Эмэгтэй хүн хүүхдээ хөxөөр хооллох үед эх үрийн хооронд нандин холбоо үүсч, хүүхдэд аюулгүй орчинд байгаа мэдрэмжийг төрүүлдэг ажээ. Иймээс ч олон эхчүүдийн хувьд угжаар хүүхдээ хооллохоос эмээх, хэрэв хөxөөр хооллохгүй бол эх, үрийн нандин холбоо үүсэхгүй байх болов уу гэсэн айдастай байдаг билээ. Манай сайт уншигч танд хүүхдэд яг л хөxөөр хооллож байгаа мэт мэдрэмж төрүүлэх 9 зөвлөгөөг хүргэж байна.
1. Амар тайван, ая тухтай байдалд орох
Хүүхэд хооллох цаг болох үед эх, үр аль аль нь өөрт таатай байрлалд орох шаардлагатай байдаг билээ. Иймээс хүүхдийг угжаар хооллохдоо ч хүүхдийн анхаарал сарнихгүй, тухтай газарт суух нь зүйтэй.
2. Хүүхдэдээ л анхаарлаа хандуулах
Орчин цагт цахим сүлжээ хөгжиж, оршин байгаа газар орондоо анхаарал хандуулахгүй байх явдал улам бүр олширсоор байгаа билээ. Ялангуяа хүүхдээ хооллож байгаа үед хүүхдэдээ анхаарал хандуулж байхыг зөвлөдөг аж. Эмч Terry Bretscher-ийн үзэж буйгаар хүүхдээ хооллож байх үедээ өөр зүйлд сатаарч, анхаарал сарниулах нь эх, хүүхэд хоёрын хооронд нандин харилцааг үгүй хийдэг гэдгийг анхааруулсан байдаг. Иймээс хүүхдээ угжаар хооллож байхдаа ч үрдээ анхаарал халамжаа тавьж, бусад зүйлд сатаарахгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй.
3. Хүүхэд рүүгээ эгц ширтэж, нүдээрээ ярилцах
Эмч Dana Erhard-Weiss-ийн мэдээллэж буйгаар бяцхан үр эцэг эхтэйгээ харц тулгарах үед сэтгэл зүйн хувьд эерэг мэдрэмж төрж, дотно холбоо үүсдэг хэмээжээ. Хөxөөр болон угжаар бяцхан үрээ хооллох үедээ ч нүдээрээ ярилцаж, харц тулгарч байх шаардлагатай.
Хамгийн сонирхолтой нь дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийн хараа нь ердөө 20 см зайд харах чадамжтай байдаг тул энэ зайд хүртэл ойртож хүүхэд рүүгээ харж байхыг зөвлөж байна.
4. Хүүхэдтэйгээ хүрэлцэж байх
Хөxөөр хооллодог хүүхдийн хувьд эхтэйгээ цаг ямагт хүрэлцэж байдаг нь мэдээж. Ийнхүү хүрэлцэх нь окситоксин хэмээх дааврыг нэмэгдүүлж, эх үр хоёрын хоорондын харилцааг нандин болгож байдаг ажээ. Иймээс угжаар хооллож байх үедээ хүүхэдтэйгээ хүрэлцэж, гараараа бяцхан үрээ илж, зөөлөн үнсэж байхыг зөвлөх байна.
5. Үртэйгээ ярилцах
Нярай хүүхдүүд эцэг эхийгээ харах гэхээсээ илүү дуу хоолойгоор нь маш сайн ялгаж таньдаг ажээ. Харин угж хөxүүлж байх үедээ бяцхан үртэйгээ ярилцаж байх нь эх, үр хоёрын хооронд онцгой холбоо үүсэхэд тусалдаг гэж үздэг байна. Түүнчлэн дан ганц ярих ч бус бяцхан үрдээ дуу дуулж өгөх зэргээр харилцаа үүсгэх боломжтой бөгөөд тогтмол хүүхэдтэйгээ ярьж байх нь түүний үг хэлийг эгц, зөв болгоход нөлөөлдөг гэжээ.
6. Сүрчиг хэрэглэхээс зaйлсхийх
Нярай хүүхэд аливаа үнэрт тун мэдрэмтгий байдаг ба эхийнхээ үнэрийг тун сайн ялгадаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Иймээс бяцхан үр тань ээжтэйгээ хамтдаа байгаа мэдрэмжийг илүү ихээр мэдрүүлэх үүднээс сүрчиг хэрэглэхгүй байхыг танд зөвлөж байна.
7. Хүүхэд угжих байрлалаа өөрчлөх
Хүүхдээ угжаар хооллож байх үедээ тэвэрч буй байрлалаа сольж байх нь хүүхдийг байгаа орчноо өөр өнцгөөс харж, таниж мэдэх явцыг хурдасгадаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хүүхэд тэвэрч буй гараа сольж байх нь гарын булчинд хэт ачаалал үүсэх эрсдлийг бууруулдаг.
8. Хүүхдийг угжтай нь үлдээж болохгүй
Хүүхдийг угжтай нь орхилоо гээд муу зүйл болохгүй мэт санагдаж болох ч тодорхой хэмжээний эрсдлийг дагуулж байдгаас гадна хүүхэдтэйгээ өнгөрүүлэх үнэтэй хором мөчөө та өөрөө үгүй хийж байгаатай агаар нэг ажээ.
9. Хүүхдээ хооллож дууссаны дараа ч хүүхэдтэйгээ аль болох цагийг их өнгөрүүлэх
Хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь хүүхдийн өсөлт хөгжилд чухал нөлөө үзүүлж байдаг. Антропологич María José Garrido Mayo-ын үзэж буйгаар хүүхэдтэйгээ цагийг аль болох их өнгөрүүлснээр илүү нандин холбоог үүсгэж болдог ажээ. Ингэхдээ хүүхэдтэйгээ тоглох, тэврэх, үнсэх гэх мэт юуг ч хийх боломжтой гэдгээрээ танд давуу талтай.
Дээрх зөвлөгөөнүүдийг та амьдралдаа дагаж мөрддөг үү? Таны хувьд хүүхдээ хөxөөр хооллож байсан уу эсвэл угжаар хооллож байсан уу?