжигчний хувьд алдаршсан ч хувь хүний хувьд төлөвшиж бүрэн чадаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зураг авалтын талбай дээр мөр зэрэгцэн ажиллах бусад хүмүүс түүнийг элдэв зүйлтэй хутгаж үнэн, худал нь мэдэгдэхгүй хов ярьцгаах болжээ. Сoгтууруулах ундаа, хар тaмхи – энэ бүх хэцүү байдлаас гарах цорын ганц гарц нь болж байв.

Дэмий томорсон Макколей Калкин

“Home Alone” кинонд тоглосныхоо дараа од болсон бяцхан хүү Макколейгийн олсон мөнгөний араас ан эхэлсэн гэдэг. Хүүхэд мөнгө олж чадаж байгаа ч захиран зарцуулах эрхгүй – эцэг эх нь жүжигчин хүүгийнхээ үнэ хөлсийг нэмнэ, дараа нь олсон орлогоо булаацалдаж маргалдана. Хүү эцэг, эхийнхээ дэмжлэгийг авч алдар хүндийнхээ аз жаргалыг мэдрэхийн оронд бөөн асуудалтай тулгарч байлаа. Насанд хүрсний дараа бүх мөнгөө хар тaмхи зэрэг хортой зүйлд зарцуулжээ. Амиа xорлохыг ч завдсан гэхээр аймшигтай. Хамгийн харамсмаар нь, түүнийг огт мартаагүй, харин ч аз жаргалгүй өнгөрсөн бага насны тод жишээ болгон байнга ярьдаг болжээ. Авьяас чадалтай хүүхдийн амьдрал хэрхэн бүтэлгүйтсэнийг илтгэх тод жишээ.








